Facebook зуун тэрбумын үнэтэй

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Facebook зуун тэрбумын үнэтэй

Тун удахгүй анхдагч хувьцаагаа гаргах гэж байгаа Facebook мэдээллийн сүлжээний үнэ цэнэ 100 тэрбум ам.доллараас давж гарахаар байгаа тухай мэдээлжээ. Facebook-ийн анхны хувьцаанууд ирэх оны эхний улирлаас бирж дээр арилжаалагдаж эхлэх бололтой. Харин энэ асуудлаар зарим нэг нэр хүнд бүхий шинжээчид арай өөр үнийн багцаа хэлж байна. Тухайлбал санхүүгийн чиглэлээр тойм бичдэг шинжээч Дэвид Диц гэгч Facebook-ийн бодит үнэ 40 тэрбумаас давахгүй гэж баталж байгаа аж.

Түүний хэлснээр бол Facebook-ийн хэрэглэгчдийн тоо өсөх байдал улам бүр удааширсаар байгаа бөгөөд цаашдаа энэ сүлжээ урьдынх шигээ амжилттай ажиллана гэсэн ямар ч баталгаа байхгүй байна гэж хэлсэн байна.

Facebook-ийн үнэ цэнийн талаар өнгөрсөн оны сүүлээр яригдаж олон янзын таамаглал дэвшүүлж байсан ч чухам хэд хүрэхийг нь таахад бэрх байгаа аж. Дэлхийн нэр хүндтэй санхүүгийн байгууллага болох Голдмэн Сакс гэхэд л энэ оны эхээр Facebook-ийн үнэ 50 тэрбум  ам.доллар болно гэж мэдэгдсэн байна. Үүний дараагаар Facebook-ийн үнийг энэ хэмжээнээс хоёр ч удаа нэмэгдүүлэн үнэлж байжээ.

Өнгөрөгч гуравдугаар сард хөрөн­гө оруулалтын Женерал Атлантик хэмээх сангаас Facebook-ийн 0.1 хувь­цааг худалдан авсан бөгөөд ингэх­дээ Facebook-ийн үнийг 65 тэрбум ам.дол­лар хэмээн тооцож төлбөрөө хийсэн байна. Тэгвэл оросын шинжээчид Facebook нь 76,4 тэрбум ам.долларын үнэд хүрч чадна гэж зарлаж байжээ.

Дашрамд дурдахад 2004 онд бирж дээр Google-ийн хувьцааг арилжаалж байснаас хойшхи хүмүүсийн хамгийн их хүлээж байгаа үнэт цаасны арилжаа нь Facebook-ийн IPO-ийн арилжаа байх болно гэж санхүүгийн ажиглагчид үзэж байна. Мөн хувьцаагаа саяхан амжилттай арилжаалсан Яндекс болон Linkedln зэрэг интернэт сүлжээний амжилтын дараа интернэт компанид хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчдын сонирхол нэлээд өндөр байгаа аж.  Facebook нь өнөөдөр дэлхий дээрхи хамгийн өргөн тархсан хамгийн их хэрэглээтэй сүлжээ болж чадсан байна. Энэ сарын эхний байдлаар тоолоод үзэхэд хэрэглэгчдийн тоо нь хэдийнээ 680 саяыг давсан байна.

М.НАСТ

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж