Эмэгтэйчүүд 30 хувийн квот хүслээ

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд 30 хувийн квот хүслээ

ЭМЭГТЭЙЧҮҮД ШИЙДВЭР ГАРГАХ ТӨВШИНД 30 ХУВИЙН КВОТ ХҮСЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өчигдөр “УИХ-ын Сонгуулийн тухай хууль-жендерийн тэгш эрх” сэдэвт хэлэлцүүлэг болов. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын эрэгтэй гишүүдийг урьсан байсан ч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаа­тараас бусад нь хүрэлцэн ирсэнгүй. Өнөөгийн парламентад сууж буй 76 гишүүний 73 нь эрэгтэй бол гурав нь эмэгтэй гишүүд. Жендер талаас нь хөөж үзвэл Монгол Улсын УИХ-д хүйсийн тэгш байдал алдагдчихаад буй хэрэг л дээ.

Тиймээс  дэлхийн олон оронд мөрдөж буй эмэгтэйчүүдийн квотын системийг УИХ-ын Сонгуулийн тухай хуульд тусгахаар Засгийн газар  болоод төрийн бус байгууллагуудын зүгээс дуу хоолойгоо нэгтгэн чармайсан ч одоо хэр нь бүтэл муутай л байна. Уг нь УИХ Сонгуулийн тухай хуулийн төслийг барьж аваад хагас жил болж буй, гэвч одоо хэр нь улстөрийн нам, эвслээс нэр дэвшигчийн хэдэн хувь нь эмэгтэйчүүд байх тухай тодорхойлсонгүй. Ж.Сүхбаатар даргын хэлснээр бол УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт хүргэсний дараа эмэгтэйчүүдийн квотыг хэлэлцэх аж. Хэлэлцүүлэгт оролцсон Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн В.Удвал эцсийн хэлэлцүүлгийн үеэр эмэгтэйчүүдийн квотыг ярина гэдэг эрсдэлтэй алхам болохыг анхаарууллаа. Өмнө нь УИХ ийм заалтыг “авч хаяж” байсан туршлагатай учраас эрэгтэй гишүүд кноп дарахдаа тэрхүү сэтгэхгүйгээрээ асуудалд хандвал ирэх 2012 оны сонгуульд эрэгтэйчүүдийн арми хүч түрэн нэр дэвших эрхтэй болох юм. Тиймээс  УИХ-ын Сонгуулийн тухай хуульд “Улстөрийн нам, эвслээс нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” гэсэн заалтыг оруулж өгөх. Ингэхдээ суудал хадгалах зарчмыг баримтлах нь эмэгтэйчүүдэд сонгуульд нэр дэвших боломжийг олгоно” гэсэн юм. Суудал хадгалах зарчмыг хуульд тусгаж чадвал сонгуулийн тогтолцоог 26:50, 38:38, 50:26-ын аль нэгээр шийдлээ гэхэд ямар ч тохиолдолд эмэгтэйчүүдийн квотын 30 хувь хадгалагдана.
Мөн эмэгтэйчүүдийн хувьд бо­ловс­рох шаардлага байгааг энэ үеэр онцоллоо. Учир нь УИХ-д сууж байгаа гишүүдийн хувьд “Эмэг­тэйчүүдийг УИХ-д нэр дэвшүүллээ гэхэд эрэгтэйчүүдтэй эн зэрэгцэх чадалтай, мэдлэгтэй нь хэд байгаа юм бэ” хэмээн “дуэльд” дуудаж буй. Тэдэнтэй эн тэнцүү өрсөлдөх, бүр ялалт байгуулахын тулд эмэгтэй нэр дэвшигчид эрчүүдээсээ боловсролын төвшингөөр илт давуу байж гэмээнэ ирэх сонгуульд ялалтын туг хатгах гэнэ.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл “Сонгуулийн санхүүжилтээр эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” сэдвээр илтгэл тавьсан нь цаг үеэ жинхэнэ олов. Хэдийгээр улстөрийн намын удирдлагууд ирэх оны сонгуулийг  мөнгөний амлалтаас аль болох хол байлгахаа мэдэгдэж, гарын үсэг зурцгаан үүнийгээ баталгаажуулсан ч, сонгуульд нэр дэвших эрхмүүдээ хэр чинээлэг, мөнгөтэйгээр нь харж буй. Өнгөрсөн 20 жилийн сонгуулийн түүхийг авч үзвэл хэн мөнгөтэй, хөрөнгөтэй, хэн мөнгө олдог эрхмүүдтэй түнш байна тэр л УИХ-ын сонгуульд хүч үзэж, ялдаг бичигдээгүй хууль үйлчилж иржээ. Одоогийн байдлаар Ардчилсан нам нэр дэвшигчийн дэнчингээ 50 сая төгрөгөөр үнэлээд байгаа бол МАН дэнчингээ зарлаагүй ч 100 сая төгрөгөөр үнэлсэн тухай мэдээлэл дуулдах болжээ. Энэ тохиолдолд эмэгтэйчүүдийн хувьд УИХ-д нэрээ дэвшүүлнэ гэдэг бэрх даваа болно. Тиймээс нэр дэвшигч бүрт тэгш боломж олгож жилийн өмнөөс сонгуулийнхаа сурталчилгааг хийх хөрөнгө босгох данстай болох эрхийг хууль зүйн хүрээнд тусгаж өгөх шаардлагатай тухай цоо шинэ саналыг тэрбээр гаргав. Монгол Улсдаа бол цоо шинэ, америк зэрэг хөгжилтэй орнуудад бол энэ нь хууль болоод хэзээний мөрдөгдөж байдаг. Монголчууд тэднээс амьдралын чанараараа хэдэн хувь доогуур хэрнээ сонгуульд нэр дэвших болуутаа л хөрөнгийн эрэлд морддог.  Хэрвээ жилийн өмнөөс ийм эрх нээгээд өгчихвөл сонгуульд нэр дэвшигч нь эхлээд ард түмнээсээ санал авна. Хуульд заасан хэмжээнд хүрсэн нөхцөлд сонгуульд оролцох зардлаа олох эрх нээгдэнэ. Одоо энэ талыг зохицуулсан заалт тусгаагүй байгаа болохоор хэрвээ эмэгтэйчүүд жилийн өмнөөс хөрөнгө босгоод эхэлбэл нэг талдаа залилангийн хэрэг үйлдсэн болоод хувирчих аюултай. Тийм учраас хөрөнгө босгох эрхийг нь хуулиар нээж өгөхийг хүссэн юм. Эцэст нь хэлэлцүүлэгт оролцогчид УИХ-ын гишүүдэд хандан зөвлөмж гаргасан. Зөвлөмжид “2005 онд Монгол Улсын Их Хурлын 25 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтууд”-ын улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувь болгож нэмэгдүүлэх зорилтыг биелүүлэх, мөн оны УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 28.2 дахь заалт “нам, эвслээс нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх” гэсэн заалтыг хуулийн төсөлд шинээр найруулан оруулах, Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуульд орхигдсон улс төрийн шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш эрхийг хангах зэрэг бодлогыг нэн яаралтай хуульчлахыг зөвлөж байна” гэсэн юм.

Энэ удаагийн хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Иргэний зориг-Ногоон нам хамтран зохион байгууллаа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж