Зээлийн мэдээллийн санг төв банкинд байршуулна

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Зээлийн мэдээллийн санг төв банкинд байршуулна

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГ ТӨВ БАНКИНД БАЙРШУУЛНА

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өчигдөр болж Зээлийн мэдээллийн тухай, түүнтэй холбогдох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль батлагдсанаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд банк, санхүүгийн байгууллага болон бусдаас зээлийн авсан нөхцөлд тэдгээр нь энэхүү Зээлийн мэдээллийн баазад бүртгэгдэх болж байна. Өөрөөр хэлбэл, зээл аваад түүнийгээ найдвартай төлдөг аж ахуйн нэгж , иргэдийн хувьд эерэг зээлийн түүх үүсч, зээл хүсэхэд саадгүй авах бололцоо бүрдэх бол гул нөхдүүдийн хувьд зээл авах эрх нь хязгаарлагдах аж. Учир нь банкууд энэхүү зээлийн мэдээллийн санд нэвтэрч ороод тухайн иргэн, аж ахуйн нэгж хаанаас,  хэдэн оны хэдэн сард хэдий хэмжээний зээл аваад, түүнийгээ төлөөгүй байгааг нь олоод мэдчихнэ. Нөгөө талаас зээл давхардуулан олгохгүй байх боломж бүрдэж буй ажээ.

Уг хуулийн төслийг боловсруулах шатанд ажлын хэсэг байгуулан ажилласан байна. Ажлын хэсгийнхэн төсөл дээр ажиллаад зарим өөрчлөлт оруулснаа хуралдаанд танилцуулсан юм. Тухайлбал, иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн түүхийн мэдээллийг 10 жилээр багцлан гаргаж танилцахыг хүссэн хүнд өгөх тухай заалт байсныг зургаан жил болгон бууруулсан байна. Ингэхдээ зээлдэгчийн эрх ашгийг бодолцсон хэмээн ажлын хэсгээс тайлбарласан. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд иргэд орон сууцны зээлийг 10-15 жилээр авдаг. Аж ахуйн нэгжүүд 10 хүртэл жилээр их хэмжээний зээл авдаг. Гэтэл зээлийн түүхийн мэдээлэл нь зургаан жил болоод устаад байх уу хэмээн лавлав. Ажлын хэсгийн гишүүдийн тайлбарласнаар зээлийн түүхийн мэдээлэл устахгүй, архивт хадгалагдаж байх бөгөөд лавлагаа авах гэсэн иргэн аж ахуйн нэгжид бусдын зээлийн мэдээллийн сүүлийн зургаан жилийнхийг л гаргаж өгөхөөр өөрчилсөн тухай онцолсон юм. Мөн энэхүү Зээлийн мэдээллийн сан Төв банкинд хадгалагдахаар тусгаад байна. Ингээд ажлын хэсгээс байнгын хорооны хуралдаанд оруулж ирсэн 50 гаруй саналын томъёоллоор санал хуралгаж, гишүүд тэдгээрийг дэмжсэнээр эл төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төсөл юм. Танилцуулгад дурдсанаар Санхүүгийн зохицуулах хорооноос 2006-2010 онд нийт 241 хоршоонд хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ. 2010 оны гуравдугаар улирлын байдлаар 25465 гишүүдийн 7.3 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгө бүхий 184 хоршоо хадгаламж, зээлийн үйл ажиллагааг Хорооны тусгай зөвшөөрөлтэй эрхэлж байгаагаас 75 нь Улаанбаатар хотод, 109 нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Хадгаламж, зээлийн хоршооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бие даасан хуультай байх чиглэлүүдийг үндэслэн дээрх хуулийн төслийг боловсруулсан бөгөөд 11 бүлэг 57 зүйлтэй аж. Төсөлд хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах асуудлуудыг тусган, хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлсон байна. Түүнчлэн хадгаламж, зээлийн хоршооны гишүүд нь нэг хүрээний, байнгын харилцаа холбоотой аль болох бие биенээ мэддэг этгээд байх олон улсын жишгийг баримтласан бөгөөд гишүүний эрх, үүрэг, хариуцлагын зохицуулалтуудыг ч тусгажээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дээрх хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж