Монголын хөлбөмбөгийн холбооноос футзалын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд зохион байгуулах гэж байна. Энэ сарын 3-12-ны өдрүүдэд футзалын спортын ордонд болох УАШТ-д 32 баг өрсөлдөх юм. Эдгээр багууд 8 хэсэгт дөрөв, дөрвөөр хуваагджээ. Футзалын улсын аварга тэмцээний дараа буюу ирэх сарын 9-д лигийн тэмцээн эхлэх юм байна.
Дашрамд дуулгахад, Монголын хөлбөмбөгийн холбоо энэ онд олон улсын чанартай гурван том тэмцээнийг эх орондоо зохион байгууллаа. Хамгийн сүүлийнх болох футзалын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнийг 11 дүгээр сарын 14-19-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулсан. Азийн шилдэг багууд өрсөлдсөн зүүн бүс буюу “А” хэсгээс БНХАУ, Тайваны баг шалгарч ирэх онд Узбекистанд болох тивийн аваргад оролцох эрхийг авсан бол БНСУ, Монгол, Хонгконгийн багууд удаалсан юм.
Ч.БОЛОР