Төр буй цагт татвар буй гэдэг шиг төр буй цагт НУУЦ байх нь гарцаагүй. “МАШ НУУЦ” гэсэн тамга дарсан “маш нууц” баримтууд илчлэгдэх цаг хугацаагаа хүлээгээд төрийн нууцын санд хадгалагдаж буй гэдэгт би л лав итгэдэг. Гэхдээ сүүлийн үед сүжиг баахан буурсан. Гэтэл бас “маш нууц шүү, маш нууц” гээд бие биендээ шивнээд байдаг МАШ НУУЦУУД бишгүй бий. Магадгүй НУУЦУУД тоо томшгүй олон байж болно. Түүнийг үгүйсгэхгүй. Харин БОДОТ ЯВДАЛ буюу ТҮҮХ бол цор ганцхан байдаг. Эндээс шүүмжлэн ярих хоёр зүйлээ шуудхан эхлүүлье гэж саналаа.
НЭГ.
Кино урлагт хөгжим чухал үүрэгтэй. Өмнө нь ч тийм байсан. Харин өнөөдрийнх шиг КИНО ХӨГЖИМ ийм хэтийдсэн ижил хэмжээнд тавигдаж байгаагүй. XXI зууны кино урлаг бүхэлдээ үзэгчдийн сэтгэлзүйг хөгжмөөр хавсран ”дарамтлах” хандлагатай болсныг бид мэднэ. Зарим жор нь тохирсон кино хүчтэй хөгжмөөр амжилт олох болжээ. Холливудын олон кинонд хөгжим, техник хавсарсан “дэвшилтэт технологи”-оор уран сайхны сул талаа нөхдөг арга дэлгэрээд байна. Ер нь өрнө дахин сүүлийн үед техникжсэн кино урлаг бүтээжээ. Кино урлаг “төмөржиж” эхэлсэнтэй хамт уян зөөлөн урлаг талын ур хийц нь багасгасан юм. Монгол кино урлагт ч энэ талыг дуурайх дагах хандлага ажиглагдах болов. Сүүлийн үеийн жишээгээр найруулагч О.Бат-Өлзийгийн “Маш нууц”/2015/ кинонд ч ХӨГЖИМ, ХАШГИРААН хоёр зохих хэмжээнээсээ ялимгүй хэтэрчээ. Түүний өмнө нь найруулсан “Зүрхэнд шивнэсэн үг”/2001/, ”Уулын Төмөр” /2005/ зэрэг уянга туульсийн кинонуудаас жүжигчдийн тоглолтын найрсал, уран сайхны зөрчил, дүрийн өвөрмөц нандин үрийг олж хардагсан. Гэтэл “Маш нууц” ”/2015/ кино ХХ зууны дунд үед Дархан хотын барилгын цэргийн …дугаар ангид БОЛСОН ЯВДЛААС СЭДЭВЛЭСЭН” гэх сүржин зар сурталчилгаанаасаа эхлээд хашгирч, хашгирч эцэстээ итгэл хүлээлгэдэг найруулагчийн сэтгэл жаахан дутсан бүтээл болж орхижээ.
Урлаг, уран сайхны хэн гээч бурхан тэнгэр нь шөнийн харанхуйд хүйтэн усархаг бороон дунд л киноны хамаг гол ЗӨРЧИЛТ, ТУЙЛ хэсгүүд өрнөх ёстой гэж шивнэсэн юм бүү мэд. Бурхан тэнгэрийн шивнээг найруулагч бас л дагажээ. Гэм нь сүүлийн үеийн бараг бүх монгол кинонд БОРОО болзоотой юм шиг асгарч, ЗОДООН НҮДЭЭН зоолттой юм шиг өрнөнө. Тэр үед жүжигчид их л сүртэй боловч даржин тоглолтуудыг үзүүлнэ. Тэгээд л орилоод л хашгираад л байна. Дээрээс нь дарамттай ч байж мэдэх өнөөх ХӨГЖИМ нүргэлж өгнө. Үзэж харахад гоё нь гоё л доо. Сүртэй сайхан. Гэвч аядуухан хэлчих үгсийг архирч хэлэхээр аятайхан сайхан болохгүй л байна. Зөвхөн “Маш нууц” ”/2015/-аас ч биш олон монгол киноноос ажиглавал кино жүжигчид илүү хүчтэй тоглолтыг “ЧАНГА ХАШГИРАЛТ” гэж ойлгох болсон нь нууц биш. Тэгээд л хашгираад байвал сайн дүр бүтээгээд, сайн тоглоод байна гэж үздэг тал байна уу. Тэр тусмаа ахлах түрүүч Цоодол/Ж.Алтаншагай/ киноны турш арай дэндүү чанга хашгирна. Ер нь цэргийн дарга нар тэгж учиргүй бархираад байдаг ч юм уу хэмээн бодно. Тэгдэг ч тал бас байдаг байх. Гэхдээ Афганы дайны үеийн оросын нэг киноны “АМЬСГАЛ”, нэг их хашгирдаг хэсгүүд “МАШ НУУЦ” /2015/-аас магад “үнэртдэг”-ийг маш нууцхан хэлчихье. Хуулж хуулбарлах ямар ч тохиолдолд анхдагч бус үүсмэл шинжүүдийг бүтээдэг. Аливаа юмсын үүсмэл шинжүүд ихэвчлэн хуурмаг зуурмаг байх нь түгээмэл. Жүжигчдийн дүр бүтээх явц ч ялгаагүй. Хуулмал хуулбар тоглолтууд амьд биш, үнэндээ хиймэл болчихдогийг онол номонд бишгүй бичсэн байдаг даа.
Орос кино гэснээс бидний сайтар үзсэн “Граница.Таёжный роман”/2000/ кино байна. Интернетээс ухвал ерөнхийлөгч В.Путин киног бүтээгчдэд ОХУ-ын төрийн шагнал олгожээ. За, тэр шагнал энэ тэр яахав. Харин хоёр офицерийн хооронд хайр дурлал, үзэн ядалтын хор “ҮР” тарьдаг сувилагч эмэгтэй /Ольга Будина/ кинонд үнэхээр чадварлаг тогложээ. Тэр нэг цийлэгнэсэн нулимстай нүд, асгараад ирмээр санагдах ч барагтай асгарахгүй нулимс, гол нь СЭТГЭЛИЙН илэрхийлэл, харин манай “МАШ НУУЦ”/2015/ киноны сувилагч бүсгүй Сийлэгмаа /О.Дөлгөөн/ ямар дүр болж босов. Сэтгэлзүйн дотоод зөрчил бага, ахлах түрүүч Цоодол/Ж.Алтаншагай/ баахан хашгирдаг бол сувилагч Сийлэгмаа/О.Дөлгөөн/ жаахан уйлна. Гадных сайн, өөрийнх муу гэж бусдын юмыг худлаа өргөмжилдөг, зээлдмэл сэтгэлтэй, боогдмол ухаантай хүн би биш. Гэвч бодот байдалд ил харагдаад байгаа ҮНЭН гэдэг яаж ч болохгүй зүйлийг хааж, нууж ч үнэндээ чадахгүй шүү дээ. Яагаад “Граница. Таёжный роман”/2000/ киноны сувилагч бүсгүйг, “МАШ НУУЦ”/2015/ киноны Сийлэгмаагийн дүртэй адилтгасаны учир хоёр жүжигчинд ижил ӨГӨГДСӨН НӨХЦӨЛ байгаа юм. Хоёр талд нь хоёр эр хүн, хоёулаа цэргийн хатуу чанга эрчүүд. Гэтэл СИЙЛЭГМААГИЙН дүрийг яаж бүтээв. Харьцуулаад бод. Хараад үз. Тэрсэлдэн тэмцэлдэх хүчний завсар ургаж гарах ёстой ҮЙЛИЙН ТЭЭШТЭЙ дүрийг сэтгэлзүйн дарамт, тэсрэгч чанаргүй, ямар сул бүтээв.
Найруулагч О.Бат-Өлзий “МАШ НУУЦ”/2015/ кино бүтээхдээ жүжигчдээ бодож сонгох байжээ. Цэргийн амьдралын зах зухаас ч амсаагүй над мэтийн ХҮҮХДҮҮД боломжийн санаа, хэл, үйл, зөрчил, нөхцөл шалтгаан тээсэн кино зохиолыг ойлгосон байж болно. Харин ёстой мэдэрсэнгүй. Ойлгож тоглох нэг асуудал, мэдэрч тоглох бол огт өөр зүйл гэдгийг хэн хүнгүй мэдмээр юм.
Гэтэл бүгд тийм муу байгааагүй л дээ. Анхандаа Р.Чойномын шүлгийг дэвтэртээ хуулж бичээд сахилгад суусан цэрэг Содном /М.Баярбат/ кинонд дүрийн сонирхолтой ШУГАМ татаж чадна. Тэрслүү, амьдрал цаг үетэйгээ зөрчилддөг. Өөрийн гэсэн үзэл бодолтой. Бие даасан хувь хүний дүр. Цэрэг бол бөөгнөрсөн хуаран, хуарангийн сэтгэлгээ шүү дээ. Эцэст нь хэн ч биш болж, нөхдөө ховлож орхино. Өнөөх бие даасан хувь хүн хаачсан бэ? Энд киноны дүрийн ХУВЬСАГЧ чанар, Содномын дүрийн нэг тийм түгжигдмэл байдал тод харагдана. Гол дүрийн шинэ цэрэг ч сайхан л хүү, харин жүжигчний хувьд мэдэхгүй.
ХОЁР.
Өөр нэг зүйл байна. Америк эрэгтэй жүжигчдийн кино тоглолтууд ерөнхийдөө ”БУЛЧИНЛАГ МОДОН ХӨДӨЛГӨӨН, СҮРТЭЙ ЧАНГА ХАШГИРАЛТ” давамгайлдаг гэхэд хилсдэхгүй. Мэдээж бүгдээрээ тийм биш л дээ. За даа, ихэнх нь. Тэгэхээр бидний үлгэр дуурайлал техникжсэн киноны зүй тогтлыг давтаж байна.
Цэргийн жагсаалын үеэр зурвас харагдах алтан соёмбо орой дээрээ таван хошуу тэмдэггүй байх зэрэг ялимгүй алдаа харагдахаас өөр кинонд харин тухайн цаг үеийн ахуй байдлыг харьцангуй үнэмшилтэй харуулсан нь сайшаалтай. Киноны гол зөрчил нь халагдах ёстой цэргүүд батлан хамгаалахын сайдын тушаалаар улиран алба хаахаар болж байна. Тухайн үеийн БНМАУ-ын БХЯ-ны сайд энэ тушаалаа зөвхөн нэг цэргийн ангийн халагдах цэргүүдэд л гаргасан болж таарна. Харин математик бус энгийн логик талаасаа нэг цэргийн ангид 4 оны цэрэг цугларна. Халагдах гэж байгаад амжаагүй халагдах цэргүүд бол тодорхой. Юу ч хийхгүй. Үйлдэл нь тодорхой. Дөнгөж ХАЛ цэрэг болоод нуруу тэнийж байгаа цэргүүд “Дэглэгчдэд дэг хэрэгтэй” гэдэг нийтлэлд бичсэн шиг шинэ цэргүүдийг дэглэж өгнө. Үйлдэл нь тодорхой. Шинэ цэргүүд дэглүүлнэ. Үйлдэл бас л тодорхой. Гэтэл тэр цагийн цэргийн хэллэгээр АСМАН цэргүүд юу хийгээд хаана яваад байгаа нь кинонд ёстой тодорхойгүй. Тодорхой төлөөлөл дүр ч байхгүй. Эсвэл тэр цэргийн ангид хоёр жил алба хаасан цэргүүд байгаагүй болж таарна. Жижигхэн юм шиг мөртлөө тэр цагийн цэргийн албыг туулаад гарсан сайн мэддэг ах нарт, аав нарт инээдэм наадам биш үү.
Үнэхээр бодит явдлаас сэдэвлэсэн юм бол БОДОТ ЯВДАЛ хэдий аман түүх хэлбэрээр тархсан ч бай ҮНЭН гэдэг логик утга агуулж байдаг. Онолын математик үүднээс “Логикт үнэн” ба “худал” гэсэн хоёр тогтмол утга ашигладаг ба англи хэлэнд болон програмчлалын хэлээр “true” ба “false” гэж бичдэг./ “Математик логик” 2006,8/ нь гарцаагүй юм бол оршихуйн логикоор тухайн цагт яг тийм ХЭРЭГ ЯВДАЛ болсныг гэрчлэх түүхэн БАРИМТ үнэн болж үлдсэн байх магадлал зайлшгүй. Гэтэл тийм баримт хаана байна. Цэл залуухан хөвгүүдийн амь насыг юман чинээ бодолгүй хороож орхисон тэр жинхэнэ “МАШ НУУЦ” хаа байна. Бодот явдлын амьд гэрчүүд болох тэр цэргийн ангиар дүүрэн байсан ЭРЧҮҮД, Чойжилын Чимэд абугайн дууны шүлэг шиг “Дархан хотын барилга дээр үү, торгон хилийн зааг дээр үү”. Тэд хаана байна. Эсвэл нэрт сэтгүүлч Ч.Эрдэнэ абугайн бичсэн шиг тухайн үед цэргийн ангиудад болдог л байсан үймээнийг уран сайхны хэт хэтрүүлгээр баяжуулж “БОДОТ ЯВДЛААС СЭДЭВЛЭВ” хэмээн өнгөрсөн хатуу харгис аймаар НИЙГЭМ дундуур тарчлаад гарч ирсэн гэж итгүүлэхийг хүсэх, явахаа байсан АРДЧИЛАГЧДЫН захиалгатай кино зар сурталчилгаа юм болов уу?
ЭЦЭСТ НЬ ЭНЭ ОЛОН АСУУЛТЫГ “МАШ НУУЦ”/20015/ КИНОТОЙ ХАМТ ЦАГ ХУГАЦААНД ИТГЭЖ ҮЛДЭЭВ.
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ