Уул уурхайгаас шууд хамааралтай манай улсын эдийн засагт дэлхийн зах зээл дэх таваарын үнийн уналт, түүнийг дагасан хямрал хүчтэй мэдрэгдэж, салбарын компаниуд бүгд шахам үйл ажиллагаагаа зогсоон, ажиллагсдаа амраах буюу цомхотголд хамруулах хувилбарт шилжээд байгаа. Дотоодын нүүрсний салбарын хувийн хэвшлийн томоохон төлөөлөл болох Энержи Ресурс компани мөн тодорхой тооны ажилтнаа чөлөөлөх нь гэх мэдээлэл гарсан. Үүний дагуу бид тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй холбогдож, зарим зүйлсийг тодрууллаа.
Танай компани нилээд олон ажилтнаа цомхотгоно гэж сонслоо. Хэр бодитой мэдээлэл вэ?
Юуны өмнө хэлэхэд, нүүрсний зах зээлийн хямрал 2011 оны сүүлчээс өнөөг хүртэл үргэлжилж, Монгол гэлтгүй Австрали, Индонез, Канад, ОХУ, АНУ, БНХАУ гээд дэлхийн олон орны нүүрсний компаниуд маш хүнд байдалтай ажиллаж, түрүүчээсээ зарим нэг нь “үүдээ бариад” эхэлсэн талаар та бүхэн мэдэх байх. Манай компанийн хувьд хямрал мэдрэгдэж эхэлснээс хойш 3-4 жилийн турш нөхцөл байдалд тохирсон бүхий л арга хэмжээг авч, зардал бууруулах, үйл ажиллагаагаа дотооддоо оновчтой зохицуулах алхмуудыг шат дараатай хэрэгжүүллээ. Ингэсний ч дүнд бид өнөөдрийг хүртэл ажиллагсдынхаа ажлын байрыг тогтвортой хадгалж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлж чадсан. Гэхдээ өдрөөс өдөрт нүүрсний үнийн уналт, хямрал даамжирч байгаа энэ үед бид зардлаа байж болох хэмжээгээр тултал нь танаж, үйл ажиллагаагаа хумих нь зайлшгүй болж байна. Манай компани 2015 оны 10-р сарын эцсийн байдлаар нийт 1,844 үндсэн ажилтантай. Үүнээс уурхайн олборлолт, тээвэрлэлт зэрэг үндсэн үйл ажиллагааны чиглэлээс ойролцоогоор 200 ажилтныг цомхотголд хамруулахаар шийдвэрлэсэн нь үнэн. Ингэхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хамтын гэрээний дагуу хүмүүстээ тодорхой үе шаттайгаар, зохих ёсоор урьдчилан мэдэгдэж, олговор, тэтгэмжийг зохих ёсоор олгохоор шийдэж байна.
Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд 200 гаруй хүн орлогогүй болно гэдэг бага тоо биш. Эдгээр ажилтнууд хэзээ эргээд ажилтай болох талаар тодорхой тов байгаа юу? Орон нутгийн ажилтнууд бас цомхотголд хамрагдаж байгаа гэж ойлгож болох уу?
Нүүрсний зах зээл лав л ойрын 5 жилдээ сэргэхгүй гэдгийг гадаад, дотоодын зах зээл судлаачид анхааруулж байгаа. Одоогийн энэ хүнд нөхцөлд яг төдийд, өдийд байдал сайжирна гэж хэлэх үнэхээр боломжгүй байна. Өнөөг хүртэл бид дотоод нөөц бололцоогоо байж болох дээд хэмжээнд нь ашигласны дүнд цомхотгол явуулаагүй, хүмүүсээ ажилтай, орлоготой нь үлдээхийн төлөө бүх хүч, боломжоо дайчилж ажилласан. Бид бүтээн байгуулалтынхаа оргил үед 3,000 орчим үндсэн ажилтантай, гэрээт, туслан гүйцэтгэгчдээр дамжуулаад нийт 8,000 гаруй хүнийг шууд ба шууд бус ажлын байраар хангаж байсан. Үүнээс орон нутгийн ажиллагсад 40 орчим хувийг бүрдүүлж ирсэн байдаг. Цомхотголд хамрагдсан нийт ажилтнуудын тоо компанийн нийт ажиллагсдын 10 орчим хувьтай л тэнцэж байгаа. Өөрөөр хэлвэл, нөхцөл байдал хэчнээн хэцүү байгаа ч бид аль болох олон ажилтныхаа ажлын байрыг хадгалж үлдсэн. Энэ хэрээр бид үйл ажиллагаагаа цааш нь үргэлжлүүлж, бүтээгдэхүүнээ экспортолж, улсын эдийн засагт валютын орлого оруулах, татвар төвлөрүүлэх үүргээ биелүүлсээр байхыг зорьж байгаа гэсэн үг. Нөгөөтэйгүүр, бид үйл ажиллагаа явуулдаг Цогтцэций сумандаа орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг гээд нийгмийн дэд бүтцийг цогцоор нь шийдсэн учраас Улаанбаатар хот болон бусад аймгуудаас ирж Цогтцэцийд шилжин суурьшсан ажиллагсад багагүй хувийг эзэлдэг. Энэ утгаараа шилжин суурьшсан ажиллагсдынхаа ажлын байрыг хадгалж үлдэхийг нэн тэргүүнд хичээж байгаа. Ерөнхийдөө орон нутгийн болон орон нутагт гэр бүлээрээ шилжин суурьшсан ажиллагсдыг цомхотголд хамруулаагүй гэж ойлгож болно.
Нийт уул уурхайн салбарын том, жижиг олон компани ажиллагсдаа амрааж, цомхотгож, зарим нь бүр хаагдсан байна. Хямрал энэ байдлаараа үргэлжлээд байвал ажилгүй болж байгаа энэ олон мянган хүний аж амьдрал, жижиг эдийн засагт үзүүлэх дам нөлөө зайлшгүй яригдана. Салбарын холбоод болон төрийн байгууллагуудаас энэ талд анхаарч, ярьж байгаа зүйл бий юу?
Өнөөдөр нөхцөл байдал нэг салбар, нэг байгууллага гэхээсээ улсын эдийн засагт сөрөг нөлөө учруулахуйц хэмжээнд тулж ирсэн нь үнэн. Монгол нүүрс ассоциаци, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг байгууллагуудаас компаниудтай нэгдсэн байдлаар уулзалт хийж, салбарыг бүхэлд нь хамарсан энэ хүндрэл, бэрхшээлүүдийг яавал хохирол багатай давж туулах талаар ярилцаж байна. Салбарын яам, Ашигт малтмалын газар, холбогдох төрийн байгууллагуудын зүгээс ч гэсэн хямралын үед асуудлыг зохицуулах бүх боломжуудыг эрэлхийлнэ гэдгээ мэдэгдсэн. Удахгүй мэргэжлийн холбоодоос санал, дүгнэлтээ нэгтгээд, төр засгийн түвшинд анхаарал хандуулах чиглэлд асуудлыг уламжлах байх гэсэн хүлээлттэй байна.
Ерөнхийд нь авч үзвэл, саяхныг хүртэл нүүрсний борлуулалтын валютын орлого манай улсын экспортын 40 гаруй хувийг бүрдүүлж байсан бол одоо бид өрсөлдөх чадваргүйгээс бусад “тоглогч” нарт зах зээлээ алдаж байна. Бидний өрсөлдөгчдийн хувьд дэд бүтцээ өндөр түвшинд шийдсэн, экспортын цогц бодлогоор ажилладаг учраас хямралын үед зардлаа хамгийн бага түвшинд барьж, экспортоо таслахгүй, зах зээлээ хадгалж үлдэж чадаж байна. Ингэхийн тулд эдийн засагт даац ихтэй компаниуддаа татварын хөнгөлөлт, нэмэлт санхүүжилт олгох зэргээр дэмжиж байна. Манай улсын хувьд экспортын “нэг цонх”-ны бодлого, хямралын үеийн цэгцтэй, нэгдсэн менежментэд шилжих асуудал зайлшгүй боллоо.
Тодруулга өгсөнд баярлалаа.
Л.БАТ