Зээр дайжсан байхыг үгүйсгэхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2015.12.01-нд нийтлэгдсэн

Зээр дайжсан байхыг үгүйсгэхгүй гэв

Өчигдөр 22-ын товчоогоор 400 орчим цагаан зээр сүрэглэн орж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан нь иргэдийн анхаарлыг татаад байна. Энэ явдлыг иргэд цаг уурын нөхцөл, хүний буруутай үйлдэлтэй холбон тайлбарлаж байгаа юм. Энэ талаар Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, дэд профессор Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Цагаан зээр сүрэглэн нийслэл рүү явж байгаа бичлэгийг иргэд янз бүрийн байдлаар таамаглаж байна. Таны хувьд үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

-Ер нь 1940, 1950 оны үед Улаанбаатар-Замын Үүд чиглэлээр төмөр зам бариагүй байсан. Тухайн үед цагаан зээр Баян-Өлгий аймгаар дамжин Казахстан руу  гарч нутагладаг байсан. Мөн Сэлэнгэ аймгийн нутаг хүрдэг байсан түүхтэй. Үүнийг тухайн үеийн Оросын болоод Монголын цагаан зээр судлаачид тогтоосон байдаг. Энэ утгаар нь авч үзвэл түүхэн нутаг руугаа буцаж ирж байж магадгүй.

Хоёрдугаарт, энэ жил цас ихтэй байна. Бидний судалгаагаар тухайн нутгийн цасны зузаан 8-10 см-ээс дээш болоход цагаан зээр өөр газар руу дайжиж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, идэш тэжээл, өвс ногоотой газрыг хайж нутаг сэлгэж явдаг. Энэ утгаараа урд зүгээр цас ихтэй байгаа учраас нийслэлээр дайраад хойд зүг рүү нүүдэллэж байж мэднэ.  

Бас нэг таамаглал дэвшүүлж болно. Нутаглаж байсан газарт нь хүний сөрөг нөлөөнөөс болоод зээрийн сүргийн тав тухыг алдуулсан ч байж болно. Хэдий бэлчээр сайтай байсан ч хүмүүс олноор нь ан хийж эхэлбэл, дайжаад явдаг. Энэ мэтчилэн олон шалтгаанаас үүдсэн болов уу гэж харж байна.

-Цагаан зээр дайжна гэдэг тухайн нутагт зуд болохын дохио гэж зарим иргэд ярьж байна?

-Цагаан зээр тухайн нутаг нь цасанд дарагдаж эхлэхээр дайжиж эхэлдэг. Харин цагаан зээрийн нутаглаж байгаа газарт өнтэй өвөл болдог гэж ярьдаг. Чухам эдгээр цагаан зээрүүд хаана очиж тогтож, нутаглах юм мэдэхгүй.

-Танайхаас цагаан зээртэй холбоотой судалгаа явуулдаг уу?

-Энэ жил Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 10 цагаан зээрэнд хүзүүвч зүүж, судалгаа хийж эхэлсэн. Хүзүүвчээр дамжуулаад сансрын хиймэл дагуулаас мэдээлэл авч байгаа юм. Одоогоор хоёр зээр нь мэдээллээ өгөхөө больсон. Харин бусад найман зээр хаагуур нутаглаж байгаа мэдээлэл ирдэг.  

-Цагаан зээр олноор ингэж суурьшлын бүсэд орно гэдэг асар их саад бэрхшээлтэй тулгарах нь бичлэгээс харагдаж байсан?

-Мэдээж суурьшлын бүсэд ирж байгаа учраас наад зах нь машины зам гарахаас эхлээд саадтай тулгарна. Тиймээс иргэд хөдөлмөрчдөдөө нэг зүйлийг сануулмаар байна. Амьдрахын төлөө нутаг сэлгээд явж байгаа цагаан зээрүүдийг тасалдуулж, үргээхгүй хүлээцтэй байгаарай гэж хэлье.

-Мөн олноор нь агнах явдал ч гарахыг үгүйсгэхгүй?

-Юу юугүй гэрийнхээ хажууд буу шийдэм агсахгүй байлгүй гэж итгэж байна. Харин шөнийн цагаар айлууд нохойгоо сул тавьдаг. Цагаан зээр ч гэлтгүй бусад зэрлэг амьтанд нохой маш их халтай байдаг. Тиймээс ядаж ойрын хоногуудад нохойгоо сул тавихгүй байхыг айл өрхүүдээс хүсмээр байна.

Бас нэгэн сонирхол татаж байгаа асуудал бий. Тэр олон тооны цагаан зээр төмөр замын өргөст торыг яаж давж гарав гэдэг нь сонин байна. Өргөст торонд өлгөгдөх, бүр амиа алдах ч тохиолдол байдаг. Энэ мэтчилэн цагаан зээр суурьшлын бүсээр дайрна гэдэг олон саад бэрхшээлтэй тулгарна.

-Өмнө нь нийслэлд их хэмжээгээр цагаан зээр нүүддэллэж ирсэн тохиолдол байдаг уу?

-1990-ээд оны эхэн үеэр цагаан зээр олноороо нүүдэллэж нийслэлд орж ирсэн. Тухайн үед Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд ирж, 10-аад зээр нь өвөлжиж байгаад алга болж байсан.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж