Манжийн хааны зуслан ордонд зугаацсан тэмдэглэл

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

Манжийн хааны зуслан ордонд зугаацсан тэмдэглэл

Өнгөрсөн долоо хоногт миний бие “Манжийн хааны зуны ордонд зочсон тэмдэглэл” хэмээх аян замын тэмдэглэлээ тус сайтад гаргасан билээ. Энэ материал уншигчдын сонирхлыг нэлээн татсанд баяртай байнам. Надад ийм судалгааны материал цөөнгүй бий ч, урьд өмнө ингэж цахим хуудсанд төдийлөн гаргаж байсангүй. Энэ удаа надад их урам өгч цаашид тогтмол гаргаж байхыг зорьж байна. Харин уг тэмдэглэлд зураг байгаагүйд уншигчид тунч шүүмжлэлтэй хандсан учраас хэдэн зураг оруулан толилуулж байна.

Энэ бол Чэндэ хотын баруун дүүрэгт орших бяцхан уул юм. Уулын оройгоор Цагаан хэрэмийг дуурайлган арай багашиг хэрэм барьж байгуулсан байх агаад манжийн хаад зун, намрын хэдэн сард энд зусч намаржиж ахудаан байн байн ирж зугаацдаг байжээ. Тийн яг л их нийслэл Бээжинд байгаа юм шиг, Бээжингийн хойгуур хөндөлсөн өнгөрдөг Түмэн газрын Цагаан хэрэмд хүрэлцэн ирж умрыг бараалан, умар зүгийн их тал нутгийн сэрүүн салхиар амьсгалах шиг мэдрэмж эдэлдэг байсан гэдэг. Германы нийслэл Берлин хотын дэргэдэх Потсдам хотод Санс-Суси хэмээх хаадын орд шилтгээн өнөө ч сүндэрлэн агаад түүнээс холгүй эртний Герег, Ромын уран барилгыг дуурайлган босгосон орд харш байдаг. Хаад дээдэс ордны талбайгаас түүнийг тольдон эгээ л эртний сонгодог цаг үед эргэн очсон мэт сэтгэгдэл төрдөг байжээ. Хаа газрын дээдсийн зугаа цэнгэл агаар нэгэн байж дээ.

Чэндэ бол Хятадын Хөбэй муж, Өвөр Монголын Өөртөө Засах орны нутгийн заагт оршдог. Зуны цагт сэрүүн сайхан хангай төдийгүй манжийн хааны ангийн отгийн нутаг байсан төдийгүй ер нь бүр 13 дугаар зууны үеэс лавтайяа Юань гүрний монгол хаад, дээдсийн ав хомрогын нутаг байжээ. Манжийн Энх-Амгалан хааны үед буюу 1703 онд энд зуны зуслан орд байгуулж эхлээд 89 жилийн дараа буюу 1792 онд дуусгажээ. Энд харагдаж буй байгалийн өвөрмөц тогтоцтой хадыг “Эрхий хад” хэмээдэг.

“Чэндэгийн үзэсгэлэнт газруудыг үзсэн хүн 99 насална, Эрхий хуруу хадыг олж харсан хүн 130 насална” гэсэн хэлц үг байдаг.

Манжийн хааны зуны зуслан Чэндэгийн эргэн тойронд Вайбамяо буюу “Найман их сүм” хэмээх эртний их сүм хийдийн найман цогцолбор оршдог нь өнөөдөр тус хотын аялал жуулчлалын үзэмжит газруудын тоонд зүй ёсоор тооцогддог. Түүний нэг нь энд харагдаж байна. Энэ бол Пунинсы буюу монголоор Хотол амгалант сүм ажгуу. Энд дэлхий дээрх хамгийн том цагаан зандан мянган мутарт, мянган мэлмийт Бодисад бурхан залаастай агаад жин нь 110 тонн, өндөр нь 28 метр ажээ. Сүм хийгээд зандан бурхныг Баруун Монголын бослого, тэмцлийг дарсны их ялалтыг тэмдэглэж, мөнхжүүлэх зорилгоор байгуулсан гэдэг. Тухайлбал Зүүнгарын хаант улсын Даваач хааныг 1755 онд, Ойрадын ван Амарсанааг 1756 онд, Хотгойдын ван Чингүнжавыг 1757 онд тус тус дарсны ялалт, гавьяаг тийнхүү энд мөнхөлжээ.

Найман их сүмийн нэг нь Түвдийн нийслэл Лхасад байдаг Ламын шашны тэргүүн Далай ламын Будала ордны багасгасан хувилбар нь болой. Энэ ордонг 1771 онд барьж байгуулсан байна. Түвдийн бурхны шашны тэргүүн Далай лам, Банчин богд тэргүүт шашны удирдагч дээдэс лам нар Манжийн эзэн хаанд бараалхан ирэхдээ морилон саатдаг байжээ.

Хоёр дахин багасгасан ордон нь ийм байгаа юм чинь Лхаса дахь жинхэнэ Будала ордон ямар агуу том болох нь ойлгомжтой. Энэ ордныг Манжийн Тэнгэрийг тэтгэгч хааны 60 нас сүүдэр, хатан эхийн 80 нас сүүдэр зэрэгцсэн 1771 оныг угтан 1767 онд хаант төрөөс зарлиг гаргаж байгуулсан түүхтэй. Тэр жил бас нэг түүхэн үйл явдал давхацсан нь алс өрнө зүгт нүүж одсон баруун монголчууд 150 шахам жилийн дараа эргэж ирсэн Их нүүдэл байжээ. Энэ түүхэн үйл явдлыг манжийн хаант төрөөс онцгойлон тэмдэглэж гэрэлт хөшөө босгосон байна.

Будала ордны их хаалгын хоёр талд эл түүхийг өгүүлсэн бичээст гурван хөшөө бий. Нэгд нь энэ ордонг байгуулсан учир шалтгаан, холбогдох үйл явдлыг, баруунтайхад нь Торгуудын их нүүдэл Ижил мөрнөөс Алтайд буцаж ирсэн их хэрэг явдлын тухай, зүүнтэйхэд нь Их нүүдлийг удирдан залж ирсэн ноёд түшмэдэд цол хэргэм, бэлэг сэлт, эд хөрөнгө шагнан, газар нутаг заан суулгасан тухай сийлэн бичсэн байдаг.

Монголчууд Жэхэ гэдэг нэрээр нь сайн мэдэх энэ газрын нэрийг монголчилвол Халуун гол гэсэн утгатай. 1945 оны чөлөөлөх дайны үеэр Монгол-Зөвлөлтийн цэрэг үүгээр дайрч өнгөрсөн түүхтэй.

Монголчууд Жэхэ гэдэг нэрээр нь сайн мэддэг Халуун голын эхэн булаг. Түүнээс урдуурхан уудам зайд нуур цөөрөм байгуулан Хятадын өмнөд нутгийн өнгө аясыг санагдуулам донж янзаар засаж тохижуулсан байх тул хаан, хатад үүгээр сатааран зугаацахдаа эгээ л Хөх мөрнөөс өмнөш аялан явж, эртний их нийслэл Торгон замын эх хэмээгдсэн Ханжоу, дорно зүгийн Венеци гэгдсэн усан дээрх хот Сужоу, алдарт Сиху хэмээх Баруун нуурын хосгүй үзэмжид умбан орох мэт болдог байсан гэнэм. 

Манж, монгол, хятад, түвд дөрвөн хэл бичгээр бичсэн гэрэлт хөшөө Чэндэд олон бий. Тэдгээрийн нэгэнд “Гэвч Монголын олон ван, гүн ноёд надад насан хутаг оршоож, өлзий буян хуруулахыг хүсч сүм байгуулсугай хэмээн машид ятгах тул тэдний сүсэг бишрэлийг мөхөс би хүндэтгэн энэхүү сүмийг байгуулвай” хэмээн бичсэн байх нь өнөө бидний цаг үед “цагаан дээр хараар, цаасан дээр бэхээр бичсэн” гэдэг шиг л өнгөрсөн түүхийн хөдөлшгүй гэрч, сайн мууг тунгаан сургамж авууштай билээ. Үүнд итгэхгүй гээд яанам.

Хятад газарт аварга том мэлхий суурьтай, олон хэлний бичээс бүхий гэрэлт хөшөөнүүд маш их. Бээжин дэх Юань гүрний Төрийн хөвгүүдийн сургууль, түүний дэргэдэх Күнзийн сүмийн хашаан дотор лав ийм бичээст гурван хөшөө бий. Тэдгээрт бас л манж нар Баруун Монголын бослого, тэмцлийг дарсны “гавьяа”-г мөнхжүүлэн үлдээсэн байдаг.

Монголчууд “Эвтэй дөрвөн амьтан” хэмээх үлгэрийг Монгол ардын үлгэр гэж боддог. Тэгвэл бас ч тийм биш бололтой. Лав манж, түвд үндэстнүүдийн дунд ч дэлгэрсэн болох нь энэ хүрэл хөшөөнөөс илхэн. Үүх түүхийг нь яривал лав манай нийслэлийн Цагаан давааны урдтай байх заантай хөшөөнөөс хавьгүй урт настай буй заа.

Эндэхийн олон сүм хийдэд хэдэн мянган том, жижиг бурхад залаастай байдаг. Тийм ч учраас нэгэн сүмийнх нь монгол лам “Энд Монголоос залсан хэдэн мянган бурхан тахил бий. Жижиг ч бий, метр гаруй өндөр нь ч бий” гэж ярьсан юм. Тэндэхийн Мянган бурхант суварга гэдэгт Монголоос жилийн жилд зөөн анжийн хаанд цутгасан 1004 том, жижиг бурхдыг залсан байжээ. Монголыг дараад олзолж авчирсан их алтан бурхныг манжийн хаан энд залаад “Би Монголын их шүтээнийг авчирлаа. Одоо монголчууд дахиж босохгүй!” гэж хэлсэн гэдэг.

Зарим сүмийн дээврийг Монгол, Түвдээс цутгасан алтаар дээвэрлэсэн байсан гэдэг. 1570-аад оны үест Түмэдийн Алтан хаан Түвдийн шашинд дагаар орж тэргүүн ламд нь “Далай” хэмээх цол хайрлан их хэмжээний өргөл барьц өргөн шагнаснаас хойш нийт Монгол даяар Түвдийн шашин түгэн дэлгэрч, монголчууд хамаг алт, мөнгөө Түвд рүү зөөн цутгах болсноос үүдэн “Халхын буян дундрахгүй” гэсэн хэлц үг Түвдэд гарсан гэдэг. Ингээд бодохоор монголчууд өмнөх үеийн агуу их өвөг дээдсийн, дэлхийн талыг хураан байж олж авчирсан хамаг алт эрдэнэсийг Түвд, Манж хоёрт цутгаад дуусгаж дээ гэж халаглан бодоход хүрнэм.

Манжийн хааны номын сан. Өндөр нарс, хуш моддын сүүдэрт орших номын өргөөнөө хаад дээдэс сэрүүн лавринд залрах мэт таашаал эдлэн номын ертөнцөд умбадаг байсан буй заа. Энд эртний ховор нандин судар, шасдир өнөө ч олноороо хадгалагдаж байдаг.

Эртний түүхт агуу их манж үндэстэн өнөөдөр түүхийн үзмэр, жуулчдын нүд хужирлах зугаа цэнгэлийн төдийд үлдэж хоцорчээ.

Түүхийн амьд үзмэрүүд

Монголчууд бидний өвөг дээдэс баатарлаг, баялаг түүхийг бүтээсэн билээ. Харин өнөөгийн бидэн үүгээр дэндүү их хөөрөлхөж, чээж дэлдэн цовхчих хэрэггүй юм. Мэддэг, судалдаг, бахархдаг байх хэрэгтэй. Нэгэн цагт нийт Азийг донсолгож явсан агуу их манж үндэстэн өнөөдөр алга. “Би бол манж цустай хүн!” гэж хэлэх хөтөч бүсгүй ч, тэр их үндэстний намтар цадигийн тухай өнгөрснийг эргэцүүлэн зогссон миний сэтгэлийн гунигийг үргээж чадаагүй ээ. Учир нь хожмын нэгэн цагт “Би монгол удмын хүн!” гэсэн хий үг агаарт замхарч байх вий! хэмээн сэтгэл эмзэглэсээр байсан юм аа.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,

Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар

2009, 2015 он.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж