Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос ирэх онд болох УИХ-ын сонгуульд нэр дэвшиж болохгүй улс төрчдийг санал асуулгаар тодруулахаар болсноо дуулгав. Энэ тухай мэдээллийг Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар, АН-ын гишүүн А.Майбаяр нар өнөөдөр өглөө.
Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо Монголын улс төр, эдийн засаг, нийгэм оюун санааны хүрээнд өнөөгийн монголын нийгмийн тулгамдсан асуудал сэдвээр судалгаа хийж дараах дүгнэлтэд хүрснээ хэлэв.
Тэд Улс орны эдийн засгийн амьдрал хүндэрч, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт буурч, гадаад өр нэмэгдэж, иргэдийн амьдралын түвшин доройтож байгаа нь 2012-2016 онуудад засгийн эрх барьж байгаа Ардчилсан намын үйл ажиллагаатай шууд холбоотой тул Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо Ардчилсан намын нэрийн өмнөөс ард түмнээсээ уучлал гуйж байгаагаа уламжлав. Мөн улс төрийн амьдралд шинэ нөхцөл байдал үүсч байгаатай холбогдуулан сонгогч олон түмэнд 2016 онд сонгуулийн хувьсгал хийхийг уриалж 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж болохгүй АН-ын гишүүнчлэлтэй улс төрчдийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл санал асуулга авах болсноо мэдэгдсэн байна.
Ингээд Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатараас цөөн асуултад хариулт авлаа.
-Санал асуулгыг явуулах болсон шалтгаан нь юу вэ?
-Улс төрийн намууд томоохон гишүүнчлэлийн компанит ажил өрнүүлдэг. Энэ олон гишүүнчлэлээр намын тушаал шийдвэрийн дагуу нохой ч дэвшсэн гаргах зорилт тавьдаг байсныг таслан зогсоох цаг нь ирсэн гэж үзэж байна. Тиймээс улс төрийн намуудын жинхэнэ шилдэг гишүүд УИХ-д орж хууль тогтоох нь зүйтэй гэж үзэж байна.
-Олон санал авсан хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх эрх та бүхэнд байгаа юу?
-Бид зөвхөн санал хураалтын дүнгээс нэрсийг тодруулах болно. Үүний дараа АН-ын намын удирдлагуудад хүргүүлнэ.
-Хэрэв санал асуулгын явцад танай намын лидерүүд толгой цохиод явчихвал яах вэ?
-Ер нь улс төрийн амьдралд томоохон өөрчлөлт хийх цаг хугацаа ирсэн. Энэ хугацаа бол 2016 оноос хэтэрч болохгүй. Тэгж байж ард түмэн хөгжил дэвшилтэй сайхан амьдрах нөхцөл бүрдэнэ.
Т.ДАВААНЯМ