А.Лхагва: ШШГ байгууллагын чиглэлээр хөндөөгүй сэдэв

Хуучирсан мэдээ: 2015.12.01-нд нийтлэгдсэн

А.Лхагва: ШШГ байгууллагын чиглэлээр хөндөөгүй сэдэв

Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн доктор, профессор, бэлтгэл хурандаа, Хууль сахиулахын их сургуулийн Хүндэт профессор А.Лхагватай уулзаж ярилцлаа.

-Хууль сахиулахын их сургуулийн “Хүндэт профессор цол” гардсанд баяр хүргэе. Ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн хамгийн том ажил тань юу бол?   

-Баярлалаа. Би төрд 51 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байна. Үүний 28 жилд нь Хууль сахиулахын их сургуульд ажиллажээ. Өнгөрсөн хугацаанд Их сургуулийн маань нэр дөрвөн ч удаа өөрчлөгдөж, би 12 захирлын удирдлаганд хамтарч ажиллалаа. Сургуулийн удирдлага, хамт олон миний хөдөлмөр, бүтээлийг өндрөөр үнэлсэнд талархаж байна. Энэхүү эрдмийн цагаан өргөөнд, гэгээлэг хамт олны дунд олон жил хамт  ажилласандаа бахархдаг. Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 94 жилийн ой, шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулж, Их сургуулийн зүгээс надад хамгийн дээд шагнал “Хүндэт профессор цол”-ыг хүртээлээ. Энэ нь миний ажлыг өндрөөр үнэлж буйн  хамгийн том баталгаа юм. Цаашид Хууль сахиулахын их сургуультайгаа ажил хэргийн холбоотой байна гэж  боддог.

Би өөрөө бие дааж 13, бусад эрдэмтэн судлаачидтай хамтарч арваад ном гаргасан.Надад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чиглэлээр хөндөөгүй сэдэв бараг үгүй. Харин ойрын хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн курс бичихээр төлөвлөж байгаа.

Гарын мөр илэрүүлэх хар нунтгийг үйлдвэрлэж,  практик хэрэглээг хангах, импортын зардлыг хэмнэх судалгааг манай эрдэмтэд  хийсэн. Эрдэмтдийн энэ мэт бүтээл, судалгааг ажил хэрэг болгох тал дээр Их сургуулийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүний хувьд ямар дэмжлэг байх ёстой гэж үздэг вэ?

-Ер нь улс орны эдийн засаг хүнд, хямралтай байна гэж ярьцгааж байна.  Үнэндээ  аль ч салбарын эрдэмтдийн бүтээлийг улс дэмжих ёстой. Улс дэмжинэ гэхээр би  их том, Монгол Улсын хэмжээний юм ярихгүй л дээ. Их сургууль гэдэг чинь Монгол Улсын  нэг эд эс юм. Тиймээс Монгол Улс эрдэмтдийн бүтээл туурвих боломжийг нь бүрдүүлэх, гарсан эрдэм шинжилгээний бүтээлийг эргэлтэд оруулах асуудалд анхаарал хандуулах ёстой. Өөрөөр хэлбэл, ном болгох, номоо олон хүнд уншуулах тал дээр бага ч болов сэтгэл гаргаасай гэж боддог. Учир нь манай эрдэмтэд их олон ном хэвлүүлдэг. Гэвч тэд ном бүтээлээ олны хүрээл болгож чаддаггүй. Номыг нь хэн ч авдаггүй. Номоо уншуулахаар оюутан, залууст өгөхөөр ном “шахсан” хэрэгт ордог. Би үүнд сэтгэл дундуур явдаг.

Таны Хууль сахиулах салбарт оруулсан хувь нэмэр их. Таны шавь нараас хичнээн  эрдэмтэн төрөн гарсан бол?

-Манайх докторын зэрэг хамгаалах зөвлөлтэй боллоо. Энэ бол манай үе үеийн удирдлага, эрдэмтдийн мөрөөдөл байсан.  Зөвхөн энэ онд гэхэд манай Их сургуулиас  Хууль зүйн таван доктор төрөн гарлаа. Хамгийн отгон доктор нь ХСИС-ийн ШШГС-ийн тэнхмийн эрхлэгч, дэд хурандаа Б.Алтангэрэл байгаа юм. Миний гарын шавь нараас гэвэл хоёр ч хүн докторын зэрэг хамгаалаад байна. Нэг нь Б.Алтангэрэл, нөгөө нь Ахисан шатны боловсролын сургуулийн захирал, доктор, дэд профессор, цагдаагийн дэд хурандаа Ж.Мөнхболд юм.

СОЁЛ, ОЛОН НИЙТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж