Аз жаргал минь урлагт л байна даа

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Аз жаргал минь урлагт л байна даа

Тэр жижигхэн биетэй. Тэгэхдээ “том” хоолойтой. Зах нь үл харагдах уудам талаар задгай салхи татуулан давхих шиг мэдрэмж түүний дуулахыг сонсоод төрдөг. Юу хөлөглөн давхиж байгаагаа мэддэггүй. Юутай ч хязгааргүй орон зайд хурдлах шиг болдог. “Богема” дуурьт дуулахад нь үнэлсэн, “Сарьсан багваахай”-д тоглоход нь бахархсан. Харин “Ламбугайн нулимс”-ын Цэрэнлхамд дуулахад нь хүндэлсэн.

Ийм жаахан байж ямар ч тайзан дээр ганцаараа гараад ирэхэд нь тайз мэлсхийгээд дүүрдгийг тун ч олон удаа анзаарсан. Дүүрэн байх гэдэг хэмжээгээр биш агуулгаар юм байна гэдгийг түүнээс мэдэрсэн. Агуулга гэдэг түүний хувьд юу вэ? Авьяас. Харин тэр гэдэг маань ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга. Маргааш СТӨ-нд болох тоглолтынх нь нэр бас л том юм. “Монгол” гэж. Бид ярилцлаа.

Буриадад очиж оролцсон тэмцээний сониноор чинь ярилцлагаа эхэлье.

-Буриад үндэстэн бие даан оршин тогтсоны 350 жилийн ой болж байгаа юм байна. Энэ ойд зориулаад Буриадын Засгийн газраас “Байкал” гэдэг уралдаан зарласан. Цаашид жил тутам болгож үргэлжлүүлэх зорилготой юм билээ. Европт болдог дуурийн дуулаачдын маш том тэмцээний шүүгч ирсэн. Санкт-Петрбургээс баритон, сопрано хоолойтой дуучдад багшилдаг эрэгтэй, эмэгтэй хоёр профессор ирж шүүгчээр ажилласан. Мэдээж Буриадын том дуучид шүүгчээр суусан. Нийт долоон шүүгчтэй байлаа. Бид Монголоос 14-үүлээ явсан. Эхний гурван байр, тусгай шагнал гээд ихэнх шагналыг нь аваад ирсэн шүү. Нэрэмжит шагналуудаас нь ч авсан.

Шүүгчид мэдээж манай дуучдын талаар өндөр сэтгэгдэлтэй байсан биз дээ?

-Санкт-Петрбургээс ирсэн профессор эмэгтэй өнөөдөр дэлхийд ид алдаршиж байгаа Анна Нетребко гээд сопрано хоолойтой дуучны багш. Тэр хүн “Одоо дэлхийн том дуучид амрах цаг болжээ. Араас нь залгах Монголын дуучид аль хэдийнэ бэлтгэгдсэн байна” гэж хэлсэн. Биднийг хэн нь ч хэнтэйгээ давтагдахгүй өөр өөрийн онцлог хоолойтой сайхан дуучид байна гэж үнэлсэн. Манай Амартүвшинг дэлхийн хэмжээний дуучин гэсэн. Их л баяр хөөртэй ирлээ дээ.

-Өөрийн чинь хувьд ямар амжилт үзүүлэв?

-Голдуу баритон хоолойтой дуучид оролцсон. Сопрано хоолойтнууд их цөөхөн байсан. Баритонуудад цохигдоод жаахан амжилт муутай ирлээ. Гэхдээ өөрийгөө тун сайн оролцсон гэж бодож байгаа. Санкт-Петрбургийн тэр профессор эмэгтэй намайг өөр дээрээ ирж суралцахыг, мастер классдаа суухыг урьсан.

-Ямар сайхан юм бэ? Мэдээж урилгыг нь хүлээж авсан биз дээ?

-Тэгэлгүй яахав. Дөнгөж хэлсэн дээр нь, халуун сэргэг дээр нь явж очиж суръя л гэж бодож байна. Тэр хүний шавь нар дэлхийд гайхуулж, гадаадын олон орноос дуучид түүний хичээлд суух гэж зорьж очдог. Тэгэхэд өөрөө намайг урина гэдэг маш том аз байлгүй яахав.

-Тоглолтоо яагаад “Монгол” гээд нэрлэчихэв ээ? Монголын дуучид гайхашигтай байна гэсэн дүгнэлтийг тэмцээнээс тээж ирээд, тэр бахархах сэтгэлээрээ ийм нэр өгчихөв үү?

-Тэмцээнд явахаас өмнө би дан монгол дуугаараа тоглолт хийх юмсан гэж бодож байсан л даа. Уянга дуучны дуулснаар монгол дууны цомог гаргах бодолтой байсан, ер нь. Сая мэдээж Монгол бахархал маань, эх оронч сэтгэл минь их омогшиж ирлээ. Тэгээд л ийм нэр өгчихлөө. Юм юм нөлөөлсөн байх. Хүмүүст их таалагдаж байх шиг байна.

-Нэлээд нүсэр тоглолт болох сурагтай.

-ДБЭТ, Улсын Филармонийн симфони найрал хөгжим нийлж тоглоно. Дөрвөн удирдаач удирдана. Монгол сонгодог гэж ийм байдаг гэдгийг л харуулна даа. Нэрний маань утга учир ч эндээс тайлагдана.

Тэндээс ямар Уянгыг олж харах бол?

-Намайг сэтгэлийн хөдөлгөөнтэй гэж хүмүүс дүгнэдэг. Энэ удаа ч мөн л сэтгэл хөдлөлөө харуулна. Дандаа гадаадын сонгодог бүтээлүүдээр тоглолт хийж байснаас биш монгол дуунуудаар анх удаа л тоглолт хийж байна. Монгол үндэстэн гэдгийг тайзан дээр гараад ирэхдээ хувцаснаасаа өгсүүлээд л харуулна гэж бодож байгаа. Тийм болохоор хүчирхэг Уянгааг л олж харах байх.

-Та өөрөө жижигхэн биетэй бүсгүй. Гэтэл тайзан дээр гараад ирэхээр тайз дүүрээд явчихдаг юм. Үүний нууц нь юундаа байна?

-Хүмүүс намайг голоод байдаг юм. “Зэгзийсэн өндөр хүүхэн гарч ирээд л мундаг чанга дуулаад орчихдог юм. Тэгсэн чинь ийм жоохон байсан юм уу” гэж жирийн амьдрал дээр намайг харахаараа голдог. Тайз хүнийг их өсгөж харагдуулдаг. Уран чадварын хичээл дээр ярьдаг байсан л даа, багш нар маань. Тайзан дээр ганцаараа байсан ч дүүрэн байгаа юм шиг эзэмшиж чадвал урлагийн хүн болж байгаагийн шинж гэж . Би өөрийгөө тайз тэгтлээ сайн эзэмшдэг гэж боддоггүй. Тайз өөрөө хүнийг сүрхий том болгодог. Багш нарынхаа заасныг өөрийнхөө жоохон авьяастай нийлүүлээд л тайзан дээр гаргадаг юм. Тайз эзэмшинэ гэдэг амаргүй. Ялангуяа дуурьт тоглох үед.

-Урлагийн хүн энэ чадварт насан туршдаа л суралцсаар яваад дуусдаг байх аа.

-Байнга суралцана. Жүжгээс жүжгэнд ганц нэг зүйлийг нэмж суралцаад л явна.

-Суралцах тухай ярьсных нэг зүйл асууя. Дөнгөж дуучин болоод театрт ирж байсан Уянга өнөөдөр хэр өөрчлөгдсөн бол?

-Тайз хүнийг асар их өөрчилдөг юм байна. Юугаа ч мэдэхгүй амьтан л анх Дуурийн театрт орж байлаа. “Гоё гоё, намайг театрт урьсан” гээд л. Ахмадуудыгаа хараад л Жавзандулам гуай шиг, Долгор гуай шиг, Уртнасан гуай шиг дуучин болно гэж мөрөөдөж , хөөрч орж ирсэн. Гэтэл тайзан дээр гараад иртэл огт өөр байсан. Тайзан дээр буруу газар очиж зогсоод л загнуулна. Манай Сарантуяа найруулагч их чанга. “Тэнэг юм уу, хаана зогсоод байгаа юм” гээд л загнуулна. Юугаа ч мэдэхгүй олон хүний дунд манарчихсан явж байгаа юм чинь. “Юун нөгөө мундаг дуучин болох. Ёстой бүтэхгүй юм байна” гэж бодоод л. Гэхдээ хүнд урам хайрлахаар өөдрөг сэтгэл төрдөг. “Чиний хоолой болох гэж байна” гэх зэргээр надад урам өгдөг байлаа. Тэр үед “Богема” дуурийг шинээр тавьсан. Тэр дуурийн нэг дүрийг надад өгсөн юм. Тийм том дүрийг даалгаад өгчихөөр хүн чинь маш хариуцлагатайгаар хичээнэ биз дээ. Том зорилго тавьсан. Ажиллаж байгаа орчин намайг их өөрчилсөн. СУИС төгсөж байсан Уянга, одоогийн Уянга хоёрын хооронд газар тэнгэр шиг ялгаа бий. Уран бүтээлийн хувьд, тайзан дээр өөрийгөө илэрхийлэх чадварын хувьд. Одоо нэлээд боловсронгуй болоод байгаа шүү дээ.

-Энэ өөрчлөлтийн гол түлхүүр болсон дуу хоолой чинь таны хувьд юу вэ? Бурхнаас заяасан бэлэг мөн үү?

-Мөн байлгүй яахав. Хүн болгон ямар нэг авьяастай. Гэтэл надад хүн хүнээс өчүүхэн ч болов илүү хоолой заяасан байвал тэр яах аргагүй бурхны хишиг. Үүнээс жижигхэн хоолойтой байсан бол илүү их хөдөлмөрийг надаас шаардах байсан байх. Надад ямар ч дуурийн дүр өглөө гэхэд түүнийг түүртэхгүй дуулж чадаж байна гэдэг давуу тал. Хөдөлмөрийг маань хөнгөвчилдөг гэх юм уу даа. “Жаахан хоолой заяасан юмнууд юу ч хийхгүй, залхуу” гэж загнуулах тал бас бий.


-Тэгвэл бурхан өөр ямар сайхан бэлгийг танд хайрласан бол?

-Тайзан дээр гараад хүний урд зогсоход боломжийн бие хаа, хоолой хонхтой нь заяасан байна гэдэг чинь бас л бэлэг. Илүү хүсэх юм алга аа. Заяасан бүхнийг сайхан авч явахыг л мэрийх хэрэгтэй.

-Ер нь тэгээд буй юмандаа сэтгэл хангалуун байх шиг сайхан зүйл хаана байх билээ.

-Тэгээд л шуналтаад унавал арван хар нүглийнхээ замаар ороод явчихна биз дээ.

-Гэхдээ хүний шунал зөв тийшээ чиглээд, өөдрөг тэмүүлэлтэй холбогдоосой гэж боддог юм.

-Яг үнэн. Илүү зүйл хийж бүтээх юмсан гэж боддог байх хэрэгтэй. Нэгэнт л гар хөл нь заяачихаад байхад. Хүн маш их нөөц бололцоотой гэдэг шүү дээ. Түүнийхээ өчүүхэн хувийг л ашигладаг. Хүн гэдэг их залхуу.

Уянга харин хэр залхуу бол?

-Би өөрийгөө нөөц бололцоогоо их бага ашигладаг гэж боддог шүү. “Юм бүхэн нь заяачихаад байхад яасан залхуу юм” гэж надад хэлдэг л юм. Нээрээ ч тийм шүү гэж санадаг. “За яахав, тэгж байгаад болно доо” гэдэг бодол маань арай ихдээд байдаг юм шиг ээ.

-Аз жаргалыг та юу гэж боддог вэ? Би үүнийг хүмүүсээс асуух их дуртай.

-Аз жаргалыг хүн өөрөө л цогцлоож бүтээдэг гэж боддог. Түүнээс биш хаа сайгүй хэвтэж байдаг эд биш. Хэр их зовж байж аливаа мөрөөдөл, зорилгодоо хүрнэ тэр хэрээр аз жаргалыг мэдэрдэг. Хүн өөрийн гараар бүтээдэг их үнэтэй баялаг юм болов уу даа.

-Тэгвэл та аз жаргалтай хүн мөн үү? Өөрийгөө жаргалтай хүн гэж хэлж чадах уу?

-Чадна. Яагаад гэвэл асар ихээр дуртай, сонирхолтой зүйлээ хийгээд, чамгүй амжилтад хүрээд, түүнийг нь хүмүүс үнэлээд “Уянга болж байна шүү” гэж хэлж байгааг бодохоор яах аргагүй би аз жаргалтай. Урлаг ер нь намайг аз жаргалтай болгодог. Дуурийн театрын ягаан байшинд би ихэнх цагаа өнгөрүүлдэг. Гэртээ орж унтчихаад л, өглөө гараад л энд ирдэг. Ороод ирэхэд л муу муухай бүх зүйл ард хоцордог. Бие өвдсөн байсан ч сэргэнэ. Их сайхан энергитэй газар. Тиймээс миний аз жаргал урлагт л байна даа.

-Зарим хүн “Би жаргалтай” гэж хэлэхээс эмээдэг юм билээ.

-Тэр айхтар хашир хүн байна даа.

-Урлаг өнөөдөр танд хэмжээлшгүй аз жаргалыг өгч байгаа ч цаг нь ирэхээр аймшигтай харгис загнана. Өнөөдөр алга ташилт, баглаа цэцэг хоёроор булж байгаа тайз маргааш нэг өдөр баяртай гэж хэлэхийг ямар ч өршөөлгүйгээр тулгадаг. Тэр өдрийг хэрхэн төсөөлдөг вэ?

-Би ёстой бэлтгэлтэй байдаг шүү. Ахмадуудаа хараад үүнийг мэдэрдэг. Шавийнхаа тоглолтод ирж, тайзан дээр гарч цэцэг өгөх гэж яаж догдолж байгааг нь хардаг. Байдгаараа гоёчихсон. Ерөөсөө тийм болчихдог юм. Би ч бас тэр замыг туулна. Тэр өдөр надад ирнэ. Урлагийн ганц аймшиг нь энэ. Чи одоо болсон гэхэд нь ямар ч эсэргүүцэлгүйгээр тайзнаас буух ёстой. “Яадаг юм та хөгшрөөгүй байна. Ганц гараад дуулчих” гэж миний дууг сонсох дуртай хүмүүс хэллээ ч “Үгүй” гэж татгалзаж чадах ёстой.

-Тэгж чадах болов уу?

-Чадах байх аа. Бэлтгэлтэй байгаа. Харин тэр үед шавь нараа төрүүлнэ дээ.

-Багшлах авьяастай юу?

-Уг нь авьяастай юм шиг байгаа юм. Гэхдээ их ширүүн л багш болмоор шинжтэй юм билээ. Ууртай.

-Түрүүнд та тэмцээнээс эх оронч сэтгэл маань хөдлөөд ирсэн гэсэн. Хэр эх оронч хүн бэ?

-Ер нь нэлээд эх оронч шүү.

-Юун дээр ажиглагдаж байна?

-Эх орон, эх орон гэж гүйж яваад “Омогшил” гэдэг нэртэй дуу дуулсан юм. Газар шороогоо аврах хөдөлгөөний дуу л даа. Тэр үед ийм олон хөдөлгөөн байгааггүй. Тэр хөдөлгөөний сүлд дууг дуулж яваад нэг сайн загнуулж билээ.

-Хэнд?

-Өө, бараг яамнаас дуудуулж загнуулсан байх шүү. Урлаг соёлыг ингэж болохгүй гээд. Аливаа зүйлд бас тодорхой цензур бий л дээ. Гэхдээ тэглээ гээд би эх оронч сэтгэлээ нуугаад, дараад байхыг боддоггүй. Аль болох илэрхийлэхийг хүсдэг. Мэдээж, гараад, жагсаад яваад байх нь хаашаа юм. Урлаг өөрөө бүх зүйлийг илэрхийлэх маш том зэвсэг шүү дээ. Бүх хүн л эх оронч байх. Би гэхдээ арай л илүү юм шиг ээ. Энд тэнд хөдөө явахаараа голын хажууд үдлээд буусан ч тэнд байгаа хогийг аваад явчихдаг. Эх орноо хайрлах чинь энгийн зүйлээс л эхэлнэ шүү дээ. Үр хүүхдээ ч мөн ийм л сэтгэлтэй хүн болгож хүмүүжүүлнэ гэж боддог.

Б.ЦАЦРАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж