Дэлхий нийтээрээ жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдөр ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Тэгвэл манай энхийг сахиулагч эмч нар маань Судан улсын иргэдэд энэ талын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тухай сургалт хичээл явуулсан байна. Тодруулбал,
Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид НҮБ, Африкийн холбооны хамтарсан “UNAMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын цэргийн хээрийн II шатны эмнэлгийн VII ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн Кабкабияа суурин болон Кабкабияа баазын хэмжээнд ХДХВ өвчний түүх, халдварын тархалт, халдвар дамжих зам, өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар видео хичээл, үзүүлэн таниулах материал, гарын авлага бэлтгэн, сургалт явууллаа. Өдөрлөгт Рванда , Жордан Улсын цэргийн багийн удирдлагууд, цэргийн багийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон цэргийн алба хаагчид, НҮБ-ын цэргийн ажиглагч, цагдаа, орон нутгийн гэрээт ажилтан, орон нутгийн иргэд оролцжээ. Энэ үеэр тус улсын орон нутгийнх иргэд ч дурын шинжилгээнд хамрагджээ. Цэргийн багийн захирагчаар дэд хурандаа Г.Тунгаамаа ажиллаж байна. Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцсноос хойш анх удаа эмэгтэй цэргийн алба хаагч цэргийн багийн захирагчаар ажиллаж байгаа юм.