Нийслэлийн Засаг даргын санаачлагаар 2 дахь жилдээ зохион байгуулж буй хүнд нөхцөл дэх болон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой орлоготой өрхүүдийн хүүхдүүдийг зусланд үнэ төлбөргүй амраах ажил эхэллээ. Өнөөдөр 500 хүүхдэд нийслэлийн ногоон бүсийн зуслангуудад амрах эрхийн бичгийг нь гардуулж өглөө.
Нийслэлийн хэмжээнд 360 гаруй мянган хүүхэд байгаагаас цөөнгүй хэсэг нь сурч боловсрох, хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхээ тэр бүр эдэлж чадахгүй байгаа юм. Иймд хотын даргын санаачлагаар 2 дахь жилдээ төрийн болон, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран хүнд нөхцөл дэх өрхийн хүүхдүүдийг хөгжүүлэх, нийгэмшүүлэх, ая тухтай амраах, зуслангууддаа дэмжлэг үзүүлэх зорилгоор 500 хүүхдийг уламжлал болгон үнэ төлбөргүй амраадаг болоод байна.
Улаанбаатар хотын ногоон бүс дэх хүүхдийн 14 зуслан энэ сарын 10-наас үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд байгалийн цэвэр агаарт сүү, цагаан идээ зэрэг аюулгүй хүнсээр хангаж, төрөл бүрийн хөгжлийн хөтөлбөрөөр ажиллах юм.