Хууль зүйн ухааны доктор, судлаач Ц.Мандахтай шүүхийн зохион байгуулалтын талаархи цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн хоригийн эргэн тойрон дахь өнөөдрийн нөхцөл байдлын талаар судлаачийн хувьд үзэл бодлоо илэрхийлнэ үү?
-Шүүхийн тогтолцоотой холбоотой асуудал сүүлийн үед идэвхтэй яригдаж байна. Мэргэшсэн, дагнасан тогтолцоо хэрэгтэй гэсэн дэмжлэг хуульч, судлаачдын дунд төдийгүй иргэдийн дунд байна. Ерөнхийлөгч Цэцийн дүгнэлтийг хүлээж авах тухай УИХ-ын тогтоолд хориг тавьсан нь ч бас тэрхүү дэмжлэгийг анхаарч үзэх нэг боломжийг олгож байна. Үндсэн хуульд Ерөнхийлөгч УИХ-ын гаргасан хууль, бусад шийдвэрт хориг тавих эрхтэй гэж заасан учраас Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын шийдвэр буюу тогтоолд хориг тавьсан. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт хориг тавьж байгаа зүйл биш юм. Үүн дээр бол маргах шаардлага байхгүй. Харин шүүхийн тогтолцоог яаж сайжруулах вэ? Яаж иргэндээ хүрсэн, мэргэшсэн үйлчилгээ үзүүлдэг шүүхтэй болох, энэ тогтолцоог яаж оновчтой болгох вэ гэдэг тухай л ярих хэрэгтэй. Ерөнхийлөгчийн хоригийн зорилго ч энэ байх. Улс төржсөн элдэв маргаан, амбиц бол үүнд хэрэггүй.
-Ерөнхийлөгчийн хоригийн талаар та юу хэлэхсэн бол?
Цэцийн шийдвэрийн дагуу аймаг тус бүрт давж заалдах шатны шүүх байгуулна гэхээр эдийн засгийн хувьд хүндрэлтэй болж, дагнасан байдлаас ухрахад хүрч болзошгүй байна. Одоо үйлчилж байгаа Шүүх байгуулах тухай хуулийг батлахдаа дагнасан шүүх байгуулах алхмаас ухрахгүйгээр эдийн засгийн хэмнэлттэй аргаар давж заалдах шатны шүүхийн үйлчилгээг аймаг тус бүрт хүргэх гарцыг олсон. Энэ гарц нь шүүгчид нь нүүдэллэн иргэддээ хүрч ажилладаг давж заалдах шатны шүүхүүдийг байгуулсан. Ийм нөхцөл байдал нь Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавихад хүргэсэн гэж ойлгож байгаа.
-УИХ-аас Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авч тогтоол гаргасан хэдий ч шүүхийг тогтолцоог дахиж өөрчлөхтэй холбоотой зардлыг төсвийн хүрээнд шийдвэрлээгүй. УИХ-д ямар гарц байна вэ?
-Монгол Улсын засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар аймаг, сум, дүүрэг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа иргэд болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан саналыг үндэслэн хүн амын байршил, эдийн засгийн чадавхи, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ. Энэ ёсоор Үндсэн хуульд “гар хүрэлгүйгээр” буюу Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэн Монгол Улсын хувьд засаг захиргааны нэгжийн бүтцээ шинэчилж, өөрчлөх цаг нь болсон. Өнөөдөр нийслэлийн нэг дүүргийн хүн амаас бага хүн амтай аймгууд бий болсон байна. Давж заалдах шатны шүүхийг аймаг бүрт байгууллаа гэхэд жилд маш бага хэрэг шийднэ. Уг нь шүүх эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай, зөв, ачаалалтай байх ёстой. Татвар төлөгчдийн мөнгийг төр, тэр тусмаа парламент дээд зэргээр хамгаалах ёстой. Энэ бол парламентын хамгийн гол үүрэг.Гэтэл манайд тэгж харж сураагүй л байна.
-Дэлхийн бусад улсад шүүхийн үндсэн тогтолцоог ямар баримт бичгээр зохицуулдаг вэ?
-Шүүхийг засаг захиргааны нэгжээр байгуулж байсан үе одоо ард үлдэж байна.Дараагийн үр нөлөөтэй тогтолцоог хүн төрөлхтөн олсон.Тэр нь дагнах, төрөлжүүлэх, тойрогоор байгуулах гэх мэт. Гэтэл монгол улс энэ шинэ зүйл рүү ороод л ухрах гээд л шинэ хуучны зөрчилд шүүх өртөж байна. Дэлхийн улсуудын үндсэн хууль батлагдсанаас хойш нэлээн хугацаа өнгөрсөн бөгөөд түүнээс хойш хэрэг, маргааны төрөл улам бүр хөгжиж, ярвигтай болсон үед улс орнууд хэрэг маргааны төрлөөр шүүхүүдийг дагнан байгуулах эсхүл шүүгчийг дагнан мэргэшүүлэхийг чухалчилдаг болсон. Энэ нь иргэд шударга, мэргэшсэн шүүхээр шүүлгэх эрхийг нэн түрүүнд тавих болсонтой холбоотой юм. Өөрөөр хэлбэл, мэргэшсэн шүүгчдээс бүрдсэн хэргийн төрлөөр дагнасан шүүх, дагнасан танхимыг шүүхүүдэд бий болох хандлага ихээр нэмэгдэж байна.
-Улс орнууд Үндсэн хуульдаа шүүхийн тогтолцоог ямар байдлаар хуульчилсан байдаг вэ?
-Улс орнуудын Үндсэн хууль дахь нийтлэг зохицуулалт бол аль ч шүүхийн шийдвэр дээд шатны шүүхийн хяналтад бүрэн байх тухай юм. Манай 2 хөрш болох ОХУ, БНХАУ-д гэхэд шүүхийн үйл ажиллагаа нь Дээд шүүхийн хяналтаас гадуур байж болохгүй гэж тусгайлан заасан байдаг. Шүүхийг хянах шүүх байх нь чухал бөгөөд үүнийг тухайн нутаг дэвсгэр бүрт шүүх байх тухай ойлголтоос чухалчлан авч үзэх болжээ. Энэ бол шүүхийн тогтолцооны үндсэн асуудал. Дээр дурдсанаар шүүхийн тогтолцоо нь тухайн улс орны нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзсан байдаг. Нийтлэг зүйл бол анхан шат, давж заалдах шат, хяналтын шатны шүүх юм. Мөн цэргийн шүүх гэх мэт төрөлжсөн шүүхтэй улсууд байдаг. Хяналтын шатны шүүхийг тухайн улсын дээд шүүх буюу нэг шүүх хэрэгжүүлэх бөгөөд анхан, давж заалдах шатны шүүхүүдийн хувьд хэд ч байж болдог. Давж заалдах шатны шүүхийн тоог тогтоох нэг хүчин зүйл нь анхан шатны шүүхийн шийдвэрийн хэдэн хувийг давж заалдаж байна вэ? аль нутаг дэвсгэрээс голчлон давж заалдаж байна вэ? гэдэгт тулгуурладаг жишиг бий.
-Одоогийн дагнасан шүүхийн тогтолцоо болж байна уу, болохгүй байна уу? Хэр үр өгөөжөө өгсөн бэ?
-Дэлхийн 175 улсыг эгнээндээ нэгтгэсэн НҮБ-ын 1966 оны “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт”-ыг хүний эрхийн олон улсын эрх зүйн суурь баримт бичиг гэж үздэг. Тус пактын 14-р зүйлд хүн бүр хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий, хараат бус, тал үл харах шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй гэж заасан. Иймд шүүх хараат бус, тал үл харах, шударга байх хүчин зүйлийн нэг нь шүүх дагнасан буюу шүүгч мэргэшсэн байх явдал гэж үздэг. Энэ талаар НҮБ-ын “Шүүхийн бие даасан байдлын үндсэн зарчим”-д тодорхой дурдсан байдаг.
Дагнасан, мэргэшсэн шүүгчтэй байх нь иргэдэд маш чухал. Шүүгч гол нь мэргэшсэн байж иргэд хэргээ мэргэшсэн шүүгчээр шийдвэрлүүлэх, шударга шүүхээр шүүлгэх эрх нь хангагдана. Шүүгчид нь дагнан байгуулагдсан танхим эсхүл шүүхэд хуваарилагдаж болно. Тиймээс дагнасан, мэргэшсэн шүүгчтэй байх энэ бодлогыг өөрчилж болохгүй. Тэгэхлээр харин аймаг бүрт давж заалдах шатны шүүх байгуулахаар болбол ямар хувилбарыг сонгох вэ гэдэг нь гол асуудал болчхоод байна. Шүүгчид хэргийг дагнан шийдвэрлэснээр иргэдэд үр өгөөжөө эхнээсээ өгөөд эхэлсэн. Удаан хугацаанд энэ нь бүр ихээр мэдрэгдэх болно. Ямар ч байсан хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүгчдийн суурийг тавьсан нь шүүхийн шинэтгэлийн маш том алхам болсон. Цаашид нэгэнт дагнаад хэргийг шийдээд сурчихсан шүүгчид дагнасан танхимд хуваарилагдаад хэргийг дагнан шийдэх боломж нь одоо бүрдчихлээ гэж үзэж байна. Тэгэхлээр мэргэшсэн шүүгчидтэй хүчирхэг шүүх бий болох боломжтой юм.
Ш.ОТГОН