Сильвио Берлускони гологдов

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Сильвио Берлускони гологдов

Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони сүйрлийн ялагдал хүлээв. Засгийн газрын уриалга байсан ч италичууд бүх нийтийн санал асуулга дээр цөмийн цахилгаан станцуудыг хаах, мөн усан хангамжийн зах зээлийг либералчлахаас татгалзлаа. Бас дээр нь сайд нарт шүүх хурлыг үл тоомсорлохыг нь хориглов. Зүүний сөрөг хүчин Берлусконийг огцрох хэрэгтэй гэж уриалсан бол “Хойд лигийн” ерөнхий сайдын холбоотнууд “алгадуулсаар байгаад” халширснаа хэлж байна.
Италичууд дахиад л барууны төвийн чиглэлийн Сильвио Берлусконийн Засгийн газарт итгэл алдарснаа харуулав. “Эрх чөлөөний ард түмэн” гэх эрх баригч эвсэл орон нутгийн сонгуулиар ялагдаад хоёр долоо хоног өнгөрч байхад италичууд Засгийн газарт итгэхгүй байгаагаа өнгөрсөн ням ба даваа гаригт явагдсан бүх нийтийн санал асуулгаар харууллаа.

Санал өгөхөөр санал хураах байранд ирсэн хүмүүсийн 90 гаруй хувь нь атомын цахилгаан станц байгуулах ажиллагааг сэргээх гэсэн Засгийн газрын байр суурийг дэмжсэнгүй. Мөн Засгийн газрын гишүүдэд шүүх хуралд ирэхгүй байх, усан хангамжийн зах зээлийг либералчлах тухай хоёр асуудлыг сонгогчид дэмжсэнгүй.

Ням гаригт сонгогчдын оролцоо тийм ч өндөр биш 41 хувьтай байв. Дараагийн өдөр  нь санал хураах байранд санал өгөх эрхтэй хүмүүсийн 16 хувь ирсэн байлаа. Үр дүнд нь бүх нийтийн санал асуулгад сүүлийн 15 жилийн дотор ирээгүй их хүмүүс оролцлоо. “Асар олон тооны хүмүүс ирэн баруун төвөө, зүүний төвөө дэмжицгээлээ” гэж Италийн сөрөг хүчний “Италийн үнэт зүйлс” намын лидер Антонио ди Пьетро баярлан ярьж байсныг AFP дамжуулан мэдээлэв.

Италичууд бүрэн эрхээ эдэлж байгаа сайд нартаа эрүүгийн хариуцлагаас дархлах, тухайлбал ажлын шаардлагаас болоод шүүх хуралд ирэхгүй байх эрх өгсөнгүй. Берлусконийн эсрэг талынхан тэр боломж нь түүнд өөрт нь л хэрэгтэй гэж шүүмжилж байгаа. Засгийн газрын тэргүүн одоо хэд хэдэн дуулиант хэргээр түүний тоонд сексийн фронтын амжилтаараа шүүхэд дуудагдаад байгаа билээ. Миланы шүүхэд “зүрх залгигч Руби” нэртэй биеэ үнэлэгч Карима аль-Махругийн хэрэг хэлэлцэгдэж байна. Ерөнхий сайдыг албан тушаалаа урвуулан ашиглаж, насанд хүрээгүй биеэ үнэлэгчийн сексийн үйлчилгээнд мөнгө төлсөн гэж буруутгаж байгаа. Өөр  нэг хэрэг нь Берлусконийн өмнөх үйл ажиллагаатай холбоотой. Түүнийг Италийн томоохон медиа холдингийн эзнийхээ хувьд татварын залилан хийж, нууц сангууд байгуулсан гэж буруутгаж байгаа. Кино үзүүлэх эрхийг худалдан авахтай холбогдсон цуврал яллагын нэг нь энэ юм. Мөрдөн байцаалтын явцад Берлускони ба түүний түншүүд нь зөвхөн 2002-2005 оны хооронд  34 сая ам.долларыг хууль бусаар завшсан гэж яллагдаж байгаа юм.

Атомын  цахилгаан станц бариулах ажиллагааг  сэргээх Засгийн газрын хө­төл­бөрийн эсрэг 94,8 хувийн сонгог­чид санал өгсөн байна. Цөмийн эр­чим хүчнээс татгалзах бас нэг ийм сана­лаа италичууд Чернобылийн ос­лын дараагийн жилийн санал асуул­­гаар харуулж байлаа. Гэтэл Бер­лус­конийн Засгийн газар цөмийн үн­дэс­ний хөтөлбөрийг сэргээх хуулийг 2010 онд батлуулсан байв. Японы “Фүкүшимагийн” АЦС-ын ослын дараа цөмийн эрчим хүчний эсрэг байгаа хүмүүс бүх нийтийн санал асуулгаар уг асуудлыг оруулахаар бэлтгэж эхэл­сэн билээ. Засгийн газар нь тэднээс өр­сөхөөр шийдэн цөмийн хөтөлбөрөө зогсоосноо зарласнаас гадна уг асууд­лыг бүх нийтийн санал асуулгад оруу­­лалгүй  шүүхээр шийдүүлэхээр оролд­сон юм. Цөмийн эрчим хүчний асуудлыг тууштай дэмжигч Берлускони даваа гаригт “бид АЦС бариулах ажилдаа “баяртай” гэж хэлэхээр болж байх шиг байна. Сэргээгдэх эрчим хүчинд мөнгө гаргах хэрэгтэй болж байна” хэмээн мэдэгдсэн байлаа.

“Эрх чөлөөт ард түмэн” эвслийн албан ёсны төлөөлөгч Даниэле Капец­цоне ба Батлан хамгаалахын сайд Иньяцио Ла Русса нар италичууд “онц­логтой асуудлаар” саналаа өг­сөн болохоос биш Засгийн газрын бүх бодлогоор эсрэг санал өгөөгүй гэж мэдэгдсэн байлаа. Гэхдээ сөрөг хү­чин ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж байна. “Берлусконид огцрохоос өөр ху­вил­бар байхгүй” гэж сөрөг хүчний ардчилсан намын нарийн бичгийн дарга Пьера-Луижи Берсани хэлснийг  Corriere della Sera сонин иш татсан байна. Reuters агентлагийн шинжээчид Засгийн газрын ээлжит бүтэлгүйтлийг тэмдэглээд Берлусконийн эртний холбоотон Умберто Боссийн толгойлдог автономит “Хойд лигийн” эвсэлдээ үнэнч эсэхэд эргэлзэж байгаагаа хэлсэн байв. Ирэх ням гаригт Хойд лигийнхэн намын дотоод чухал цугларалтаа төлөвлөөд байгаа ба тэнд энэ удаагийн ялагдлын талаар ярилцах гэнэ. “Бид алганы амт үзсээр байгаад хаширлаа” хэмээн Хойд лигийг төлөөлсөн портфельгүй сайд Роберто Кальдероли хэлжээ.

Ш.МЯГМАР

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж