Хууль бусаар хил нэвтрэгчдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Хууль бусаар хил нэвтрэгчдийг баривчилжээ

Умард Солонгосын есөн хууль бусаар хил нэвтрэгч завиар Өмнөд Солонгосын нутагт нэвтэрсэн талаар тус улсын батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.

Умард Солонгосоос дүрвэсэн тэдгээр есөн иргэнийг Өмнөд Солонгосын тал байцааж буй ажээ. Тэд Солонгосын хойгийн баруун эрэгт өнгөрсөн бямба гаригт завиар хүрсэн байна.  Тус улсын эзэмшлийн бүсэд Умард  Солонгосын 31 иргэн  өтгөн манантай үеийг ашиглан загасчны завиар нэвтрэх гэж оролдсон хэрэг хэдэн сарын өмнө гарч байсан юм. Сөүл тэдгээр умард Солонгосчуудын 27 нь нутаг буцааж, Өмнөдөд үлдэх хүсэлт тавьсан дөрвөн иргэнийг Умардад хүлээлгэж өгөхөөс татгалзсан билээ.

Харин Пёнгёны эрх баригчид Өмнөд Солонгосыг дөрвөн иргэнийг нь албадан үлдээсэн гэж буруутгасан юм. Умард Солонгосоос дүрвэсэн есөн иргэн Шар тэнгисийг гатлан Удо арал дээр ирсэн ажээ. Өмнөд Солонгосын “Yonhap” мэдээллийн агентлагийн мэдээлснээр тэдний дунд дөрвөн хүүхэд байсан гэнэ.

Дүрвэгсэд Өмнөдийн хилийн харуултай тааралдах үедээ гараа даллан, тэднийг нутаг буцаалгүй хамгаалалтдаа авахыг хүссэн байна. Умард Солонгосчууд Өмнөд рүү дүрвэхийн тулд маш эрсдэлтэй замыг туулдаг ажээ. Умардын цэргийнхэнтэй тааралдсан тохиолдолд тэд маш хатуу шийтгэл хүлээдэг байна.

Умард Солонгосын хууль бусаар хил нэвтрэгчилд тус улсын Хятадтай хиллэдэг хэсгээр хил нэвтэрдэг ажээ. Шар тэнгисийг гаталж хичнээн хүн хил нэвтрэхийг оролддог нь тодорхойгүй боловч маш цөөхөн нь Өмнөдөд ирдэг гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж