
Төсөлд тусгаснаар малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ахмадуудыг дэмжихэд чиглэжээ. Тодруулбал, Хүний хөгжил сангийн мөнгийг нь бөөнөөр өгч зээлийн төлбөрөө төлөх боломж олгохоор хуулийн төсөлд тусгасан байна.
Өдгөө манай улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нийт 170142 малчин өрхөд 639652 хүн амьдарч буй. Сүүлийн жилүүдэд нүүрлэсэн байгалийн гамшиг ган, зудын улмаас малчдын амьдрал доройтож, банкнаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрсэн тохиолдол их. Үүний цаана арилжааны банкуудын үйл ажиллагаа ч доголдох эрсдэл бий гэнэ Ахмадуудын хувьд тэтгэврийн мөнгөө зээлээр авдаг, дараа нь бэлэн мөнгөний хомсдолд ордог. Энэ оны тавдугаар сарын байдлаар 214100 ахмад настан тэтгэвэр авч буйн 77.6 хувь буюу 166200 хүн тэтгэврийн зээлтэй байгаа аж. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид ч ялгаагүй зээлийн дарамтад орж, бизнесээ өргөжүүлэх боломжгүй, банкны зээлийн төлбөрт тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээ хураалгадаг байна. Иймээс ашигт малтмалын орд газрын баялгаас иргэддээ хуваарилж байгаа орлогыг шаардлагатай зүйлдээ зарцуулах бололцоог бүрдүүлэхээр нэр бүхий гишүүд дээрх хуулийн төслийг санаачилжээ. Хамгийн чухал нь энэ дэмжлэг инфляцийг хөөрөгдөхгүй, арилжааны банкуудын үйл ажиллагааг хэвийн найдвартай байлгах, малчид, ахмадууд, жижиг үйлдвэрлэл эрхлэгчдэд шууд өгөөж болох юм хэмээн төсөл санаачлагчид үзэж байна.