Ерөнхийлөгч Стэнфордын Их сургуульд зочлов

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Стэнфордын Их сургуульд зочлов

АНУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Стэнфордын Их сургуульд зочилж, тус сургуулийн Ерөнхийлөгч болон нэрт эрдэмтэд, судлаачидтай уулзаж дугуй ширээний ярилцлага хийлээ. Дэлхийн шилдэг их дээд сургуулиудын жагсаалтын 2-рт бичигдэж байгаа Стэнфордын Их Сургуульд 15 мянга орчим оюутан суралцаж байгаагийн 33 хувь нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гадаад оюутнууд байна. Байгуулагдсан цагаасаа буюу 1891 оноос эхлэн тууштай өндөр нэр хүндтэй байсаар ирсэн тус  сургуулийн Бизнесийн сургууль нь   “Форбес” сэтгүүлийн  санал асуулгаар  1-рт, Боловсролын сургууль нь 2-рт, Технологийн сургууль нь 6-рт тус тус оржээ.  Нийт 7 салбар сургуультай, 1900 орчим тэнхимтэй юм байна.

АНУ-д дээд боловсролын санхүүжилтийн хэлбэрүүд төрөл бүр байдаг. Стэнфордын Их Сургууль нэр хүндтэй 2 эмнэлэг, хэд хэдэн судалгааны төвүүд, мөн хандивлагчдаасаа санхүүждэг. Жилийн үйл ажиллагааны зардал нь 4 тэрбум долларт хүрдэг байна. “Зардлын тодорхой хувь нь оюутны тэтгэлэгт зориулагддаг.  Ялангуяа инженер, технологи, хуулийн мэргэжлээр магистр, докторын сургалтад тэтгэлэг авах боломж бүрэн нээлттэй” гэж Стэнфордын Их Сургуулийн Ерөнхийлөгч Жон Хеннеси ярив.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Америк-Монголын боловсролын салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа  Стэнфордын Их Сургуульд тодорхой мэргэжлүүдээр оюутан сургах  асуудлаар санал солилцож ярилцлаа.

“Монгол бол газрын баялгаараа дэлхийн анхаарлыг татаж байгаа орон. Бид  уул уурхайн баялгаа ашиглах, эргэлтэд оруулах төслүүдийг эхлүүлж байна. Өөрөөр хэлбэл боловсролд, хүний хөгжилд хөрөнгө оруулах сайхан боломж бүрдэж байна гэсэн үг. Дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулиудад оюутан сургах, солилцох, эрдэмтэн багш нарыг ажиллуулах, харилцан туршлага солилцох чиглэлээр тодорхой алхамууд хийгдэж эхэлж байна.  Засгийн газраас, дэлхийн шилдэг 20 их дээд сургуулиудад тэтгэлэгтэй сургах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Нэр хүндтэй сургуулиудад суралцаад эх орондоо ирж тогтвортой, амжилттай ажилласан тохиолдолд сургалтад зарцуулсан төлбөрөөс тодорхой хувийг төрөөс буцааж олгох гэх мэт бусад оронд хэрэглэгддэг туршлагуудыг нэвтрүүлэхээр бид судалж байна гэж Ерөнхийлөгч ярив. Тэрээр  Стэнфордын Их Сургуулийн удирдлагаас, монгол оюутан суралцахыгг бодитойгоор дэмжих, тэтгэлэгт хамруулахыг хүслээ. Ялангуяа уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, байгал орчны судалгаа зэрэг хэрэгцээ нь өсөн нэмэгдэж байгаа мэргэжлүүдээр оюутан сургах хүсэлтэй байгаагаа хэлэв.

Ноён Жон Хеннеси энэхүү хүсэлтийг уриалгахан хүлээн авч, Стэнфордод сурч байсан монгол оюутнууд ямагт манлайлагчид байсан хэмээн хэллээ. “5 жилийн өмнө сурч байсан Оюунгэрэл гэдэг монгол оуютныг би санаж байна. Тэр хамгийн шилдэгүүдийн нэг байсан. Ер нь монголчууд хөдөлмөрч, сурах авьяастай гэж манай багш нар магтдаг” гэж ярив.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж