Иргэний зориг Ногоон намын бүрдүүлж өгсөн материалтай анх танилцсанаасаа хойш Дээд шүүх хэд, хэдэн бичиг баримт нэмж шаардсан. Намын нэр бүртгэх эсэхэд огт хамааралгүй аар саар зүйл шаардаж байгааг тус намын удирдлагууд “адилхан хүсэлт гаргасан МАХН-ын нэрийг бүртгэхгүй удаж буй хэрнээ манай намынхыг дор нь шийдээд өгөх эвгүй байгаа юм байлгүй дээ” гэх утгаар хүлээж авсан. Гэвч шинээр бүртгүүлэх хоёр намын ар талд адилхан хэл ам гараад байгаа билээ.
МАН хуучин нэрээ өмчилчихөөд “хэнд ч өгөхгүй” гэсэн бол Ногоон намыг татан буулгахгүй гэсэн тэмцэгчид өнөөг хүртэл байр сууриа илэрхийлсээр. Сонирхолтой нь аль алиных нь ард өнөөх л Н.Энхбаярын ашиг сонирхол нуугдаад байна гэсэн таамаглалыг зарим ажиглагчид дэвшүүлж байна. Ногоон нам Улсын Дээд шүүхийн улс төрийн намуудын бүртгэлээр гуравдугаарт бичигддэг. Энэ эрэмбэ саналын хуудсан дахь нэрсийн жагсаалтад ч гэсэн чухал нөлөө үзүүлдэг гэдэг утгаараа үнэ хүрэх л зүйл. Ногоон намд байсан ганц өмч, ганц давуу тал нь ч байж мэдэх “3”-ын тооны төлөө Н.Энхбаяр өндөр мөнгө амлаж, О.Бум-Ялагч нарын нөхдүүдтэй намыг нь наймаалцах хүсэлтэй байгаа гэсэн таамаглал эртнээс л сонсогдсон. Үүнээс өрсөөд Ногоон намыг өөртөө нийлүүлэх эрмэлзэл Иргэний зориг намд байсан нь ч ортой зүйл.
Н.Энхбаярын намын нэр МАХН-ыг Улсын дээд шүүхээс бүртгэхгүй тохиолдолд Ногоон нам түүнд хамгийн сүүлчийн найдвар болон харагдаж байгаа. Ийм учраас Ногоон намыг Иргэний зоригт зүгээр өгчиж болохгүй учраас ар талд нь ажиллах ёстой. Энэ таамаглалыг үнэнд ойртуулах бас нэг баримт бол энэ хаваржин шуугисан цөмийн хаягдлын маргаан юм.
Монголд цөмийн хаягдлын агуулах байгуулахаар Монголын албаны хүмүүс Япон, АНУ-ын холбогдох албаны хүмүүстэй ярилцсан байна гэдэг мэдээлэл гадаад эх сурвалжаар дамжин Монголын хэвлэлүүдээр цацагдсан. Японы “Майничи” хэмээх нэр хүнд бүхий сонинд дараа дараагийн мэдээллүүд ч хэвлэгдсэн. Монголын талын холбогдох албадаас үүнийг үгүйсгэсэн ч хамгийн сүүлд Чойрт хэсэг бүсгүйчүүд хамтран хэвлэлийн хурал хийж, “Ийм нөхцөл байдал үүсчихээд байхад Ногоон намын дарга Д.Энхбат намаа тарааж байгааг эсэргүүцэж байна” гэсэн байр суурь илэрхийлжээ.
Явж явж цөмийн хаягдлыг Монголд булшлах асуудал Ногоон нам Иргэний зориг намтай нэгдэх болсонтой холбоотойгоор, тэр тусмаа Ногоон намыг Д.Энхбатад биш, Н.Энхбаярт өгөх гэсэн улс төрөөс үүдсэн бололтой. Цөмийн хаягдлын асуудлыг одоо Германд амьдарч буй иргэний хөдөлгөөний нэг төлөөлөгч анх цацсан гэх мэдээлэл ч байх аж. Дэлхийн Ногоон намуудын төв нь Германд байдаг, “Майничи” ногоон редакцитай гэхчлэн тэрхүү мэдээллийг “ногооруулах” нөхцөл ч гайгүй сайн байснаас сенсааци дэгдсэн гэх.
Ногоон намыг татан буулгасан нь холбогдох хуульд заасан ёсоор шийдэгдсэн үгүйг нотлох баримтуудыг Улсын Дээд шүүх нухацлаж байгаагаас Иргэний зориг-Ногоон намыг бүртгэх асуудал сунжирч байгаа. Ногоон нам татан буугдаагүй, Д.Энхбатын “улс төр” хууль бус гэж тэмцэгчид нотолбол, нөгөө талд Н.Энхбаярт “МАХН” нэр олдохгүйд хүрвэл, юмыг яаж мэдэх вэ Ногоон нам олдох ч юм билүү. Энэ бол таамаглашгүй зүйлээр дүүрэн улс төрд байж болох л “таамаг”.
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин