Цэц МАХН-ын гомдлыг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2011.06.15-нд нийтлэгдсэн

Цэц МАХН-ын гомдлыг хэлэлцэв

Өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болж, түүгээр Улс төрийн намуудын тухай хууль дахь татан буугдсан болон өөрчлөн байгуулагдсан намын нэрийг дахин хэрэглэх эсэхтэй холбоотой зөрүүтэй заалтуудын талаар иргэдийн үүсгэсэн маргааныг хэлэлцлээ. Уг хуулийн нэг заалтад намын өөрчлөгдсөн нэрийг тодорхой хугацаанд хэрэглэхгүй гэснийг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр 2005 онд хүчингүй болгосон ч хуульдаа хэвээр үлдсэн. Мөн хуульд өөрчлөгдсөн нэрийг хэзээ ч хэрэглэхгүй гэсэн бас нэг заалт байгаа нь эргэлзээ үүсгэж, Сүхбаатар дүүргийн шүүх Дээд шүүхэд, Дээд шүүх Үндсэн хуулийн Цэцэд хандаад байсан юм. Энэ маргаан Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хэдэн сарын турш хөөцөлдөж буй МАХН-тай холбоотой. Өнөөдөр болсон Цэцийн дунд суудлын хуралдааны талаар Үндсэн хуулийн цэцээс албан мэдээлэл ирүүллээ. Уг мэдээлэлд,

Үндсэн хуулийн цэц Улсын дээд шүүхээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Нам энэ хуульд заасны дагуу …нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний …нэр…-г дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтыг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн билээ.

Уг маргааныг Үндсэн хуулийн цэц өнөөдөр болсон Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцээд, Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн дээр дурдсан заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргалаа.

Үндсэн хуулийн цэц дараах үндэслэлээр энэхүү дүгнэлтийг гаргав.

“1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 01 тоот тогтоол гаргаж, Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн “Нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно.” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж хүчингүй болгосон байна.

Үндсэн хуулийн цэц Улс төрийн намын тухай хуулийн дээрх заалтыг хүчингүй болгосон үндэслэлдээ намын нэрийг хэрэглэхэд цаг хугацааны хязгаарлалт хийж болох юм гэж үзвэл хуулиар тогтоосон дээрх хугацаа нь “аливаа хязгаарлалт хэмжээ хэтрээгүй байх ёстой” гэсэн Үндсэн хуулийн эрх зүйн нийтлэг зарчимд харшилсан шинжтэй болсон байна гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, намын нэрийг 24 жилийн турш хэрэглэж болохгүй гэсэн цаг хугацааны хязгаарлалтыг хэт урт байна гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ.

2. Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн агуулга бүхий өргөдөл иргэн Н.Ариунболд, Д.Шонхоо, Х.Владимр, О.Баасанхүү, Ш.Бэлэгдэмбэрэл, Х.Сэлэнгэ, Б.Мөнхөө нараас Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргаж байжээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Болдбаатар урьдчилан шалгаж, Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан тогтоол гаргасан байна. Уг тогтоолын үндэслэл хэсэгт: “Монгол Улсын Иргэний хуулийн /27 дугаар зүйл/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /16 дугаар зүйл/, Улс төрийн намын тухай хууль /6 дугаар зүйл/-иудад заасны дагуу намын бүтэн болон товчилсон нэр нь бусад хуулийн этгээдийн нэртэй давхардах, бусдыг төөрөгдүүлэхээр ижил төстэй байх, хүний нэр байхыг хориглодог. Өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн, намын шийдвэртэй санал нийлээгүй тухайн намын гишүүд /мөн бусад иргэн, хуулийн этгээд/ өөрсдийн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж дахин нам байгуулах эрхтэй бөгөөд  дээрх шаардлагуудыг хангасан нэрээр байгуулсан намаа нэрлэх эрхтэй байна” гэж заажээ.

3. Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, нэр, бэлгэдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэсэн хязгаарлалт  тогтоосон нь “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй.” байх Үндсэн хуулийн заалтад харшлаагүй байна.

4. Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулиар тогтоосон хязгаарлалтаас бусад  тохиолдолд  нийгмийн  ашиг  сонирхол  болон  хувийн  үзэл  бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгоор Монгол Улсын иргэд эвлэлдэн нэгдэж, нам байгуулах нь Улс төрийн намын тухай хуулиар нээлттэй байна.” гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж