Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүллээ

ШХАБ-ын 10 жилийн ойн дээд түвшний уулзалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Казахстан Улсын нийслэл Астана хотод болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний 10 жилийн ойн уулзалт дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга уншиж сонсголоо. Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж мэндчилгээндээ: “Монгол Улс Төв Азийн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн хамтын үйл явцад хамрагдахыг эрмэлздэг. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох нэг чухал суваг гэж үзэн тус байгууллагад Монгол Улс ажиглагчийн статустай болсон. 

Манай улс ШХАБ-ын хүрээн дэх дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн салбарын хамтын ажиллагаанд түлхүү ач холбогдол өгдөг бөгөөд боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, байгаль орчин, гамшигтай тэмцэх чиглэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох сонирхолтой.  Гишүүн орнуудын зүгээс Онцгой байдлын үр дагаврыг арилгах, урьдчилан сэргийлэх ШХАБ-ын төв байгуулах,  Умард-Өмнөд, Ази-Европын хоорондын эх газрын тээврийн коридор нээх, ШХАБ-ын хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааны механизм байгуулах зэрэг тодорхой санал дэвшүүлж, хэрэгжүүлэхээр ажиллаж буйд Монголын тал онцгой анхаарал хандуулж, эдгээрийн хэрэгжилтэд зохистой хэлбэрээр оролцох сонирхолтой байна. 

Монгол Улс харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр ШХАБ-ын үйл ажиллагаан дахь оролцоогоо өргөжүүлэн хөгжүүлэх бодлого цаашид ч баримтлах болно. Түүнчлэн Монгол Улс ШХАБ-ын гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээний түнш орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэл төгс байна” гэв.  Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг 2011 оны 6 дугаар сарын 15-нд Шанхай хотноо Хятад, Орос, Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан гэсэн зургаан орон байгуулсан. Тэд хамтран санаачилсан "Шанхайн үзэл санаа" нь тус байгууллагын хөгжлийн үндсэн хөтөлбөр, зарчим билээ. Уг үзэл санаа нь "бие биеэ итгэлцэж, хамтаар ашиг хүртэж, эрх тэгшээр зөвшилцөн, олон янзын соёл иргэншлийг хүндэтгэж, хамтын хөгжлийг хайх" юм. 

ШХАБ нь Дээд түвшний уулзалтаараа хиллэдэг орнуудад итгэлцлийг бэхжүүлэхээс эхлээд улс төр, аюулгүй байдал, дипломат харилцаа, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар хэлэлцдэг.  Зарим орон ШХАБ-д гишүүнээр элсэх, ажиглагчийн статустай болох хүсэлтээ гаргаж байгаа нь тус байгууллагын бүс нутгийн үйл хэрэгт гүйцэтгэх үүрэг нэмэгдэж, олон улсын нэр хүнд өсч буйтай холбоотой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж