“Данх” гуйдаг ч юм уу?!

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

“Данх” гуйдаг ч юм уу?!

“Аяга цай”, арай дээрдүүлээд “данх” гуйдаг ч юм уу?!

Юу ч үйлдвэрлэдэггүй Монголд юм юм л хэрэгтэй нь үнэн. Гэхдээ гачигдаж дутсан, хэрэгтэй гэсэн бүхнээ гадаадаас хэн нь ч хамаагүй гуйгаад явж болдоггүй байх. Монгол Улсын Ерөнхийлөгч саяхан ОХУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд нэг асуудлыг чухалчлан үзсэн нь Монголд нийлүүлэх нефть бүтээгдэхүүний хангамж.

Бензин, шатахууны хангамж бол Монголын эдийн засаг, өдөр тутмын амьдралын зохион байгуулалтад ч нөлөөлөх чухал асуудал боловч Засгийн газар, аж ахуйн хүрээний л хэрэг явдал. Нэг улсаас хараат байгаагийн хувьд үе үе аминд тулсан асуудал дэгдээдэг учраас төрийн өндөр дээд төвшинд ярихаас өөр аргагүйд хүрдэг ч байх. Оросууд Монголын нефть бүтээгдэхүүний хангалтыг хариуцахаар бидний өмнө ямар нэг үүрэг хүлээх албагүй. Зөвхөн эдийн засгийн аргаар л зохицуулагдах зүйл боловч хомсдол үүсэх бүрт Оросуудыг хардаж, харааж, гуйж, тал засч,.. арга бүхнээ гүйцээнэ.

Гэнэтхэн үүсчихээгүй, тэр тусмаа Оросууд зориуд хавхалчихаагүй энэхүү арга ядсан байдлаасаа гарах, өөрчлөх аргыг хэн ажил хэргийн төвшинд бодож, ярьж, хэлэлцсэн билээ. Ямар үр дүнд хүрсэн билээ гэхээр хариулт олдохгүй.

Ерөнхийлөгч байх үедээ Н.Энхбаяр 2007 онд Арабын орнуудаар айлчлахдаа бас л нефть боловсруулах үйлдвэр барих тусламж хүсч байсан. Энэ удаад ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд нефть боловсруулах үйлдвэрийн талаар өгүүлэл тавих гэж байна.

Айл, өрх болгон нь автомашинтай ч газар тариалан, уул уурхайгаас өөр томоохон үйлдвэрлэлгүй Монголд жилийн шатахууны хэрэгцээ 880 мянган тонн. /өмнөх онд импортолсон шатахууны хэмжээ/ Энэ хэмжээний шатахууны хэрэгцээг хангах арга нь ганц ОХУ байсаар ирсэн. Бас өөрсдөө олборлодог нефтиэ дотооддоо боловсруулж, хэрэгцээнийхээ тодорхой хэсгийг хангах боломж харагдаж байгаа ч төрийн бодлого дутагдсаар ирсэн.

Үр дагаварт нь бид Ерөнхийлөгчөөсөө эхлээд ерийн бизнесмэн нь хүртэл гадаадаас шатахуун гуйж, сандарч явна. Одоо асуудлыг арай томруулаад шатахуун гаргах үйлдвэр гуйж байна. Том гүрнүүдэд бол бид гаднаас аяга цай, нэрэлхэхдээ одоо данх гуйгаад яваа л харагдах биз?!  Одоо яая гэхэв. Хамгийн гол нь энэ байдлаа эцэслэх бодлого энэ тэрээ л цэгцлэх ёстой байх. Нэг их том бодлого хүсээд буй хэрэг биш л дээ. Гадагшаа айлчлалд явах болохоороо нефтийн үйлдвэргүйгээ санадаг, гуйдаг байдлаа л эцэслээд ирсэн хойноо ажил хэрэг болгоосой гэж хэлэх гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийж буй айлчлал хоёр орны улс төр, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд чиглэж буй. Ялангуяа эдийн засгийн харилцааг өргөжүүлэх… Тэр дундаа шатахууны асуудал нэг улсаас хараат байгаа өнөө үед нефть боловсруулах үйлдвэрийн технологи дээр хамтран ажиллах асуудлыг тавьж байгаа. Энэ бол бодлогын зөвлөхийн өгч буй тайлбар бөгөөд АНУ-тай өргөжүүлэн хөгжүүлэх эдийн засгийн харилцааны гол нь дахиад л шатахуун, шатахуун байх нь.

Нефть боловсруулах үйлдвэрийн асуудал үе үе сөхөгдсөөр ирдэг ч үүнийг бодит зүйл болгохоос айдаг бизнес, улс төрийн сонирхол бидэнд өөрсдөд маань байсаар ирсэн. Шатахуун импортлогчид, тэдний ард санхүүждэг улс төрийн бүлэглэл, хүчин… Хувийн хэвшлийнхний зүгээс энэ төрлийн үйлдвэрлэл явуулахаар төр засагт хандаж, тусгай зөвшөөрөл энэ тэр хүссэн удаа цөөнгүй. Гэвч үүнийг нь дэмжихийн оронд тээг болж, хувийн сонирхлоор татаж унагааж ирсний гай, эрх ашгаа эрэмбэлэх ёс суртахуун дутсаар ирсний л үр дагавар энэ.

Уг нь шатахуун гуйна, үйлдвэрийн технологи хайна гэдэг бол улсын тэргүүний хийдэг ажил биш. Ард нь Засгийн газар, УИХ гэж бий. Энэ хавиас бодлогоо гаргаад бие биеэ шахаад явсан ингэж нүдээ бүлтэлзүүлж, нүүрээ ширлэж явах шалтгаан байхгүй. Гэвч өнөөдрийг хүртэл айлаас аяга цай, арай дээрдүүлээд данх, домбо л гуйгаад улс даа, бид.

З.БОРГИЛ

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж