Үйлдвэрчний эвлэлд С.Ганбаатартай өрсөлдөх хүн алга

Хуучирсан мэдээ: 2011.06.16-нд нийтлэгдсэн

Үйлдвэрчний эвлэлд С.Ганбаатартай өрсөлдөх хүн алга

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛД С.ГАНБААТАРТАЙ ӨРСӨЛДӨХ ХҮН АЛГА

Монголын үйлдвэрчний эв­лэлүү­дийн холбооны ХХ их хурал өчигдөр боллоо. Энэ удаагийн их хуралд аймаг, орон нутаг, нийслэлээс нийт 230 төлөөлөгч оролцож байгаа ажээ. Тус хурлын үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар 2007 оноос хойш хийсэн ажлаа тайлагнасан бөгөөд санхүү, хяналтын хорооны тайланг ч бас төлөөлөгчдөд танил­цуулсан юм. Үйлдвэрчний эв­лэлийн холбооны ХХ их хурлаас тус холбооны дүрэм, стратегийг хэлэлцэх ажээ. Мөн ерөнхийлөгч болон хяналтын хорооны сонгуу­лийг давхар зохион байгуулах юм байна. Өчигдрийн байдлаар Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгчид С.Ганбаатартай өр­сөл­дөж хүн тодорсонгүй. ХХ их хуралд Олон улсын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ази Номхон далайн орны салбарын ерөнхий нарийн бичгийн дарга ноён Масаюки Шиота, Олон улсын худалдааны байгууллагын ахлах мэргэжилтэн Анг Понг Сул, Солонгосын үйлдвэрчний эвлэлийн холбооны судалгааны төвийн дарга Хан Донг Гюн нар урилгаар ирж оролцсон юм. Мөн олон улсын нэр хүндтэй хөдөлмөрчдийн байгууллагууд мэндчилгээ дэвшүүлсэн байна. “Манай байгууллагын хамгийн том хурал нь энэ юм. Үүгээрээ бид ололт, амжилтаа, алдаа дутагдалаа бүх юмаа хэлэлцдэг. Хамгийн ардчилсан уур амьсгал дунд манай хурал явагддаг” хэмээн Төв аймгаас ирсэн төлөөлөгч н.Загдсүрэн ярьж байсан юм. МҮЭХ-ны эрх барих дээд байгууллага нь Их  хурал бөгөөд дөрвөн жилд нэг удаа болдогоороо онцлогтой. 2007 оноос хойш МҮЭХ, түүний гишүүн байгууллагууд хөдөлмөрчдийн эрх зүйн хамгааллыг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад хүчээ нэгтгэж ирсэн аж. Аймаг, нийслэлийн хэмжээнд Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороог мөн байгуулжээ. Түүнчлэн хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бий болгосон бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулж байх итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг 2000 аж ахуй нэгжид бий болгосон аж. МҮЭХ-ны ХХ их хурал өнөөдөр өндөрлөнө.

Б.БОЛОРСҮХ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж