Эрүүл мэндийн салбарт эзэн хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2015.11.30-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарт эзэн хэрэгтэй байна

Эрүүл мэндийн экс сайд нь авлигын хэрэгт холбогдсон хийгээд энэ хойгуур эмч, мэргэжилтнүүдийн буруугаас болж эх үр эндсэн явдал энэ салбар элгээрээ хэвтсэний томоохон дохио болов.

Амиа алдсан эмэгтэйн ар гэрийнхний зүгээс авлига өгөөгүй учраас эх, үр хоёрыг эмч нар үхэлд хүргэсэн хэмээн буруутгаж байгаагаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Ийм шүүмжлэл эрүүл мэндийн салбарт тасардаггүй. Эмч мэргэжилтнүүдийн хариуцлагагүй байдлаас болж иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал сүүлийн жилүүдэд цөөнгүй гарсан. Иймээс л элгэрээ хэвтсэн Монголын эрүүл мэндийн салбарт өнөөдөр зочин биш эзэн хэрэгтэй болжээ гэж хэлж болно.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд МАХН-ын Гүйцэтгэх товчооныхон хуралдаж, авлигын хэргээр хоёр сар хоригдохоор болсон экс сайд Г.Шийлэгдамбын оронд Л.Жамбалжавыг Эрүүл мэнд, Спортын сайдад томилуулахаар тохиролцож, энэ шийдвэрээ Ерөнхий сайдад өргөн барьсныг тус нам дахь эх сурвалж мэдээлэв.

Л.Жамбалжав нь өмнө нь Эрүүл мэндийн сайд асан Н.Удвалын зөвлөхөөр ажиллаж байсан. Эрүүл мэндийн салбарт шинэ хүн биш. Гэвч, дампууралд орсон энэ салбарыг босгоод ирэх, эрүүл мэндийн салбарт үгүйлэгдээд байгаа менежер байж лав чадахгүй. Энэ салбарыг хэтэрхий улстөржүүлж, аль нэгэн нам болон хувь хүн “бэлгийн алчуур”, бялууны хэлтэрхий болгосноороо хариуцлагагүйн зуд нүүрлэсэн, авлигын үүр уурхай болгон хувиргажээ гэлтэй.

Одоо ч тус салбар дахь улстөржилт үргэлжилсэн хэвээр, сайдын суудлыг булаацалдсан хор, хов ч саарал ордонд хөвөрч байна. Эрүүл мэндийн салбарыг сүүлийн гурван жил МАХН гэх тодотголтой сайдууд удирдаж ирсэн.

Энэ салбараас идээд явах эсвэл Н.Энхбаярт үйчлэх  зочин хэрэггүй. Эрүүл мэндийн салбарт эзэн хэрэгтэй байна. Тэр эзэн нь гэвч, Л.Жамбалжав хийгээд С.Ламбаа мөн үү?

Н.Удвалын хувьд зөвхөн Н.Энхбаяр гэх хоригдол болоод өвчтөнд зориулж эмнэлэгт тусгай өрөө хүртэл байгуулж байлаа. Түүний сайд хийсэн цаг хугацаанд Н.Энхбаярт ашигтай байсан уу гэхээс эрүүл мэндийн салбар тэр чигээрээ улс төрийн талбар болж хувирсныг зөвхөн Гэмтэл согог үндэсний төвийн захирлын суудал тойрсон хэрүүлээр жишээлж болно. Уг нь Н.Удвал эрүүл мэндийн салбарт насаараа ажилласан, өмнө нь дэд сайд хүртэл хийж явсан хүн шүү дээ. Г.Шийлэгдамбын хувьд аялал жуучлалын менежер мэргэжилтэй. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбараас тэс өөр мэргэжилтэй хүн. Тиймээс энэ салбарынхан түүнээс илүү ихийг хүсээд ч нэмэргүй байв.

Харин энэ удаад Эрүүл мэнд, спортын сайдын суудлыг АН, МАХН-ынхан булаацалдаж байна. Засагт хамтарч байгаагийн хувьд ЭМСЯ-ыг МАХН өмчлөөд гурван жил болж байгаа. Намд оногдсон бялууны хэсгийнхээ хувьд МАХН-ынхан ЭМСЯ-ыг АН-д зүгээр ч нэг бэлэглэгчихгүй нь тодорхой. Тэгвэл Ардчилсан намынхан, тодруулбал Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан С.Ламбаа тэргүүтэй хэсэг нөхөд ЭМСЯ-ыг МАХН өгөхгүй гэсэн байр суурьтай байна. Үүнийгээ ч Гүйцэтгэх зөвлөлдөө хүргүүлсэн гэх.

Ийнхүү авлигын хэргээр баривчлагдан хоригдсон сайдын суудлыг булаацалдсан улстөрчид нь булаацалдаж, салбар нь дампуурлаа зарласаар. Эрүүл мэндийн салбар бол манай улсын хамгийн чухал салбар. Иймээс сайдад горилж байгаа нөхдүүд элгээрээ хэвтсэн энэ салбарыг ингэж аварна гэсэн эрүүл бодлогоор өрсөлдвөл яасан юм бэ?

Дахин хэлэхэд энэ салбараас идээд явах эсвэл Н.Энхбаярт үйчлэх  зочин хэрэггүй. Эрүүл мэндийн салбарт эзэн хэрэгтэй байна. Тэр эзэн нь гэвч, Л.Жамбалжав хийгээд С.Ламбаа мөн үү?

Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж