Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

Музейгээ экспортлоё

Элэг  бүтэн, гэдэс цатгалан, орох оронтой, унах унаатай, өвчингүй жаргалтай, өргүй баян, эрхэм баян эрдэм номтой байхыг монголчууд “жирийн амьдралын жишиг” гэж ярьж,  хэлцдэг. Суурин соёл иргэншилд шилжээд 100 жил ч болоогүй монголчуудад бусад шиг хурааж, хуримтлуулсан эд, баялаг гэхээсээ илүүтэй нүүдлийн ая даахуйц, зайлшгүй хэрэгцээтэй авсаархан сав суулгах л хэрэг болж байснаар овор ихтэй элдэв хээнцэр хэрэглэл огт хэрэггүй байсан нь ойлгомжтой. Тиймээс монголчуудад эдийн сонирхол харьцангуй бага агаад үнэт зүйлс нь өөрсдийнх нь өдөр тутмын аж байдалд нь хэрэг болохуйц хувцас хунар, хэрэглэлд нь илүүтэй шингэж ирсэн биз.

Тиймээс ч монголчуудын талаар тэмдэглэн үлдээсэн түүхэн баримт, сударт монголчуудыг ихэд ганган, алтаар бүс, ээмэг, бугуйвч, бөгж хийж зүүх агаад мөнгөөр аяга, бүс, гэзэгний даруулга, савх зэргээ хийсэн байдаг талаар тэмдэглэн үлдээсэн байдаг.

Энэ утгаараа бид гадныхантай харьцуулбал хурааж, цуглуулан “новш” багатай хүмүүс гэсэн үг. Гадны үзмэр, музейнүүд хэдэн зуугаар тоологдох жилийн настай байхад Монголд ердөө 100 хүрэхгүй жилийн өмнө анхны музейн эхлэлээ тавьж байсан туршлагатай байх юм.

Гэвч бид оршин байгаа газар орон, амьдралын хэв маяг, үзэж туулсан туршлага, олж байгаа орлого гээд их олон хүчин зүйл нөлөөлдөг, өөрсдийн өв соёл, үнэт үзмэрээр мөнгө босгодог даяарчлагдан буй дэлхий ертөнцөд амьдарч байна.

Гэтэл Монголын музейн сүүлийн жилүүдийн байр байдал “хүнээр бол” дутагдах гачигдахын зовлонг амсч, барилга нь хэзээ мөдгүй нурахад хүрч, үзмэрийн үнэ цэнийг хадгалах нь байтугай чанар, чансаанд л халгаатай байгууламж болон хувирчээ.

1923 оны намар Судар бичгийн хүрээлэнгийн шийдвэрээр цугларсан үзмэрүүдийг ашиглан албан ёсоор музей нээж байжээ. Тэр цагаас хойш VIII Богд Жибзундамба таалал төгссөний дараа  түүний ордонд байсан янз бүрийн үзмэрийн зүйлсээр музей хийхээр болж байж. Хожмоо 1926 оны Засгийн газрын тогтоолоор улсын музейг Богд хааны өвлийн ордонд өргөтгөн байгуулах шийдвэр гаргасны дагуу тус ордны өнгө будаг өрөө тасалгааг музейн зохион байгуулалтад тохируулан засжээ. Монголын анхны музей 200 гаруй үзмэртэй нээгдэж байжээ.

Музей байгуулагдсан эхний жилүүдэд үнэгүй үзүүлдэг байсан бол 1928 оноос бага хэмжээний төлбөр авдаг болсон талаар судлаач Ч.Буянбадрах тэмдэглэн үлдээсэн байна.

Та бүхний харж буй энэхүү зургийг өнөөгийн Байгалийн түүх музей гэдгийг хэн хүнгүй мэднэ. Намын төв хороо, Сайд нарын зөвлөл 1954 онд Энгельсийн гудамжинд баригдаж байсан энэхүү барилгад “Түүхийн төв музей байгуулсугай” гэж зааснаар Богдын ордонд байсан музейг нүүлгэн шинэ байшинд зохион байгуулж дэлгэх бэлтгэл ажил эхэлсэн юм. Ингээд 1956 оны дундуур музейг нээж олон түмэнд үзүүлж эхэлжээ. Энэхүү музейг Улсын Төв Музей гэж нэрлэж байсныг дунд насныхан андахгүй биз ээ.

Ингээд л 1960-1990-ээд оны хооронд Богдын ордон музей, Шашны түүх, урлагийн Чойжин–сүм музей, Эрдэнэ-зуу, Амарбаясгалант бий болжээ.

Монголчууд өв соёлдоо анхаарч, түүх, дурсгалаа хадгалан, хамгаалахаар 1966-1973 онуудад бүх аймгийн музейнүүдийг бий болгож, түүндээ түүх, байгаль, урлаг, угсаатны зүйн булан байгуулж иржээ.

Тухайн аймгууд ямар байдлаар хэрхэн хандахаас шалтгаалж музейнх нь үзмэр харилцан адилгүй байдгийн нэгэн жишээ нь бидний онигоо болгон ярьдаг Хэнтий аймгийн музейд Чингис хааны хэлсэн үгийн дор Е.Тэмүүжин гэж тавьсан явдал.

Харин монголчуудын зан заншил, өв соёл, түүхийн үнэт олдворуудыг хадгалж буй музейнүүдийн байр, барилга цагийн эрхэнд элэгдэж хуучирч, хадгалахаас илүүтэй халгаатай болсон аж.

Музейнүүдийг шинээр засварлах багахан хэмжээний мөнгийг төсөвт суулгадаг ч түүгээр нь бүрэн дүүрэн хэмжээний засвар хийж чаддаггүйгээс нүглийн нүдийг гурилаар хуурахтай л адил зүйл болдог гэсэн үг. Нөгөөтэйгүүр байнгын арчилж, тордох хөрөнгө мөнгө байдаггүй нь засвар хийсэн дахиад л хэдэн жилийн дараа хэцүүхэн байдалд ордог аж.

Нөгөөтэйгүүр өвөл Монголд үзэж харах зүйл тааруу байдаг учраас жуулчид ирдэггүй. Музейнүүдийн гол ашиг олох боломжтой улирал нь зуны гурван сар. Бусад үед төдийлөн хүн үздэггүй гэсэн үг. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 600 орчим музей байдаг. Тэдгээрийн улсын хэмжээнд тооцогдохууд нь 1-3-хан тайлбарлагчтай бол үлдсэн нь манаач нь давхар тайлбарлагчийн ажлыг хийдэг. Богд хааны ордон музей гэхэд л ганцхан тайлбарлагчтай гэж буй.

Гэтэл бидэнд гадныхны анхаарлыг татаж, нүдийг нь бүлтийлгэх олон үзмэр бий. Төрт улсын түүхийг 2000 жилийн цаана аваачаад буй бидний өвөг дээдэс болсон Хүннү гүрний хааны олдвор гэхэд л өнөөдөр нэгэн дээд сургуулийн ангид хадгалагдаж байх жишээний. Хэрэвзээ тэр бүхнийг системтэйгээр хадгалалт хамгаалалтын өндөр түвшинд гадаадын музейнүүдтэй гэрээ байгуулаад тодорхой хугацаанд тухайн орны иргэдэд үзүүлбэл бид музейгээ тордох мөнгийг төвөггүйхэн олох боломжтой.

Өмнө нь ганц нэг удаа тодорхой үзмэрүүдийг гадаадад гарган үзүүлж байсан ч хариуцлагагүй хүмүүсээс болоод эх хувийг нь алдсан тохиолдол гарсан болохоор энэ ажил үндсэндээ зогссон.

Бид өөрсдийн өв соёл, хүн төрөлхтний түүхийн судалгааг шинэ шатанд гаргах олон олон олдвор, үзмэрээрээ зуны гуравхан сар жуулчдаас олдог мөнгөө хэд дахин нугалаад олох боломж нь гадаадад дэлгэн үзүүлэх.

Өнөөдөр Байгалийн түүхийн музей гэхэд л барилгынх нь асуудлаас болоод үүдээ барьчихсан байна. Энэ асуудлаас болоод агуулахад хадгалж буй Байгалийн түүхийн музейн үзмэрээ шинэ байрыг нь баригдтал гадаадын улсуудаар аялуулан үзүүлж яагаад болохгүй гэж. Хэрэв зөв менежментээр энэ ажлыг хийж чадвал төрийн тарчиг төсвөө хүлээлгүйгээр өөрсдөө орчин үеийн стандартад нийцсэн музей байгуулах мөнгөө ядах юмгүй олно.

Өнөөдөр Байгалийн түүхийн музейгээ засч чадаагүй байхад араас нь Богд хааны ордон музей, Үндэсний түүхийн музей, Чойжин ламын сүм музей гээд ар араасаа их засвар хийх зайлшгүй шаардлагатай болсон талаар яриад эхлэв. Хямралтай Монголын төрд хэзээ мөнгө орж ирж, хэзээ музейгээ засах бол гэж хүлээх вэ?

Тиймээс л музейнхээ үзмэрүүдийг олонд дэлгэж, мөнгө олох боломж бидэнд байна шүү дээ.

Өвөлдөө алдагдах оног ганц хоёрхон хүнд үзүүлж байснаас тодорхой хугацаанд, ээлж, ээлжээр нь гадны оронд үзүүлдэг болчихвол өөрийгөө аваад явчих мөнгийг өлхөн олох нь гарцаагүй. Ийм болохоор л музейгээ экспортлоё.

Л.ТӨГС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж