Ч.Сайханбилэгийн амлалт ажил болох уу?

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэгийн амлалт ажил болох уу?

Энэ оны сүүлчээр эдийн засгийн өсөлтийг 2.3 хувьтай гарна гэсэн Азийн хөгжлийн банкны таамаглал бодит байдлаас зөрсөнгүй. Гуравдугаар улирлын статистик мэдээг харахад эдийн засгийн бодит өсөлт 2.5 хувьтай гарчээ. Сангийн яамнаас оны эцсээр эдийн засгийн өсөлт гурван хувьтай, ирэх онд дөрвөн хувьтай гарна гэсэн тооцоо хийж, энэхүү тооцоон дээр үндэслэж баталсан төсөв хөрсөн дээрээ буусан эсэхийг өнөөдөр дүгнэхэд арай л эртэднэ.

Аль хэдийнэ батлагдсан төсвийг шүүмжлэх нь одоо илүүц.  УИХ-ын дарга З.Энхболд хөрсөн дээрээ буусан төсөв болсон гэж ярих нэг хэрэг. Гэхдээ эрх баригчдын хөрсөн дээрээ буусан гэх төсвийн алдагдал  нь нэг их наяд төгрөг буюу ДНБ-ийн 3.4 хувьтай тэнцсэн нь ирэх онд эдийн засаг илүү ихээр өвдөнө гэсэн таамаглалыг эдийн засагчдын зүгээс дэвшүүлэх болсныг анзаарахгүй өнгөрч боломгүй. Тэр тусмаа томоохон төслүүдээс нь нэг нь ч урагшаа яваагүй, Оюутолгойн далд уурхайн ажил ирэх оны хоёрдугаар улирлаас эхэлнэ гэсэн төлөвлөгөө ёсоор бол З.Энхболдын хэлсэн шиг 2016 оны төсвийн бодлого байгаа оносон гэж хэлэхэд бас хэцүү.

Гэвч, АН-ын дарга “Бид сонгуульд ялна. Тэртээ тэргүй бидний нуруун дээр ирэх учраас хариуцлагатай төсөв баталж байна” гэж Үндэсний телевизэд ярилцлага өгөхдөө хэлсэн батлагдах нь уу, эсвэл эдийн засагчдын зүгээс шидэж байгаа хямрал улам гүнзгийрнэ гэсэн болгоомжлуулсан мессеж үнэн болох уу гэдгийг зөвхөн цаг хугацаа шүүх биз.

2016 он гарахад нэг сар, сонгууль болоход хагас жил үлдэж байна. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэгийн засаг бодлогоо хэрэгжүүлэхэд, З.Энхболдын танхимын бүрэн эрхийн хугацаагаа дуусгахад зургаахан сар л үлдсэн байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт ард түмэндээ хандаж гурав дахь удаагаа үгээ хэлсэн. Тэрбээр “Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт гацаанаас гарч, бодит ажил хэрэг боллоо. Та бүхэнд шинэ сэргэг, эерэг сайн мэдээ дуулгая. Олон улсын банкууд 4,2 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт олгохоор энэ 7 хоногт эцэслэн шийдвэрлэсэн байна. Ирэх 12 сарын 16-нд УБ хотод албан ёсоор баталгаажуулж, олон улсад зарлахаар товлолоо. Гүний уурхайн их ажил эргэн сэргэж, эрчтэй хөдөлсний эхний үр дүн татварын орлого 70 сая ам.доллар буюу 140 шахам тэрбум төгрөг төрийн сангийн дансанд шилжин орохоор болсон”-ыг  дуулгасан нь Монголоос илгээж байгаа сайн мэдээ болж байгаа юм. 

Гэвч, нөгөө талдаа гадаад зах зээлээс Монголтой холбоотой муу мэдээ дуулдаж байна.

Монгол Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлд урт хугацаатай ам.долларын бондууд гаргасан. Тэгвэл уг бондуудын ханш өнгөрсөн 11 дүгээр сард багагүй уналттай гарчээ. Засгийн газрын бондуудын ханш унасан шалтгааныг  эдийн засагчид дотоодын эдийн засгийн хямрал болон гадаадаас орж ирэх хөрөнгө оруулалт буурсантай холбон тайлбарлаж байна.

Өнгөрсөн ес, аравдугаар саруудад Монголын Засгийн газраас гаргасан бондуудын ханш өсч, Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэлтэй холбоотойгоор олон улсын хөрөнгийн зах зээлд эерэг хүлээлт бий болсон байв.

Тэгвэл өнгөрсөн 11 дүгээр сард 10 жилийн хугацаатай  гаргасан “Чингис бонд”-ын ханш 3.6 хувиар, 2018 онд эргэн төлөгдөх 5 жилийн хугацаатай бондын ханш 1.7 хувиар тус тус буурчээ.  

Гацаанд орсон Тавантолгой, Гацууртын  асуудал түр намсхийхтэй зэрэгцээд улс төрийн хүрээнд өдөлж буй өөр нэгэн хэрүүл нь өнөөдөр бондын мөнгө болчихоод байна. 

Хөгжлийн банкыг гоочилж, бондын мөнгөөр улс төр хийх болсон АН, МАН-ын хэрүүл үнэндээ олон улсын зах зээл дэх “Чингис бонд”-ын ханшийг унагааж байгааг үгүйсгэхгүй. 

Учир нь уул уурхайн салбарыг тойрсон улс төрийн хэрүүл дэлхийд муу сигнал болон хүрч байгааг Монголын Засгийн газраар овоглосон бондуудын ханшийн уналтаас харж болох юм.

Энэ удаад Ч.Сайханбилэгийн ард түмэндээ хандаж хэлсэн үг эдийн засгаа аврах эсэхийг харах л үлдэж байна.  Өнгөрсөн хаврынх шигээ ам руугаа алгадуулаад өнгөрөхгүй байгаасай гэж бас найдъя. “Хямралаас гарч хөгжье гэвэл нэг нэгэндээ ажил хийхэд нь саад хийхээ л больчихъё” гэж  Ерөнхий сайд хэлэхдээ, энэ үгээ Ардын намынханд биш Ардчилсан намынхандаа хаягласан биз. Өнгөрсөн нэг жилд хүний гэхээсээ өөрийнх нь нөхөд л түүний бодлогыг хамгийн их бойкотолсон болохоор тэр шүү дээ.

Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж