ТуркийнF-16 сөнөөгч онгоц
Фото: SelcanHacaoglu / AP
Туркийн сөнөөсөн Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцноос амьд үлдсэн штурман ОХУ-ын Агаар, сансрын хүчний ахмад Константин Мурахтин РЕН ТВ-д ярилцлага өгөхдөө “амь үрэгдсэн даргынхаа өшөөг авна” хэмээн мэдэгдэв.
Түүнийг энэ сарын 25-ны өдөр Сири дэх ОХУ-ын Латакия муж дахь ОХУ-ын цэргийн баазад авчирсан юм. Эмнэлгээс гарсны дараа тэрбээр Сирийн Хмеймим нисэх баазад үлдэх хүсэлтээ командлалд тавина гэлээ. Нисгэгч штурман Мурахтин алан хядагчидтай хийх тэмцэлд даалгавраа биелүүлэх хүсэлтэйгээ хэлээд “даргынхаа хариуг авна” гэж мэдэгджээ.
Түүний хэлснээр Туркийн цэргийнхэн тэдний онгоцтой нь холбоо бариагүй ажээ. “Туркууд ямар нэгэн сануулга өгөөгүй, холбоо бариагүй, Туркийн F-16 онгоцноос харвасан “агаар-агаар” ангиллын пуужинг хараагүй” гэж хэлжээ. Мөн тэрбээр онгоц унасан газар нутгийг “гарын таван хуруу шигээ мэднэ” гэсэн байна. “Цаг агаар сайхан, бид 6000 метрийн өндөрт нисч байсан. Туркийн хилийг зөрчих секундын ч боломж гаргаагүй, пуужинд оногдох хүртэл би нислэгийг бүрэн хянаж байсан” хэмээжээ. Түүнийг 12 цаг орчим хайсны эцэст олсон билээ.
Сөнөөгдсөн Су-24 онгоцны нисгэгч дэд хурандаа Олег Пешков шүхрээр бууж яваад Сирийн исламын дайчдын галд өртөн алагдсан юм. Мөн аврах ажиллагаанд оролцож байсан усан цэрэг Александр Позынич амь үрэгджээ. Ерөнхийлөгч Путин өөрийн зарлигаар дэд хурандаа олег Пешковт ОХУ-ын баатар цол, Александр Позыничийг “Эр зоригийн одон”-гоор нэхэн шагнажээ. Амьд үлдсэн Мурахтин мөн “Эр зоригийн одон”-гоор шагнуулсан байна.
ОХУ-ын Батланхамгаалах яам онгоцууд Туркийн агаарын хилийг зөрчөөгүй бас ямар нэгэн сануулга аваагүй гэж мэдэгдэж байгаа юм. Түүгээр ч барахгүй Туркийн довтолгоон хийсэн онгоц Сирийн агаарын хилд нэвтэрсэн ажээ. Оросын бөмбөгдөгч онгоц Сирийн нутгийн гүнд 4 км-ын зайтайунажээ.
Оросын хэвлэлд “онгоцыгсөнөөсөн газарт урьд өдөр нь“хөл хөдөлгөөнтэй” байсан бөгөөд онгоц унах үед тэнд Туркийн телевизийнхэн бэлэн байж хэд хэдэн цэгээс онгоц унаж байгаа бичлэгийг мэргэжлийн өндөр төвшинд хийсэн, энэ нь Оросын онгоцыг унагахаар шийдсэнийг харуулж байна” хэмээн бичиж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР