УИХ-ын сонгуулийн тухай хуулийг нэг шат ахиуллаа

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг нэг шат ахиуллаа

УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ НЭГ ШАТ АХИУЛЛАА

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр болж, Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ удаагийн саналын томъёололд сонгуульд нэр дэвших эрхмүүдэд хамаарах асуудал зонхилох хувь эзэллээ. Тухайлбал, ажлын хэсгээс төрийн албан хаагч, төрийн өмчит аж ахуйн байгууллагын эзэд сонгуульд нэр дэвших бодолтой байгаа бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс албан ажлаасаа чөлөөлөгдөнө гэсэн заалт оруулж ирснийг олонхи гишүүн гар өргөн дэмжив. Хэдийгээр хууль батлагдаагүй боловч гишүүд эл заалтад сэтгэл нэлээд өндөр байна. Тиймээс чуулганы босгыг торохгүй давах “шаанс”-тай гэсэн үг. Харин  төрийн томоохон алба хашиж буй эрхмүүдийн хувьд 2012 онд сонгуульд нэр дэвших мөрөөдөлтэй байгаа бол ердөө зургаан сарын дараа албанаасаа чөлөөлөгдөх хэрэгтэй болох нь гэдгийг давхар бодолцох шаардлагатай болж байна.

Мөн УИХ-ын сонгуульд оролцож буй нам, эвслийн мөрийн хөтөлбөрт санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээ тусгагдсан тохиолдолд түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн шаардлагад нийцсэн байх, энэ талаар нам, эвслүүд төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулсан байхаар төсөлд тусгалаа.

Түүнчлэн энэ удаад УИХ-ын гишүүдээс ирүүлсэн саналуудаар санал хураалгасан юм. УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Энхбат, Э.Мөнх-Очир нар сонгуульд нэр дэвшигчийн тухай нэгдсэн номыг улсаас зардал гарган хэвлэж, өрх бүрт тараах санал гаргасан нь маргаан дагуулав. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй улстөрийн 17 нам байна. Тэр бүгдээс нийт 1000 хүн сонгуульд нэр дэвшлээ гэхэд тэдгээрийг ном болгон хэвлэхэд улсаас асар их хөрөнгө гарна. Энэ нь нэг ёсны татвар төлөгчдийн л мөнгө.  Тиймээс зардал нь тодорхой болсон цагт дэмжих эсэхээр санал хураалт явуулах ёстой” гэсэн юм. Харин санал гаргасан УИХ-ын гишүүн З.Энхболд “Сонгуулийн сурталчилгаа  мөнгөний уралдаан болчихсон учраас үүнийг нэг талдаа цэгцлэх зорилгоор ийм санал оруулж ирсэн. 1000 нэр дэвшигч айл бүрийн хаалга тогшиж, ном, палкат тарааж байснаас нэгдсэн зохион байгуулалтаар нэг ном гардуулчих нь мөнгө хэмнэнэ. Эцсийн дүндээ энэ их мөнгө монголчуудын л мөнгө. Нэр дэвшигчээс мөнгө гаргасан ч, намаас мөнгө гаргасан ч, энэ бүхэн ижил. Ер нь бид сонгуулийг улстөрч талаас нь хардаг. Үнэн хэрэгтээ төрийн эрх барих дээд байгууллагыг байгуулах гэж байгаа учраас төр нэг удаа мөнгө гаргачихад буруудах зүйлгүй” гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Энхбат саналаа хамгаалав. Тэрбээр ”Нийтдээ 500 мянган өрх байгаа гэж бодоод нэг ширхэг ном 10 мянган төгрөгийн үнэтэй хэвлэлтээс гарахад улсаас нэг тэрбум төгрөг л зарцуулна. Энэ номыг сонгууль болохоос 18 хоногийн өмнө өрх бүрт тараачихвал иргэдийн хувьд системтэй ойлголт авчихна” гэсэн юм. Дээрх саналаар санал хураахад олонхи нь дэмжиж, ингэснээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан цөөнх болов.

Мөн энэхүү төсөлтэй холбоотойгоор гаргасан бас нэг сонирхол татахуйц заалт бол нэр дэвшигч сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авсан бол хариуцлага хүлээлгэх тухай байв. Гэвч эсрэг талаас нь санаатайгаар дээрх үйл ажиллагааг зохион байгуулсан байвал яах вэ. Энэ тохиолдолд нэр дэвшигчид хариуцлага хүлээлгэнэ гэдэг хүндрэлтэй гэж үзлээ. Түүнчлэн энэхүү саналтай холбогдож гарсан мөнгө тараасан нэр дэвшигчийн талаарх мэдээллийг тав дахин нугалж худалдаж авах тухай заалтыг ажлын хэсгийн төвшинд эргэн нягталж  байнгын хорооны хуралдаанд оруулж ирэхээр боллоо. Ийм төрлийн мэдээллийг тав дахин өндөр үнээр худалдаж авсан нөхцөлд мөнгөний сонгууль болохоос аль болох хязгаарлаж чадах ч гэлээ хөрөнгийг нь улсаас гаргах тохиолдолд төр хохирол амсана. Тийм учраас тав дахин нэмэгдүүлж олгоно гэсэн заалтыг эргэж нягтлах ёстой гэсэн байр суурьтай гишүүд багагүй  байсан юм. Харин УИХ-ын гишүүн З.Энхболд “БНСУ-д 1960-1970-аад оны үед мөнгөний сонгууль явагдаж, халаасны улстөрчид олноороо сонгогдож байсан тул үүнийг хязгаарлах зорилгоор сонгогчдод мөнгө тарааж санал хураалтыг худалдан авсан тохиолдолд тав дахин нугалж өгөх мөнгийг, мөнгө тараасан этгээдээс буцаан төлүүлэхээр болж, Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулсан. Ингэснээр мөнгөний сонгууль хийхээ больсон байдаг. Тийм учраас энэхүү бэлэн туршлагаас ашиглахад буруудах зүйлгүй” гэв. Гэвч дээрх заалтыг ажлын хэсгийн төвшинд дахин хэлэлцэхээр болж, нээлттэй үлдээсэн юм. Ингээд ажлын хэсэг болоод УИХ-ын гишүүдээс ирүүлсэн саналуудаар санал хураалгаж дууссанаар байнгын хороо нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, өнөөдөр хуралдах УИХ-ын чуулганд оруулах боломжтой болов.

Харин олон нийтийн дунд хүлээлт үүсгэн, оньсого таалгасаар байгаа сонгуулийн холимог тогтолцоон дотроо хэдэн хувь нь пропорцианаль, хэдэн хувь нь можариатор байх, түүнийг дагасан тодотголуудыг хэрхэн тусгах тухай асуудал асуултын тэмдэгтэй үлдлээ. Гол нь эдгээр заалтууд дээр парламентад төлөөлөлтэй улстөрийн намууд  зөвшилцөх ёстой болж буй юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж