Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтанд авах ажил ямар шатанд хэрэгжиж байгаа талаар Ашигт малтмалын газрын дэд дарга С.Амарсайханаас тодрууллаа.
-Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авахыг хүссэн 1000 гаруй хүн Өргөдлийн байнгын хороонд хандаж байсан. Тухайн үед боломжтой гэдэг хариуг холбогдох албаны хүн өгч байсан боловч одоо хүртэл шийдэгдээгүй байна. Энэ асуудал ямар шатандаа байна вэ?
-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас Тосонбумбын нуруу орчмын 617мянга 779,22 га талбайг улсын тусгай хамгаалалтанд авах тухай хуулийн төсөл боловсруулж байна. Удахгүй УИХ-аар оруулна. Энэхүү нутаг дэвсгэрт найман хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байдаг. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нийтдээ 50 мянга 788,58 га газрыг эзэлдэг. Хуулийн төсөл УИХ-аар батлагдвал 1 тэрбум 86 сая төгрөгний нөхөн төлбөрийн асуудал яригдах байх.
Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа “Элбэг орд”, “Фокус майнинг”, “Мөнхийн номхон далай”,”NCRI”, “Мин Ши Гуа Ни”, “FMI”, ” Намуун тод”- хоёр хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Өөрөөр хэлбэл долоон компани найман тусгай зөвшөөрөл эзэмшиж байна гэсэн үг юм.
Т.ДАВААНЯМ