Нужуд Али бол элэг бүтэн, өнөр өтгөн айлд төрсөн жирийн л охин. Инээхэд хацар нь хонхойдог охиныг 10 нас хүрсний дараа нэгэн өдөр аав нь өөрөөс хэдэн үе мултарсан хүнтэй гэрлүүлэхэд охины инээмсэглэл алга болсон юм.
Харин охин сэргэлэн тулдаа хадмынхаасаа такси барин зугтаж, тамлаж зовоосон нөхрөөсөө салах өргөдөл шүүхэд гаргасан байдаг. 2008 онд болсон энэ явдал 18 нас хүрээгүй охидыг өөрийнх нь хүслийн эсрэг хүчээр хүнтэй гэрлүүлдэг хачин уламжлал орчин үед ч оршсоор байгааг дэлгэж, дэлхий нийтийг цочирдуулсан билээ.
НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцод 18 нас хүрээгүй хүүхдийн гэрлэлтийг хүний эрхийн зөрчил гэж тодорхойлсон. Гэсэн хэдий ч насанд хүрээгүй охидыг хүчээр нөхөрт гаргах явдал Африк Ойрхи Дорнод болон Өмнөд Азид хаа сайгүй гарч байна. Дээрх бүс нутгийн зарим орнуудад нийт гэрлэлтийн 50 орчим хувийг насанд хүрээгүй охидын гэрлэлт эзэлж байгаа бол Латин Америк, Карибын орнуудад 29 хувьтай байна.
18 нас хүрэхээс өмнө өөрийн хүслийн эсрэг хүнтэй гэрлэсэн 51 сая охин бий гэсэн судалгаа гарчээ.
Хэрвээ энэ хандлага цаашид үргэлжилсээр байвал 10 жилийн дараа энэ тоо 100 саяд хүрэх аж. Ядуурал үүнд нөлөөлж буй хамгийн том шалтгаан аж. Иргэдийн дийлэнх нь өдрийн нэг ам.доллар хүрэхтэй үгүйтэй орлоготой ядуу буурай орнуудад ийм гэрлэлт нь гэр бүлийнхээ амьжиргааг залгуулах нэг арга болдог байна. “Хэрвээ охид сургуульд сурч, ажилд орж чадаагүй бол өөр юу хийх юм бэ? Охин хүүхэд хүнтэй сууж, хүүхэд гаргах ёстой” гэж эцэг, эхчүүд нь ярьдаг аж.
Харин зарим эцэг охиноо хүнтэй гэрлүүлэхийг амьдралын баталгааг хангаж байна гэж итгэдэг. Жирэмсэн 14 настай Ханади охины эцэг түүнийг 20 настай үеэлтэй нь суулгахаар Йордан руу явуулжээ. Ингэснээр тэрбээр Сирид болж дайны хөлөөс түүнийг холдуулсан аж. Тэрбээр “Сирид одоо охид хүчиндүүлж, амиа алдаж л дуусна. Харин би охиноо хамгаалж чадах найдвартай хүнтэй суулгахаас нааш сэтгэл амрахгүй.” Хэмээн ярьсан юм.
Харин Нужуд Алид ийм тавилан оногдоогүй билээ. Түүний хоёр эгч нь хүчиндүүлж, нэг нь амиа алдсаны дараа түүнийг хүчээр хүнтэй суулгасан аж. Хэдийгээр нутаг орон бүрт энэ ойлголт өөр өөр боловч ядуу зүдүү байдал, мөн хуучин уламжлал гол шалтгаан болж байгаа юм. Дээрх бүс нутагт чинээлэг айлын охид насанд хүрэхээсээ өмнө гэрлэх тохиолдол ядуу айлын охид нөхөрт гардгаас хоёр дахин бага байгаа нь үүний тод жишээ юм.
Перу болон Өмнөд Африкт насанд хүрээгүй гэрлэсэн охидын 60 хувь нь ядуу айлын хүүхдүүд байдаг. Мөн Сенегалд төв суурин газарт насанд хүрээгүй охидын гэрлэлт 23 хувьтай байхад бөглүү тосгон сууринд 55 хувьтай байх жишээтэй.
Насанд хүрээгүйчүүдийн гэрлэлтийн үр дагавар нь төлөвлөлтгүй гэр бүл, дутуу төрөлт болон эх, хүүхдийн эндэгдэл байдаг. Насанд хүрээгүй гэрлэсэн охидын дөнгөж 31 хувь нь жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгсэл хэрэглэдэг бол 46 хувь нь жирэмснээс хамгаалах эм огт хэрэглэж мэддэггүй байна.
19 настай йемен охин “Эгч бид хоёрыг сургуулиас гаргасны дараа ээжийн талын нэг нагац биднийг хөвгүүдтэйгээ суулгахаар ирсэн. Эгч бид хоёр дургуйцсэн ч бүх зүйл бидний хүслийн эсрэг болсон. Сүй тавих үед 13 настай байсан бөгөөд жилийн дараа гэрлэж, жирэмсэн болсон” хэмээн ярьсан юм.
Нас бие гүйцээгүй охид хүүхэд тээж төрүүлэх нь ихэнхдээ маш ноцтой үр дагавар дагуулдаг. 10-14 настайд хүүхэд төрүүлэх нь эхийн эндэгдэл гарах магадлалыг 20-24 настай үеийнхээс тав дахин ихэсгэдэг. Жил бүр 15-19 насны 70,000 охин эхийн эндэгдлээр нас бардаг гэсэн тооцоо бий. Ялангуяа хөгжиж буй орнуудад насанд хүрээгүй охидын нас баралтын гол шалтгаан нь жирэмслэлтэй холбоотой асуудлууд байдаг.
Насанд хүрээгүй охидыг гэрлүүлэхийг хориглосон олон хууль, олон улсын хүний эрхийн конвенц байдаг ч биелэлт нь улс төрийн болон бусад шалтгаанаар хэрэгжихгүй байна.
Н.ЭНХ