Тэтгэврийг нь өвлүүлдэг болъё

Хуучирсан мэдээ: 2015.12.01-нд нийтлэгдсэн

Тэтгэврийг нь өвлүүлдэг болъё

Тэтгэврийг нь өвлүүлдэг болъё

Эрх баригч нам ахмадууддаа санаа тавин, Хамтын тэтгэврийн тухай хуулийг батлахаар зүтгэж байна. Зүтгэх нь ч зүйн хэрэг биз, 2012 оны УИХ-ын сонгуулиар олонхи болбол дээрх хуулийг баталж, ар талыг нь баталгаатай болно гээд амлачихсан хойно.

Гэхдээ Хамтын тэтгэврийн хууль батлагдвал араасаа олон проблем дагуулж мэдэхээр байна. Учир юу вэ гэвэл, УИХ-аас дээрх хууль батлагдсан нөхцөлд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Хэрэгжихдээ ухарна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Хамтын тэтгэврийн хууль нь 2012 оноос эхлэн хэрэгжих болж байгаа юм. Тэр хэрээр төрөөс 14-15 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардаж буй.

Өнөөдөр үйлчилж байгаа хуулиар хөдөлмөр эрхлэгчид сар бүр Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Өтөл насандаа хэрэглэх гэж тэр шүү дээ. Гэтэл тэтгэврээ тогтоолгоод удаагүй байтал хорвоогийн мөнх бусыг үзүүлж, төлсөн шимтгэлээ буцаан авч чадахгүйд хүрэхэд ар гэр нь хохироод л хоцордог. Хөгжилтэй оронд бол үүнийг нь зохицуулсан тодорхой хуультай. Жишээ нь, Чили зэрэг оронд дээрх нөхцөл байдал үүсэхэд тэтгэврийг нь хань ижилд нь эсвэл үр хүүхдэд нь өвлүүлдэг. Хамаатан садандаа буюу төрсөндөө ч өвлүүлж болдог.

Харин манайд өвлүүлэх бус зөвхөн нөхөн олгох тухай зохицуулалт дээр дурдсан Хамтын тэтгэврийн тухай хуулиар хөндөгдөж байгаа юм. Ингэхдээ зөвхөн ханьд нь тэтгэврийнх нь тодорхой хувийг олгоно гэсэн зохицуулалттай. Хууль бус үйлдлүүд гарч болзошгүй хэмээн үзэж, тодорхой нөхцөл тавьсан байгаа юм. Тэр нь хосууд хамтдаа 15 жил амьдарсан байх ёстой. Дээр нь Нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй 20 жил төлсөн байна. Шалгуур тогтоох нь зөв боловч, зөвхөн эхнэр, нөхөр хоёрын нэгэнд нь олгоно гэж заасан нь хуулийн хүрээг явцууруулаад зогсохгүй хууль бус зүйлүүд гарах эрсдлийг бий болгож буй.

Нөгөөтэйгүүр, Хамтын тэтгэвэр авах эрхийг эдлэх хүн нь удалгүй насан өөд болбол яах вэ. Энэ тохиолдолд НДШ-д хураалгасан мөнгө нь бусдад л зориулагдана. Өөрөөр хэлбэл, үр хүүхдэд нь өвлөгдөж очих боломжгүй.  Тийм учраас Монголын төр үнэхээр хүнээ бодож байгаа юм бол тэтгэврийг нь хань, үр хүүхэд, төрөл төрөгсдийнх аль нэгд нь өвлүүлдэг сонголтыг өгсөн хууль баталъя. Ийм зохицуулалттай хууль батлагдсан нөхцөлд НДШ төлөх иргэдийн тоо ч өснө. Тэр хэрээр Нийгмийн даатгалын сан арвижиж, чөлөөт үлдэгдлийг нь эдийн засгийн эргэлтэд оруулж, өсгөх боломж нэмэгдэнэ.

Яг үнэндээ өнөөдөр НДС-г арвижуулах менежмэнт учир дутагдалтай байгаа. Ардчилсан нам эрх баригч хүчин болсноор менежмэнт дутаад буй юм биш, өмнө нь ч тийм л байсан. Ердөө арилжааны банкинд НДС-ын мөнгөн хөрөнгийг /одоо жилийн 10.7 хувийн хүүтэйгээр/  байршуулж тэндээсээ хэдэн төгрөг үржүүлж авч буй.

Мөн Нэрийн дансанд мөнгө хуримтлагдаад ч байгаа юм шиг, эс бөгөөс байхгүй, өнөөдрийн тэтгэвэр авагчдынхаа тэтгэвэрт зарцуулагдаад таарч буй ч юм шиг ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн. Одоо энэ сонин тогтолцоог халах цаг болсон. Халахын тулд тэтгэврийг нь өвлүүлдэг сонголтыг даатгуулагчиддаа олгоё. Тэр цагт сан ч арвижина.

Монгол Улс 3 сая хүн амтай, тэдний 312 мянга нь тэтгэвэр авагч. Ар гэрийнх нь ахуй амьдралын баталгааг хангая гэж байгаа бол тэтгэврийг нь өвлүүлдэг тогтолцоонд зоригтойгоор орох хэрэгтэй.

УИХ-аас баталж байгаа хууль хэсэг бүлэг хүнд зориулагдах ёсгүй. Нийтийн эрх ашгийг хангах ёстой. Хууль тогтоогчдоос хүсэх юм, тэтгэврийг өвлүүлдэг хууль л батлаад өг.

Ийм хууль батлагдсан нөхцөлд та хэдэн жил хамтран амьдарсан бэ. Та хоёрын хамтран амьдарсан хугацаа 14.9 жил учраас Хамтын тэтгэвэр авах нөхцөл үүсэхгүй нь гэж НДС-д төлж ирсэн даатгалынх нь мөнгийг ар гэрт нь өгөхгүй хохироох асуудал үүсэхгүй. Хэдий хэмжээний шимтгэл төлж, түүнийхээ тодорхой хувийг эргээд ар гэр, үр хүүхэд, ах дүү хамаатан садан нь хүртдэг байх энэ тогтолцоог бий болгочихвол иргэдийн хувьд НДШ төлж байгаагийн хэрэг бүтнэ.

Ингээгүй цагт нас барсан хүний нэрээр тэтгэврийг нь авч, санг хохироосон гажуудал арилахгүй. Хууль бус “ажиллагаа” өнгө зүсээ хувирган өөр ямар ч хэлбэрээр өөрчлөгдөж үйлдэгдэхийг хэлэх боломж алга.

Нам болж талцалгүйгээр хууль тогтоогчид энэ асуудал дээр нэгдээд Тэтгэврийг нь өвлүүлдэг болох хууль батлаад өг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж