Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бага хурал Францын нийслэл Парис хотноо өнөөдөр /XI.30/ эхэлнэ. Хуралд дэлхийн 100 гаруй орны төр засгийн тэргүүн, зочид төлөөлөгчид оролцох аж. Бага хурлын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, сүүлийн хоёр жилийн турш хэлэлцэж буй шинэ гэрээг эцэслэн батлахыг хичээх юм. Бага хурлын эхний өдөр дэлхийн 147 орны төрийн тэргүүн уур амьсгалын өөрчлөлтийн талаар илтгэл тавих гэнэ. Уг бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцохоор өчигдөр эх орноосоо мордсон юм.
Халуун бүсийн 100 орныг нэгтгэн Франц, Энэтхэг улсууд хамтран нарны эрчим хүчийг ашиглах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой олон улсын эвслийг байгуулахыг зорьж байгаа аж. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний судалгааны санхүүжилтийг батлах талаар хүлээгдэж байна.
Олон улсын бага хурлыг зохион байгуулагч Франц улсын засгийн газраас Парисын халдлагын дараа аюулгүй байдлыг хангахын тулд хамгаалалтаа чангатгасан байна. Парис хотноо олон улсын хурал болох “Le Bourget” төвийг цагдаагийн хамгаалалтад авч, зарим автозамуудыг хаажээ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС