Монгол Улсын засгийн газар, Азийн хөгжлийн банкны байгуулсан буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” техник туслалцааны төслийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлжээ. Одоогоор дээрх төслийн хүрээнд 11 туршилтын шинэ загвар төслийг хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал олон нийтэд чиглэсэн асран хамгаалагч ажиллуулах, жирэмсний өмнөх болон дараах үеийн хяналт, эрүүл мэндийг дэмжигч идэвхтэн бэлтгэх, өрхийн эмнэлгийн өдрийн, гэрийн эмчилгээ, өрхийн эмч нарын хандлагыг сайжруулах, эмзэг бүлгийн иргэдийн бичиг баримтын зөрчлийг арилгах, бичиг баримтжуулах замаар иргэний бүртгэлийн тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл зэрэг иргэдэд тулгамдаж буй асуудлыг хамарч байгаагаараа онцлог юм байна. Төслүүд дөрвөн жилийн хугацаанд Баянзүрх, Сонгино-хайрхан, Чингэлтэй дүүргийн эмзэг бүлгийн 30 мянган хүнд хүрэхээр төлөвлөжээ. Төслийн хэрэгжилтийн явцыг ЭМЯ, Азийн хөгжлийн банкнаас тодорхой хугацаатайгаар дүгнэж , ажлын явцад гарсан саналыг ажил хэрэг болгон хэрэгжүүлдэг аж.
С.Отгон