Харин эцэст нь санхүүгийн хямралын улмаас үнэ эргээд унах үеэр тэдгээр орнуудын төр засгийн зүгээс ашигт малтмалын салбарт ноогдуулсан татварыг эргэн харж зохицуулах болсон байна. Харин энэ удаагийн “хоёрдахь давалгаа” нь бизнесийнхний хувьд өмнөхөөсөө ч илүү хэцүү нөхцөл үүсгэж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа юм. Файнэншэл таймс сонинд мэдээлснээс үзэхэд ашигт малтмалын нөөцөө ашиглуулж байгаа улс орнуудын засаглалын зүгээс зөвхөн татвараа нэмээд зогсохгүй улмаар лиценз олгох нөхцөлөө чангаруулах, эргэн өөрчлөх, төрийн зүгээс гадаадын болон хувийн компаниудын хэрэгжүүлж байгаа төслөөс аль болох их хувь авах, тэр ч байтугай төрийн мэдэлд шилжүүлэх оролдлогуудыг ч хийж болох гэнэ.
Ямар ч байсан одоогоор ашигт малтмалын салбарт ноогдуулж байгаа татварын хэмжээгээ нэмсэн гэдгээ Австрали, Их Британи болон Перу улсууд зарлаад байгаа юм байна. Тэгвэл дэлхийн хэмжээнд улам бүр үнэ цэнэтэй болж байгаа байгалийн баялаг нөөцтэй Африкийн орнууд болох Нигери, Алжир, ӨАБНУ болон Конго зэрэг орон нефьтийн олборлолтод ноогдох татвараа нэмээд байгаа юм байна. Харин ОХУ байгалийн хийн салбар дахь татвараа нэмэх, Казахстан улс өөрийн газра нутаг дээр байгаа газрын тосны орд газруудад явуулж байгаа олборлолтын ашгаас авах хувиа нэмэхийг оролдож байгаа аж.
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин