Гэр хорооллын ”00”-д 1,5 тэрбум төгрөг ”булна”

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын ”00”-д 1,5 тэрбум төгрөг ”булна”

ГЭР ХОРООЛЛЫН “00”-Д  1,5 ТЭРБУМ ТӨГРӨГ “БУЛНА”

Дулаан орохтой зэрэгцэн гэр хороололд нэгэн асуудал гарч ирдэг нь ил жорлонгийн эвгүй үнэр болон хөрсний бохирдол. Хамар цоргисон эхүүн үнэрийг тэсч тэвчинэ гэдэг амаргүй. Эрдэмтдийн нотолсноор энэ үнэр нь утаанаас ч илүү хортой гэнэ. Харин нийслэлчүүд, тэр дундаа захын хорооллынхон жилийн жилд л энэ хороор амьсгалдаг.

Нийслэл хотын хүн ам жил ирэх тусам нэмэгдсээр байна. 1990 оноос хойш хүн ам ихээр шилжиж ирэх болсонтой холбогдон гэр хорооллын оршин суугчдийн тоо ч гурав дахин нэмэгдсэн гэдэг. 2010 оны байдлаар гэр хороололд 170 мянган өрх буюу 1,7 сая хүн амтай нийслэлийн талаас илүү хувь нь амьдарч байна. Тэд бүгд ил задгай жорлон хэрэглэдэг. Хамар цоргих шахам үнэртдэг энэ хийнд чухамд юу агуулагддаг юм бол?

Хүхэр, аммиак буюу шивтэрийн хийн агууламж бусад хийнээс өндөр байдаг. Энэ нь агаарт орж исэлдэх урвал явуулснаар хор хот даяар тархдаг ажээ. Хорт хийн идэвхтэй байх хугацаа нь дор хаяж 18 сар байдаг нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гол үндэс нь болдог байна. Нийслэл хотод Улаанчулуут болон Нарангийн энгэрийн орчим шивтэрийн хийн агууламжаараа толгой цохидог бөгөөд гэр хороолол ихээр төвлөрсөн дүүргүүдэд агууламж нь өндөр байдаг гэх. Гэвч өнөө болтол бид юу ч хийсэнгүй?

Харин саяхнаас Байгаль орч­ны яамны “Цэвэр агаар сан”, Нийс­лэлийн засаг даргын тамгийн газар­тай хамтран ариутгалын ажлыг хийж эхэлжээ. Тэд үүнд тусгайлан төсөл боловсруулж, эрдэмтдийн гаргаж авсан нэгэн төрлийн бодисоор хорт хийг устгах ажлыг хийх гэнэ. Хорыг устгах гол “баатар” нь “Тамир ЭМ” био бэлдмэл. Албаны эрхмүүдийн хэлж байгаагаар энэ бэлдмэл нь хүнд хоргүй, ариутгах үйлчилгээ бүхий, үр дүн сайтай бодис. Үүнийг нь Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн удаа дараагийн шалгалтаар нотолсон ч гэх. Энэхүү бодисыг “Ирвэс-интертрейд” ком­пани хийх юм байна. Танай хашааны “00”-д асгасан бодис үр дүнгээ өгөхгүй бол “буцах хаяг, буух эзэн” бий шүү гэсэн үг.

Тэд төслийн хүрээнд 180 мянган литр бодис үйлдвэрлэн ариутгал хийх компаниудад тараах юм байна. Төслийг үр дүнтэй болгохын тулд БОАЖЯ болон дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийнхэн хяналт тавих аж. Тэд энэ төсөлдөө нийтдээ 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулах юм.

“Тамир ЭМ” хэмээх бодистой тун төстэй бодисоор шивтэрийн хийг арилгаж манайхтай адилхан төсөл хэрэгжүүлсэн улс цөөнгүй. Тэд органик гаралтай хог хаягдлыг идэвхжүүлсэн био боловсруулалт хийн хөрс сэргээх, ойжуулалт, бэлчээр сэргээх зэрэгт ашиглаж үр дүнд хүрсэн байна. Эдгээр улсуудын нэг нь

Бразил.
Бразил улсын баруун өмнөд хэсгийн намаг шавар ихтэй бүс нутагт тус улсын бохирын хоолой холбогдож нэг ёсондоо энэ намагт нуурын хажууханд цутгадаг байж. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллага судалгаа хийснээр хүн ам ихээр суурьшсан бүс нутгаас хол байрладаг энэ газрын хорт агууламж хэд дахин ихэссэн бөгөөд нягтаршил ихтэй хотуудын хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг тогтоожээ. Энэ судалгааг тэр дор нь Бразилын засгийн газар аван хорт хийг бууруулах ажлыг хийж эхэлсэн байна. Тэд Оросын эрдэмтэдтэй хамтран нэгэн био бэлдмэлийг гаргаж авч тухайн бүс нутагт хэрэглэсэн бөгөөд хэдхэн жилийн дотор хорт хийн агууламж нь мэдэгдэхүйц буурч, хоронд идэгдсэн хөрс нь ч сэргэсэн ажээ. Харин одоо тэд уг бэлдмэлээ ойжуулах үйл явц болон хөрс, бэлчээр сэргээх үйл хэрэгт энэхүү бодисыг ашигладаг байна.

Дундаж зуунд европт ялгадаснаас болж тахал гарч, хэдэн саяараа нирвэгдсэн түүх бий. Тухайн үед гэртээ бие засч цонхоороо асгадаг байсан нь хүн амаа сая саяар нь булшлахад хүргэж байсан гэдэг. Тэд өнөөгийн бохирын системийг зохиож байж л тахлаас салж чаджээ.

Бидний хэрэглэх гэж байгаа “Тамир ЭМ” хэмээх бодисыг Оросын эрдэмтэн Петр Аюушеевич Шаблин Японы эрдэмтэдтэй хамтран зохион бүтээсэн байна. Тиймээс хэдэн жилийн өмнөөс төслийн гүйцэтгэгч компани хамтран ажиллаж эхэлжээ. Анх тэд 2001 онд бага хэмжээгээр оруулж ирэн хөдөө аж ахуйн салбарт ашиглаж эхэлсэн аж. Энэ хугацаанд үр дүн нь сайн байсан учир нийслэл хотын гэр хороололд хэрэглэхээр болжээ. Эхний ээлжинд төслийн хүрээнд нийслэл хотын 89 хорооны гэр хорооллын 180 мянган айл өрхийн жорлон, муу усны нүхийг ариутгана. Энэ 89 хороог сонгохдоо Баянзүрх дүүргийн 21, Сонгинохайрхан дүүр­гийн 23, Чингэлтэй дүүргийн 13, Сүхбаатар дүүргийн 11, Хан-Уул дүүргийн 13, Баянгол дүүргийн 8 хороодыг сонгож үнэгүй тараахаар болсон аж.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд манайд олон сая төгрөгийн өртгөөр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр амьдрал дээр хараахан үр дүнгээ өгдөггүй харамсалтай тогтолцоо үйлчилсээр удаж байна. Дэлхийн олон оронд хэрэглэж тэр нь ч үр дүнгээ өгсөн био бэлдмэлийн энэхүү аргыг төсөл боловсруулагчид маань битгий замхруулчихаарай гэсэн хүслийг бас энэ далимд шивнэе.

Б.БОЛОРСҮХ

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж