Хуучирсан мэдээ: 2015.11.28-нд нийтлэгдсэн

Нууц гэгдэх ТЭЗҮ
төмөр зам

Энэ долоо хоногийн онцлох нийтлэлийг хүргэж байна.

Таны харж буй баримт бол МТЗ ТӨХК "МакКинсей энд Компани"-тай байгуулсан зөвлөх үйлчилгээний гэрээ. Энэүү зөвлөх үйлчилгээг үзүүлэгчийг сонгон шалгаруулахдаа ямар нэгэн тендер зарлаагүйг УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн Н.Алтанхуягийн Засгийн газарт тавьсан асуултын хариултаас харж болох аж. Тухайн үед буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 25-нд хүргүүлсэн энэхүү хариултад ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хариулахдаа "Төрийн өмчийн хорооны 2/254 тоот удирдамжийг үндэслэн "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, бүтээгдэхүүн худалдан авах тухай хуулийн 34.1.5 дахь заалтын дагуу тендер шалгаруулах доод хугацааг мөрдөх боломжгүй байгаа шалтгаанаар "McKinsey & Company"-иар ахлуулсан зөвлөх багийг ТУЗ-ийн хурлын тогтоолоор сонгосон" гэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, бүтээгдэхүүн худалдан авах тухай хуулийн 34.1.5-д нь юу гэж заасан бэ гэвэл "гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу  хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол" гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж болно гэж заажээ. Давагдашгүй хүчин зүйл гэдгийг энэ хуульд тайлбарлаагүй бөгөөд бусад хуульд давагдашгүй хүчин зүйлд үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт зэрэг байгалийн онц хохиролтой үзэгдлийг хэлдэг аж. Басхүү нийгмийн эмх замбараагүй байдал үүсэн 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн шиг онцгой нөхцөлд байдал үүсэх тохиолдлыг ч тайлбарлаж болох талтай.

Тухайн жилүүдийн цаг агаар, байр байдлыг эргэн шүүж харвал давагдашгүй нөхцөл байдал үүсээгүй аж. Харин дараа жил нь буюу 2012.12.21-нд дэлхий сүйрэх талаар цуурч, лаа, монгол гэрийн эрэлтийг эрс нэмэгдүүлж байжээ.

Давагдашгүй хүчин зүйлгүй атлаа давуу эрхээр Шинэ төмөр зам төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах стратегийн зөвлөхөөр  "McKinsey & Company"-ийг ийнхүү тодруулж. Харин зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулахдаа "Либерти Партнерс", "Пиллсбүри" болон "БиЭнПи Парибас" компаниудыг нэмж оруулжээ.

Иймэрхүү байдлаар Шинэ төмөр зам төслийн ТЭЗҮ-ийг хийгчдийг тодруулсан байна.

Тийм болохоор л хэн, хэзээ, хэрхэн, ямар шалгаруулалтаар тодруулж, тендерт нь ямар компаниуд оролцсон талаар өнөөг хүртэл тодорхойгүй байсан юм байж.

Тэгвэл тэдний боловсруулсан ТЭЗҮ гэж бас нэгэн "нууц" материал бий. Баттай эх сурвалжаас авсан ТЭЗҮ-ийг харвал нууцлах шалтаг аргагүй байжээ.

ТЭЗҮ сайн эсвэл муу болсон эсэх талаар ярих нь энд илүүц. Харин тэрхүү ТЭЗҮ-ийн хуудас 4-ийг харвал нүд орой дээр гарч, эрүүл хүн гайхмаар үсэг, үг, өгүүлбэр бий. Энэхүү техник-эдийн засгийн үндэслэлийн албан ёсны эх нь англи хэл дээр боловсруулагдсан гэдгийг дурдсанаар тэрхүү хуудас эхэлнэ.

"Энэхүү техник-эдийн засгийн үндэслэлийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дотоод хэрэгцээнд зориулан боловсруулсан бөгөөд бизнесийн ач холбогдол бүхий шийдвэр, төлөвлөгөө, нууцыг агуулсан тул зөвлөх багийн зөвшөөрөлгүйгээр ашиглах, хэвлэх, иш татах, хуулбарлах болон бусдад тараахыг хориглоно" гэсэн өгүүлбэр араас нь үргэлжилнэ.

Монгол улсын мега төслийн ТЭЗҮ-ийг монголчуудаас нуусан заалт ч гэж үүнийг ойлгож болно.

Монголыг хэрэх төмөр замын төслийн ТЭЗҮ-ийг давагдашгүй хүчин зүйлийн улмаас сонгосон зөвлөхүүд нь ердөө дөрөвхөн сарын дотор боловсруулжээ.

Тэгэхдээ инженерийн нарийвчилсан тооцоо, техник, эдийн засгийн тооцоо, байгаль экологийн шинжилгээ, судалгаа нарийн хийгээгүй бололтой.

Үүнийг би биш өөрсдөө зөвшөөрснийг "Энэхүү тайлан нь судалгааны хугацаанд мэдэгдэж байсан мэдээлэл дээр үндэслэсэн ба зөвлөх баг нь тэдгээр мэдээллийг боловсруулаагүй ба хөндлөнгийн этгээдээр хянан баталгаажуулаагүй болно" гэсэн нь гэрчилнэ. Цааш харвал "Хэдийгээр зөвлөх баг нь эдгээр мэдээллийг үнэн бодитой гэж үзэж  буй боловч эдгээр мэдээлэл нь бодит байдалтай бүрэн дүүрэн нийцэж байгаа эсэхэд баталгаа өгөх боломжгүй болохыг анхаарна уу. Түүнчлэн энэхүү тайланд тусгагдсан санал зөвлөмжүүд нь зарим нэгэн таамаглал, тооцоолол дээр суурилсан болно" гэжээ.

Техник, эдийн засгийн нарийн тооцоог судалгаа, шинжилгээгээр бус төсөөллөөр, интернетийн хайлтаар бодит бус мэдээлэлд дулдуйдан хийж, хийсвэр төсөөллөөр ургуулан бодож, түүндээ итгэх эсэх нь таны сонголт гэж "Зарын бодит үнэнийг зарлуулсан хувь хүн, компани бүрэн хариуцна" гэдэг телевизийн зар шиг хийдэг хэрэг үү?!

Дэлхийд алдартай, гадны хөрөнгө оруулагчид хамгийн бодитой судалгаа, шинжилгээ хийдэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн "МакКинсей энд Компани" ийм судалгаа үнэхээр хийсэн гэхэд итгэмээргүй санагдана. Хэрэвзээ энэхүү ТЭЗҮ-ийг "МакКинсей энд Компани" үнэхээр хийсэн бол гадны хөрөнгө оруулагчид таатай хөрөнгө оруулалт хийх ёстой. Гэтэл эсрэгээрээ энэ төсөлд нэг ч хөрөнгө оруулагч олдоогүй нь хардлага эрхгүй төрүүлнэ.

Зөвлөх компаниудын хувьд аль нь хэнийх вэ гэдгийг хүн бүхэн төвөггүйхэн мэдэх учраас ингээд орхиё. Зөвлөх гэрээнээс энэ гэрээг хэн хэн байгуулсан бэ гэдгийг гэрээнд гарын үсэг зурснаас нь харж учраас бас л дурдах нь илүүц буй за.

Төслийн хүрээнд Тавантолгой-Сайншандын чиглэлд 468 км, Сайншанд-Хөөтийн 450 км, Хөөт-Чойбалсангийн 155 км, Хөөт-Нөмрөгийн 380 км, Тавантолгой-Гашуунсухайтын 267 км, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлд 46 км  зам тавих байсан. Байсан гэдгийг учир нь өнөөг хүртэл эдгээрээс нэг нь ч ашиглалтад ороогүйг учрыг гадарлах уншигч та мэдэх биз ээ.

Гол нь энэхүү ТЭЗҮ гээд буй төсөөлөл нь 74 хуудас. МТЗ ТӨХК Энэхүү төсөөллийг хийлгэснээрээ банкнаас зээл авч нийтдээ 6,5 орчим сая доллар төлсөн. Ингээд тооцохоор ТЭЗҮ-ийн нэг хуудсыг 87 орчим мянган долларын үнэтэйгээр хийлгэсэн гэсэн үг.

Гүүглийг илэрцэд төлж байна гэж бодвол дэндүү их мөнгө санагдана. Хэн ч сохор зоос төлөлгүйгээр ашиглаж болдог гүүглийн мэдээллийн цуглуулгыг Монголд 6,5 сая ам.доллараар зарж болдог гэж үү?

Л.НАРАНТӨГС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж