УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхи дэмжсэнээр баталлаа.
Уг тогтоол батлагдсанаар Монгол Улс хөгжлийн урт хугацааны бодлоготой болж буй юм. Энэ нь Засгийн газар өөрчлөгдөж байсан ч Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод өөрчлөлт орохгүй тогтвортой хэрэгжинэ гэсэн үг юм. Тухайлбал, улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа дээрх хөгжлийн бодлогын үзэл баримтлалд үндэслэх аж.
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрчим хүчний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 79.2 хувь дэмжсэнээр бүхэлд нь баталлаа.
Одоогийн байдлаар УИХ нэр бүхий дөрвөн ч хуулийг батлаад байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Эрчим хүчний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг батлаад буй юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Монгол Улсын Засгийн газар, Хятад ард улсын Экспорт, импорт банк хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.
Г.ДАРЬ