Эгийн голын станцыг зүтгүүлье

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

Эгийн голын станцыг зүтгүүлье

Эгийн голын станцыг зүтгүүлье

БНХАУ-аас 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болсон. Энэ хөрөнгөөр Эгийн голын усан цахилгаан станц барих тухай асуудал яригдаж байгаа ч зарим гишүүд саналын зөрүүтэй байгаа юм. Тиймээс зээлийн хөрөнгөөр цахилгаан станц барих нь  оновчтой шийдвэр болж чадах эсэхийг УИХ-ын гишүүдээс тодрууллаа.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ:

-Ерөнхийдөө эрчим хүчний эх үүсвэртэй байх нь ямар ч улс оронд хэрэгтэй. Ялангуяа манайх шиг эрс тэрс уур амьсгалтай, эрчим хүчний хэрэглээ ихтэй улс орны хувьд. Хоёрдугаарт байгалийн нөхөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бол нүүрс, нефть шиг алга болчихдоггүй. Эгийн голын усан цахилгаан станц бол байнга нөхөн сэргээгдэх эх үүсвэрээр тэжээгдэх учир амжилттай хэрэгжвэл манайд чухал ач холбогдолтой гэж би харж байна. Харин эдийн засгийн талаасаа яаж шийдэхийг нарийн тооцоо судалгаа хийсэн мэргэжилтнүүд мэдэж байгаа байх.


УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭНХБАЯР:

Монгол Улс БНХАУ-аас 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар шийдсэн. УИХ-аар зээлийн гэрээг баталсан. Энэ хөрөнгөөр Засгийн газар Эгийн голын усан цахилгаан станцыг санхүүжүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна гэж би ойлгосон. Миний байр суурь бол энэ төслийг дэмжиж байна. Яагаад гэвэл нэгдүгээрт эрчим хүчний бие даасан хараат бус ийм системийг бид үүгээр баталгаажуулна. Хоёрдугаарт дэлхий даяар нүүрстөрөгчийг хязгаарлахын тулд гэрээ, конвенц байгуулаад, улс болгон санаачлага гаргаад ажиллаж байна. Тиймээс сэргээгдэх эрчим хүч ашиглах нь зүйтэй. Гуравдугаарт гадагшаа урсацтай гол мөрнийхөө усыг нутагтаа барьж үлдэх боломж бүрдэнэ. Дунджаар таван тэрбум шоо метр цэвэр усны нөөц бий болно. Үүнийг дагаад аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ,  бизнес, аялал жуулчлал бий болно. Мөн тэр бүс нутагт эрчимжсэн аж ахуй, газар тариалан эрхлэх боломж бүрдэхээс гадна уур амьсгалд таатай нөлөөлөл үзүүлнэ. Учир нь хуурайшилт цаг агаарын өөрчлөлт дэлхийн дулааралтай холбоотойгоор олон газар илэрч байна. Тиймээс бид аль болох усан сан бий болгох, цэвэр усны нөөц бүрдүүлэх хэрэгтэй. Би дээрх гурван үндэслэлээр дэмжиж байна.


УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ:

Эгийн голын усан цахилгаан станцыг хийх ёстой. Учир нь цахилгааныг хадгалж, нөөцөлж, их ачаалалтай үед тохируулаад хэрэглэж болохгүй. Харин сэргээгдэх эрчим хүчээр босгосон цахилгаан станцыг бол тохируулах боломжтой юм байна гэж би харж байна. Хоёрдугаарт энэ төслийг гүйцэтгэчихвэл хамгийн бага зардлаар эрчим хүч гаргах боломжтой болох юм. Харин барьж байгуулах үнэ өртгийн асуудлаа шийдчихвэл би хувьдаа дэмжиж байна.


УИХ-ЫН ГИШҮҮН Ө.ЭНХТҮВШИН:

Эгийн голын усан цахилгаан станцыг барих ёстой. Харин ч 1990 оны эхэн үеэс хэд хэдэн удаа оролдоод хойшлогдсон. Энэ бол үнэхээр шийдэх ёстой асуудал, барих ёстой байгууламж юм. Хамгийн гол нь эрчим хүчний хараат байдалтай холбоотой. Байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг олон жил ярьсан. Эцэст нь олон улсын байгууллагаас судлаад ямар ч нэг сөрөг нөлөөлөл байхгүй гэсэн дүгнэлт ирүүлсэн байна. Би хувьдаа дэмжиж байна. Хурдан бариасай гэж бодож байна. Чингис бондыг маш олон бүтээн байгуулалтад зарцуулсан. Харин энэ удаад гаднаас авч байгаа зээлийн хөрөнгийг Эгийн голын усан цахилгаан станцад зарцуулбал хамгийн зөв алхам болно.


УИХ-ЫН ГИШҮҮН А.ТЛЕЙХАН:

Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний системийн тогтвортой ажиллагаа маш чухал ач холбогдолтой. Цахилгаан хэрэглэгчдийн өглөөний их ачаалал, шөнийн бага ачааллын хоорондын ялгаа 300 МВт байгаа. Нэг үгээр бол манай улсын эрчим хүчний систем тогтвортой ажиллах боломжгүй гэсэн үг юм. Тиймээс бид тогтвортой ажиллагааг хангахын тулд ОХУ-аас өндөр хүчдэлийн шугамаар цахилгаан импортолж хэвийн ажиллагааг хангаж байна. Орос цахилгаанаа тасалчихвал бид үндсэндээ 300 МВт цахилгаан хангахын тулд байнга хязгаарлалт хийнэ гэсэн үг юм. Тиймээс цаашид цахилгааны нөөцийг хангахын тулд богино хугацаанд ачаалал авдаг, богино хугацаанд ачааллаа хасаж чаддаг усан цахилгаан станц хэрэгтэй. Би хувьдаа Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг дэмжиж байна. Манай орон өөрийн хөрөнгө байхгүй учраас зээлээр барьж таарна. Гэхдээ зээл авч байгаа ч төсвөөс мөнгө төлөхгүй, гаргасан цахилгаанаа худалдах замаар авсан зээлээ хаах боломжтой.


УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТСУУРЬ:

Ер нь цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай. Тиймээс энэ усан цахилгаан станцыг бариад ашиглалтад оруулчихвал цаашид хямд өртгөөр цахилгаан үйлдвэрлэх боломжтой гэж би харж байна. Бид 1990 оноос хойш ярьсан. Хямд тарифаар цахилгаан үйлдвэрлэж байж бид хямд өртгөөр бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх боломжтой болох юм. Сэргээгдэх эрчим хүч бол харьцангуй хямд байж чаддаг. Тиймээс энэ төслийг дэмжиж байна. Харин бүтээн байгуулалтын төсвийг нягталж үзэх шаардлагатай.

Т.ДАВААНЯМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж