-Ямар асуудлаас үүдэн та нарын эрх зөрчигдөөд байгаа вэ?
-Швейцарийн хөгжлийн агентлаг 2005 оноос “Тогтвортой бичил уурхай төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Бид уг төслийн дагуу “Бичил уурхайчдын холбоо” ТББ байгуулан Төв аймгийн Бор-нуур сумын төвөөс зүүн тийш Сүжигт хэмээх газарт олборлолт хийж эхэлсэн. Бидний олборлолт явуулдаг газар өмнө нь “Бороо гоулд” компанийн мэдэлд байгаад одоо “Центра гоулд”-ын мэдэлд шилжсэн юм. Гэтэл саяхнаас “Гүнбилэг трейд” гэх байгууллагад худалдсанаас болж бидний хэвийн үйл ажиллагаа зогсоод байна. Уг нь сум орон нутаг болон олборлолт явуулдаг газрыг хариуцагч байгууллага болон бид хамтран олон талт гэрээ хийсний дагуу үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан ч шинэ эзэд нь биднийг уг газраас хөөж эхэлсэн.
-Та нартай хийсэн гэрээгээ зөрчсөн гэсэн үг үү?
-Тийм. Бидний өмнөх эзэдтэй хийсэн гэрээ хүчин төгөлдөр байна хэмээн шинэ эзэдтэй нь гэрээлсэн. Уг гэрээнд зааснаар тус байгууллагын эзэмшил болох 610 га газрын 58 га талбайг бид эзэмшинэ гэж байгаа. Гэтэл өчигдрөөс биднийг тэнд ажиллахыг хориглож, олборлолт хийхийг эсэргүүцэж байна. “Бичил уурхайчдын холбоо” ТББ-ын өмнөх тэргүүн бүх гишүүдийн хурлыг хийлгүйгээр дур мэдэн “Центра гоулд”-д шилжүүлсэн байна. Түүнээс биш “Бороо гоулд” гэрээгээ зөрчсөн асуудал байхгүй. "Бороо гоулд" угаасаа энэ газрыг орон нутгийн захиргаанд хүлээлгээд өгчихсөн байсан юм.
-Өнөөдөр /өчигдөр/ танайхан жагсч эсэргүүцлээ илэрхийлсэн гэсэн. Үр дүн гарав уу?
-Сумын Засаг даргатай өнөөдөр уулзаж, ажлын хэсэг байгууллаа. Засаг даргатай тохиролцсноор “Центра гоулд”-ын үйл ажиллагааг хууль эрхзүйн хүрээнд зогсоох арга хэмжээ авахаар болсон.
-Сүүлийн үед уул уурхайн компаниудаас гадна нинжа нар байгаль экологид хор хохирол учруулах болсон. Нэгэнт л эрхээ авч, төсөл хэрэгжүүлж байгаагийн хувьд нөхөн сэргээлтээ хэзээнээс хийх гэж байна?
-Төсөл 2015 он хүртэлх хугацаанд хэрэгжинэ. Одоогоор нөхөн сэргээлт хийгээгүй байгаа. Уг газар нь 1980-аад онд Германууд олборлолт хийгээд орхисон талбай. Зарим цооногууд 800 метрийн гүнтэй байдаг. Бид олборлолт хийж дуусаад булж, хэвийн байдалд оруулна гэдэг талаар төсөлдөө тусгасан байгаа. Үүргийн дагуу ирэх оноос нөхөн сэргээх, булах ажлыг эхлүүлнэ.
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин