Гишүүн Э.Бат-үүлийн хэлснээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаан “Засгийн газар хамгаалагч, УИХ довтлогч” гэх дүрмээр хэлэлцүүлэг өрнөлөө. Уг хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн байна.
Үндсэн чиглэл, төсөвтэйгээ уялдаж байгаль орчин аялал жуулчлалын салбарт ямар ахиц өөрчлөлт гарсан болох, алдаа оноо юу байгаа талаар байнгын хорооны гишүүд тодорхой асуудал хөндсөн байна.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Ганбямба “хэдэн гол горхи ширгэсэн” тухай асуултаа мөн л тавив. Дөрвөн жил тутам хичнээн гол горхи ширгэсэн тухай судалгаа явуулдаг болохыг, хамгийн сүүлд хийсэн 2007 оны дүнгээр 886 булаг шанд ширгэснийг танилцуулав. Асуулт тавигч гишүүн энэ асуултаараа сайдын ажлыг дүгнэхийг оролддог бол, сайд эсрэгээрээ энэ асуудлыг уур амьсгалын өөрчлөлттэй илүү холбоотой хэмээн өмнө нь хэд хэдэн удаа зөрөлдсөн нь ийнхүү мөн л давтагдав.
Үндсэн чиглэл батлуулахтай нь холбогдуулан аялал жуулчлалын салбарын шийдвэрлэх асуудлаас гишүүн бүр хэд хэдийг хөндөн “довтолж” сайд ч үүнтэй холбоотой тайлбарыг хийж байв.
Асуудал “ОО”-оос эхлэв. Гишүүн Н.Ганбямба “Монголд жуулчилж буй хүмүүст ОО буюу бие засах газрын асуудал хүндрэл үүсгэдэг талаар жишээ татан ярьж нөхдийгөө хөгжөөгөөд авав. Тэрээр нэг япон эр зориулалтын газар бие засаж чадахгүйгээс уйлаад дахин монголд ирэхгүй хэмээгээд явсан тухай, америк залуу модон жорлонд хөлөө жиигээд сууж байсан талаар ярьж үүнийг шийдвэрлэж байж л аялал жуулчлалын талаар ярих болно” гэдгийг анхааруулав.
Сайд асуудлыг анхааралгүй орхиогүй гэдгээ хэлж 100 киломертийн дотор зориулалтын нэг бие засах газар байгуулах стандарт гаргаж, мөрдүүлэх болсныг хэлэв.
Ж.Энхбаяр гишүүний санал шүүмжлэлт саналуудад багагүй жин дарж “Аялал жуулчлалын салбар сүүлийн гурван жилд томоохон үр дүн гаргаж чадсангүй. Монголд ирэх жуулчны тоо буурсанаас л ингэж дүгнэж болно. Ажил хийхээр ирж байгаа гадаадын иргэд биш аялал жуулчлалын зорилгоор Монголыг зорих хүн багасаад байна. Монголд буй жуулчидад хандсан мэдээллийн төвд ямар ч мэдээлэл байхгүй, байгаа нь хоцрогдчихсон зүйл байна. Ийм нөхцөлд энэ салбарыг хөгжүүлэх хувилбараа гаргах нь хэрэгтэй биш үү” гэв. Сайд үндсэнд нь саналыг хүлээж авч буйгаа хүлээн зөвшөөрсөн ч өнгөрөгч жилүүдэд өрнөсөн дэлхийн эдийн засгийн хямрал аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлсөн. Гэвч яамны бодлогын хүрээнд дотоодын аялал жуулчлал нэг дахин нэмэгдсэн. Өнгөрсөн жил олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд монголыг сурталчлах ажлыг үнэхээр өндөр түвшинд хийсэн. Японоос ирэх жуулчдыг визгүй нэвтрүүлдэг болсноор эхний саруудын байдлаар 10 хувиар нэмэгдсэн. Мэдээллийн төвүүдийг жишиг байдлаар хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлж эхэлж байна. Ирэх жилийн дөрөвдүгээр сард цэнгэг усны мэдээллийн төвийг найман сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийх болно. Яамны зүгээс бохирдуулагч нь төлбөр төлөгч, хамгаалагч нь эзэмшигч байх бодлогыг баримталснаас хойш нүдэнд ил харагдахуйц ахиц мэдрэгдэж байгаа. Түүнчлэн хариуцлагын тогтолцоог чангатгаснаар байгаль орчны эсрэг гарах гэмт хэргүүд буурч байгаа” хэмээх тайлбарыг хийлээ.
Орон нутгаас сонгогдсон иргэд, нутаг орныхоо байгаль экологийн асуудлыг хөндөж, хотоос сонгогдсон гишүүд Улаанбаатартай ойр асуудлыг илүү хөндөж, тайлбар авсаар байв. Хотын асуудлын хүрээнд Сэлбэ, Туул голын эхэнд усан сан байгуулж гадаадын туршлагатай байгууллагуудтай хамтран ажиллах ажлыг эхлүүлсэн аж. Энд ийнхүү хуралдаж байгаа үед ч Сэлбэ голын сав газраар 300 сая төгрөгийн төсөвтэй судалгааны ажлынхан ажлаа хийсээр байгаа гэнэ. Хотыг усаар хангаж буй Туул голын эхэнд усан сан байгуулснаар усны урсацын тохиргоог хийх боломж бүрдэх аж.
УИХ-ын гишүүдийн “довтолгоо” цааш мөн л үргэлжлэв. Гишүүн Р.Буд “Таны хариулт бүгдээрээ ирээдүй цаг дээр яригдаад байна. Сүүлийн үед Засгийн газар лоозонгоор асуудалд ханддаг болчихож, жил жилээр нь нэг асуудлын жил болгон зарласан атлаа хийж буй зүйл тааруу байна” гэсэнд Сайд Л.Гансүх “Бид толгойгоо маажиж сууж байгаад гэнэт нэг зүйл бодож олсноо Усны жил болгоё гэдэггүй. Эдгээр асуудлуудыг шийдэхэд цаг хугацаа шаардах зүйл бий шүү дээ” гэв.
Мөн хуралдааны хэлэлцүүлгээр аялалаар явж буй хүмүүст хогны уут байгаа эсэхийг нь шалгадаг стандарт тогтоох, жуулчдыг аюулгүй байдлыг хангах, цэвэрлэгээ хамгаалалтыг иргэний нийгмийн байгуулагуудад, сургуулиудад хувиарлан өгч уралдаан, шалгаруулалт байдлаар дүгнэвэл илүү үр дүнд хүрэх саналууд ч гарсан байна.
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин