Хувьцаанаас мөнгө амталж болно гэдгийг мэдэрсэн монголчууд олон улсын хөрөнгийн зах зээлд хэдийнээ тоглолт хийгээд эхэлчихлээ. Монголын уул уурхайн 26 компанийн 30,8 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээ бүхий үнэт цаас Лондон, Торонто, Хонгконг, Австралийн биржээр арилжаалагдаж байгаа гэнэ. Дээрх компаниудын үндсэн үйл ажиллагаа нь Монголд явагддаг ч үнэт цаасныхаа арилжааг гадаадад явуулахаар сонгосон тэдний сонголт Монголын хөрөнгийн зах зээлд өгөх үнэлт, дүгнэлтийн илэрхийлэл болоод байна.
Мэдээж, компанийн эзний хувьд бараа бүтээгдэхүүнээ хэнд хэдээр зарах, тэр тусмаа хэнээр зуучлуулах нь түүний сонголт. “Юмны эзэн сумны занги”-д бараа бүтээгдэхүүнээ хаана борлуулж, хаанаас өндөр ашиг хүртэх, хаанахын суваг нь илүү найдвартай, эрсдэл багатай зэргийг чухалчилах нь тодорхой. Харин Монгол Улсын хувьд Монголын нэрээр гадаадад арилжаалагдаж буй 30,8 тэрбум ам.долларын үнэт цаасыг үндэснийхээ биржээр арилжаалж чадаагүйн төлөө өөр олон боломжоо алдаж байгаа нь бас л тодорхой. Энэ 30,8 тэрбум ам.долларыг монгол төгрөгт хөрвүүлбэл 36 их наяд төгрөгийн үнэт цаас гадаадад арилжаалж байна, монголчууд. Хэрвээ дээрх үнэт цаасыг Монголын хөрөнгийн зах зээлд арилжаалсан бол нэгдүгээрт, монголчууд уг үнэт цаасуудыг шууд худалдан авах боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, Монголын санхүүгийн сектор өргөжиж, тэрхүү үнэт цаасыг дагалдах гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх байлаа.
Үүнийг үсчингийн газартай жишвэл, үсчингээр үйлчлүүлэх хүний тоо ихсэх тусам хөрөнгө нь аривжиж, тэр хэмжээгээр ажлын байраа өргөжүүлж, ажилчныхаа тоог өсгөхтэй л адилхан хэрэг юм.Тэгэхээр дээрх үнэт цаас Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдсан бол манай хөрөнгийн зах зээл тэлж, брокер диллерээр үйлчлүүлэгчид өсч, банк, санхүүгийн секторын мөнгө арвижиж, ажлын байр нэмэгдэх байв.
Монголын хөрөнгийн биржид 2007, 2008 онд 15 компани IPO гаргасан бол 2009, 2010 оныг нам гүмхэн үдэж, харин 2011 онд таван компани IPO хийх хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороонд тавиад байгаа юм байна. Тэдний дотор “Эрдэнэс Тавантолгой” компани багтаж буй. 2009-2010 онд IPO гаргах компани байгаагүй нь “Анод”, “Зоос” банкны дампуурлаас үүдэлтэй гэх хүмүүс байгаа юм. Хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргасан дээрх банкуудын дампуурал хүмүүсийн хөрөнгийн зах зээлд итгэх итгэлийг сулруулсан. Тэр тусмаа Монголын хөрөнгийн биржид итгэх олон хүний итгэл эвдэрсэн нь эдийн засагт ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь бий.
2011 он гарсаар Монголын хөрөнгийн биржид 98 удаагийн үнэт цаасны арилжаа явагдаж, нийт 37.1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 61.6 сая ширхэг үнэт цаасыг арилжаалсан нь өнгөрсөн оны мөн үеэс 23.4 тэрбум төгрөгөөр өссөн аж. Түүнчлэн тус биржид бүртгэлтэй байгаа компаниудын үнэт цаасны зах зээлийн үнэлгээ хоёр их наяд 84.1 тэрбум төгрөгт хүрчээ.
Стратегийн ач холбогдолтой 15 обьектоос Багануур, Шивээ-Овоогийн хувьцаа л Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдаж байгаа юм байна. Энэ оны эцэс, ирэх оны эхээр гадаад, дотоодын биржээр арилжаалагдах “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эс тооцвол шүү дээ. Харин стратегийн жагсаалтад багтсан, Монгол Улсын хөгжлийн хөшүүрэг гэгддэг Оюутолгойн хувьцааг Монголын хөрөнгийн биржээр худалдаалах асуудал ор сураггүй хэвээр. Уг нь тус ордын хөрөнгө оруулагч нартай хийсэн гэрээ ёсоор бол ордыг эзэмшигч компанийн хувьцааны 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаалах үүрэгтэй. Энэ нь компанийн үйл ажиллагааны цэвэр тунгалаг байдал, ашиг орлого нээлттэй байлгахаас гадна манай Хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд ихээхэн дэм болж, гадаадын компаниуд орж ирэх бололцоог ч нэмэгдүүлэх ёстой байлаа. Гэвч хөрөнгө оруулагч нар манай Хөрөнгийн биржид итгэл үзүүлэх болоогүй нь илэрхий.
Монголын хөрөнгийн зах зээлийн алдаа дутагдлыг арилгаж, ажлыг нь дэлхийтэй хөл нийлүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар өндөр үнээр гадаадын багийг хөлсөлж, менежмэнт хийх эрхийг Лондонгийн хөрөнгийн биржид атгуулсан билээ. 210 жилийн туршлагатай Лондонгийн биржийнхэн Монголын хөрөнгийн биржийг хөл дээр нь зогсоох хөлс нь 14,2 сая ам.доллар. Энэ зардал харин энэ оны төсөвт суугаагүй байсан учир Засгийн газар “Ажлын мастер гэрээ”-ний дагуу англичуудад олгох ажлын хөлсийг нь эхний ээлжинд арилжааны банкуудаас зээлж, жилийн 6,5 хувийн хүү төлөхөөр болсон. Өөрөөр хэлбэл, энэ зээлийн ард Засгийн газрын нэрийн хуудас байгаа.
Англичуудыг 14,2 сая ам.долларын хөлстэйгээр гурван жил ажиллуулсны эцэст Монголын хөрөнгийн бирж зөвхөн хувьцаа, бондоор тогтохгүй опцион, фьючерс, индекст суурилсан бүтээгдэхүүн, моргейжийн үнэт цаас зэрэг бүх төрлийн үнэт цаасыг арилжих боломж нээгдэх гэнэ. Мэдээж, сайхан хоол ярихад арааны шүлс асгардагтай адил биелүүлж чадвал чихэнд чимэгтэй л мэдээлэл байгаа биз. Ямар ч байсан гурван жилийн дараа Монголын хөрөнгийн биржийг яая даа гэтэл өөрчлөх нь хэмээн итгэж суухаас.
Гэхдээ Монголын хөрөнгийн бирж “моод”-онд ортлоо дахиад гурван жилийг зарцуулна гэхээр энэ хугацаанд дотоодын хэчнээн компани өөрийн биш, өрөөлийн зах зээлд үнэт цаасаа арилжаалж, тэнд хөрөнгө оруулахыг тооцож байгаа хүн, тооцоолж гаргасан судалгаа харамсалтай нь алга. Англичуудад ажлаа даатгачихаад ангайтлаа сууж байтал асуудал бишидвэл яах вэ. Үүнийг давхар бодолцсон уу. Уг нь хашир хүн гэж хаширсан хүнийг л хэлдэг шүү дээ.
МИАТ-ыг хөгжүүлнэ хэмээн өндөр хөлсөөр ажилласан өнөөх ирландчууд шиг л хөрөнгийн зах зээлийн хөл толгойгоор тоглочихгүй гэх баталгаа бий юу. Өндөр үнэтэй баг хөлслөөд үр дүнг нь амсахын оронд өөрсдөө өрөнд орж, өтөнд баригдсан тохиолдол манайд цөөнгүй байгааг мартаж болохгүй.
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин