Бин Ладеныг устгаснаа ялалт гээд явцгаая

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Бин Ладеныг устгаснаа ялалт гээд явцгаая

АНУ-ын Конгресст дайныг үргэлжлүүлэхийн эсрэг сөрөг хүчний тоо нэмэгдэж байна. “Террорист №1-ийг устгаснаа ялалт гэж нэрлээд зайлцгаая” гэж цөөнгүй хууль тогтоогчид ярих болов. Харин Цагаан ордон цэргийнхээ тоог энэ зун хэсэгчлэн хорогдуулах санаатай байна. Гэхдээ Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс ба байлдааны ажиллагаанд оролцож байгаа генералууд цэргийн тоог ихээхэн хорогдуулбал эсрэг талынханд ашигтай болно хэмээн сануулж буй.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Оба­ма болон түүний аппарат долдугаар сард Афганистанаас гаргах цэргийн­хээ тоог тооцож, шийдвэрээ гар­гахаар бэлтгэж байна. Цэргийг эр­гүү­лэн татна гэдэгт эргэлзэх зүйл­гүй. Байлдааны ба хохирлын мэдээнээс залхсан сонгогчдод Обама цэргээ татаж эхлэхээ нэлээд эртнээс амлаад байгаа юм. Одоо хичнээн хэмжээний цэргийг Афганаас гаргах вэ? Тэр дайны хөлд зовсон орноос 2014 онд НАТО бүх цэргээ гаргахаар Афгантай юу учрах бол? гэх мэтийн асуудлууд л үлдээд байгаа юм.

АНУ-ын Төрийн нарийн бич­гийн дарга Хиллари Клинтон  одоо­гоор цэрэг эргүүлэн татах өргөн цар хүрээний талаар шийдвэр гаргаагүй байна гэж мэдэгдсэн юм. Шинжээчид бол Пентагон дөнгөж 5000 цэргээ нутаг буцаана гэж байгаа. Яг л ийм цөөн тооны цэргэг гаргахыг Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс уриалсан байлаа. Түүнийг дайчин генералууд нь дэмжсэн билээ.

Энэ үед Конгресст дайны эсрэг хүчин нэмэгдэж байна. Түүний хам­гийн тод төлөөлөгч Бүгд найрамдах намын конгрессмен Уолтер Жонс мэдэгдэхдээ “Бин Ладен үхсэн. Алив, бид яллаа гэж зарлаад гэртээ буцацгаая” гэж уриалсан байлаа. Жонсыг мөн тэр намын депутат Клиф Стернз дэмжин дайн улсын сан хөмрөгийг хоосолж байгаа нь америкчуудын хэтэвчийг хоосолж буй гэсэн үг хэмээн хэлж байна. Афганистаныг ардчилсан улс болгох нь муугүй хэрэг. Гэтэл түүнд нь хичнээн жил хэрэгтэй вэ? Манай санхүүгийн алдагдлыг тооцоод үзэхээр бид үүнийг хийж чадахгүй нь хэмээн конгрессмен хэлсэн юм.

Ер нь бол конгрессменүүд тийм шуудхан сөрөг хүчин биш. Үнэн хэрэгтээ тэд Обамагийн өөрийнх нь хэлснээс санаагаа гаргаж байгаа. Обама саяхан хэлэхдээ “Бин Ладеныг устгаж, “Талибан”-ыг дарснаар бид  10 жилд хийнэ гэснээсээ их зүйлийг бүтээлээ” гэсэн байв.

АНУ-ын Үндэсний аюулгүйн зөвлөлийн ажилтан асан Питер Фивер ярихдаа “Афганистаны ажиллагаанд улс төрийн дэмжлэг тогтмол буурч байна” гэсэн юм. Үүнийг цэргээ Афганистанаас гаргах ажиллагааг болон “Талибантай”  яриа хэлцэл явуулахыг ерөнхийлөгчид үүрэг болгосон тогтоолоор Төлөөлөгчдийн танхимын  өнгөрсөн тавдугаар сард явуулсан санал хураалт гэрчилж байна. Цагаан ордны эзний гар, мөчийг хүлэхээр тогтоол гараагүй. Гэхдээ тогтоолын төлөө 204 депутат санал өгч, 215 хүн нь ерөөнхийлөгчийг дэмжсэн билээ.

Сенатын Олон улсын харилцаа­ны Обамагийн нам нэгтнүүд ерөн­хийлөгчид бас нэг таагүй зүйлийг дуулгав. Тэд сардаа 320 сая ам.дол­лар болж байгаа Афганистанд үзүү­лэх Америкийн тусламж  хэрхэн ашиглагдаж байгаа тухай илтгэлийг бэлтгэжээ. Илтгэлийг зохиогчид 2014 онд НАТО Афганистанаас явахад тус орон санхүүгийн болон сэтгэл санааны хатуухан хямралтай учирна гэж үзжээ. Одоо тусламж маш муу ашиглагдаж, авлигыг төрүүлснээр Кабулын нөөцөө ашиглах боломжийг сүйтгэж байна гэж тэд дүгнэжээ. Тусламж нь байдлыг тогтвор­жуулж байгаа баталгаат баримт маш бага байна. Харин тусламж үзүүлж байгаа үр дүн нь зориулагдсан үүргээс эсрэгээр ашиглагдаж байна хэмээн уг илтгэлд бичсэн байлаа.

Ш.МЯГМАР

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж