Тавантолгой VS Ухаа худаг

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

“Хэлэлцээр өрнөж байна, үргэлжилж байна, тендерийн ялагч хараахан шалгараагүй бай­на”. Ажлын хэсгийнхний ан­гайх тоолонд нь амнаас унадаг энэ үгийг сонссоор байгаад зал­­хах маягтай. Тендерийн сон­­­гон шалгаруулалт хэзээ дуусч, хэдийд стратегийн хө­­­рөнгө оруулагчийг тодруулж, хэ­­зээнээс төсөл төлөвлөгөө бодит ажил болж, Монголчууд үр ашгийг нь хүртэж эхлэхийг хэ­­­лээд өгчих хүн лав ажлын хэсгийнхэнд алга.

Тавантолгой төслийн ажлын хэс­­гийн ахлагчаар Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ажиллаж, аж­лын хэсгийн гишүүнээр нь Зам тээвэр, барилга хот бай­гуулалтын сайд Х.Баттулга, Зас­гийн газрын Хэрэг эрхлэх газ­рын дарга Ч.Хүрэлбаатар, Тө­рийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэс МГЛ” ком­панийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш нар томилогдсон.

Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн орд газ­рыг эргэлтэд оруулахаар зар­лас­наас хойш цөөнгүй ху­гацаа өнгөрчээ.  Засгийн га­зар Тавантолгойн тендерийг хэр­хэн явуулахыг олон нийтийн зүгээс анхааралтай ажиглаж буй. “Эрдэнэс MГЛ”-ээс Таван­толгойн орд газрыг эргэлтэд оруулж, мөнгө олохоор хоёр ч тендерийг зарласан. Эхнийх нь Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” компанийн за­хиал­гаар олборлолт хийх ком­­па­ни, консорциумыг тодруулах олон улсын нээлттэй тендер. Нөгөө нь  Цанхийн баруун хэ­сэгт хөрөнгө оруулж, олборлолт хийн, борлуулалтаа өөрөө ха­риуцах эрх бүхий компани, кон­сорциумыг шалгаруулах тендер.  

Эхнийх буюу Цанхийн зүүн хэсэгт зарласан тендерт БНЭУ-ын “MESCO steel”, ХБНГУ-ын “BBM Operta”, Авст­ралийн “Macmahon” нар өр­сөлдөж буй. Харин Цанхийн баруун хэсэгт буюу стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах УИХ-аас баталсан 39 тогтоолын дагуу ажлын хэсгийн нөхдүүд Хятадын Шиньхуа энержи”, Японы “Иточу” болон “Мицуй” компаниудын консорциум, БНСУ-ын компаниудын нэгдэл, ОХУ-ын “Оросын төмөр зам”, Америкийн “Пибоди энержи”, Энэт­хэгийн “Жиндал стийл энд пауэр”, Бразилийн “Вале” зэ­рэг компани, консорциумтай хэ­лэлцээр хийгээд дөрвөн сарыг үдлээ.  

Ямар удаан өрнөдөг хэлэлцээр, ямар их яриа хөөрөө, яасан их хүлээлт вэ. Коксжих нүүрснийхээ чанараар нэгдүгээрт зогсч буй  6,4 тэрбумын нөөцтэй Тавантолгойн ордыг  монголчууд хэнтэй хамтарч эзэмших вэ гэдэг асуудалд дэлхий хүртэл сонороо дэлдийлгээд байна.  Гэтэл монголчуудын төлөвлөгөө, төсөл нь үхэр тэргээр туулай гүйцэхтэй л адилхан урагшлах дэг.

Тендер зарлаж байна хэмээн бүтэн нэг сар, тендерийн хураангүй жагсаалтыг гаргах нэрийдлээр бас бүтэн сар, хэлэлцээрийн ширээний цаана дөрвөн сарыг өнгөрөөж буйгаас харахад энэ төслийг удаашруулах сонирхол хэн нэгэнд байгаа бололтой. Хэн нэгний ашиг сонирхолтой зөрчилдөөд байгаа болохоор хэлэлцээрийн ширээний ард уях, удаашруулах лобби хийж буйг үгүйсгэмгүй. Үүнийг ч ажлын хэсгийн гишүүн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нотлоод байх шиг. Түүний хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагаас  иймэрхүү хардлага төрөхөд хүрсэн.  Ямар сайндаа л  “Тавантолгойн ордын ашиглалт хоцорч яригдах болсон нь шулуухан хэлэхэд Ухаа худагтай холбоотой л доо. Ухаа худгийг том Тавантолгойн ордоос өрсөж эхлүүлэхийн тулд лобби ч сайн хийж, нөлөө ихтэй байж чадсан. Тэгээд л том Тавантолгойн төсөл хоцорчихсон. Ингэхгүй бол Ухаа худгийн хувьцаа үнэд орохгүй байсан шиг байгаа юм” хэмээн багрин тавин ярьсан байна лээ.

Тэгэхээр Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах хугацааг сунгах, энэ завсар хожих гэсэн хүмүүсийн нөлөөлөл “Хэлэлцээр хийж байна” гэх гоё үгээр хайцаалагдаад байгаа юм биш биз. Гэвч нөгөө талаас стратегийн хөрөнгө оруулагчийг их няхуур тодруулахгүй бол эдийн засгаас хараат их гүрнүүдийнхээ дургүйг хүргэчих магадлалтай учраас л урт удаан хугацаа авч байж болох. Харин Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиалгаар олборлолт хийх компани, консорциумыг тодруулах ажил яагаад цаг алдаад байгааг ойлгохгүй нь. Тендерт ердөө л гуравхан компани өрсөлдөж буй. Тэднээс ялагчийг тодруулахад тийм хэцүү байна гэж үү. Уул уурхайн ажил улирлын чанартай. Урин дулаан цагийг ашиглаж, хөрсөө хуулж, олборлолтоо явуулахгүй бол дахиад бүтэн жил хүлээнэ гэсэн үг. 

“Эрдэнэс МГЛ”-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш “Өнгөрсөн  оны зургадугаар сараас эхлэн зүүн Цанхийн хөрс хуулалтын ажил үндсэндээ дуусч олборлолтын ажил эхлэхэд бэлэн болоод байгаа. Уг ордоос жилд арван сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байна. Харин энэ ондоо багтаан нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлж, 2013 онд ашиглалтад оруулах юм” хэмээн гоё мөрөөдөл зурж байсан нь яачихав.  Гэтэл Тавантолгойн ордтой хүй нэгтэй Ухаа худгийн ордод “Энержи ресурс” компани Монголд анхны гэх тодотголтой нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулчихлаа. Энэ нь хувь ба хувьсгалын ажлын хурд ямархуу ялгаатай өрнөдгийн нэг үзүүлэлт юм.

Албаны эх сурвалжийн хэлснээр стратегийн хөрөнгө оруулагчийг энэ зургадугаар сард тодруулахаар товлож буй гэх. Үнэндээ зургаан сар хэлэлцэж  байж арайхийн тодрууллаа гэхэд монголчууд долдугаар сардаа баярлаж, наймдугаар сардаа амарч энэ тэр болсоор ирэх онд энэ янзаараа сууж байвал иргэд минь битгий гайхаарай. Энэ нь төрийн ажлын байдгаараа л чармайж, зүтгэж буй байгаа бүх хурд шүү дээ.

Ж.НЯМСҮРЭН

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж