Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Батбаяр “Энэ хуулиас болж ялих шалихгүй шалтгаанаар төрийн албаныхан ажлаасаа чөлөөлөгддөг болбол яах вэ” гэсэн бол УИХ-ын гишүүн Р.Раш “Үндэслэлгүй мэдээлэл шаардаад, түүнийг нь гаргаж өгөхгүй болохоор гомдол гаргаад, тухайн албан тушаалтан түүнээс нь болж ажлаасаа халагдахад хүрвэл яах вэ. Одоо телевиз бүр ардаа эзэнтэй, хүнийг гүтгэх өдий төдий юм хадгалаастай байна” гэсэн юм.
Энэ хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Су.Батболд “Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөл, УИХ-ын нэр бүхий гишүүдээс гаргасан төслүүдэд төрийн албан хаагчдад ногдуулах хариуцлага өндөр, маш хатуу байсан. Төслийг нэгтгэн боловсруулах шатанд хариуцлага тооцох заалтуудыг зөөлрүүлж, Төрийн албаны тухай хуулиар хариуцлага тооцохоор болж зохицуулалт хийсэн” гэсэн тайлбар өглөө. Ингээд гишүүдийн дунд санал хураалт явуулж, төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.