ФИДЕ-гийн ерөнхийлөгчийн албыг К.Илюмжинов 20 дахь жилдээ хашиж байна
FIDE, Олон улсын шатрын холбоо байгуулагдсанаас хойшхи 90 гаруй жилийн хугацааны сүүлийн 20 жилд нь ОХУ-ын иргэн, халимаг үндэстэн К.Илюмжинов тус холбооны ерөнхийлөгчийн албыг хашиж байна.
1995 оны арван нэгдүгээр сарын 24-ний өдөр Париж хотод болсон ФИДЕ-гийн ерөнхийлөгчийн сонгуульд К.Илюмжинов нь ганц өрсөлдөгч, Францийн шатрын холбооны ерөнхийлөгч Башар Куатли нэрээ татсанаар тус холбооны 6 дахь ерөнхийлөгч болж филиппиний иргэн Флоренсио Баса Компаманесын залгамжлагч болжээ. Түүнээс хойш 1996, 1998, 2002, 2006, 2010, 2014 онуудад 6 удаа ерөнхийлөгчөөр дараалан улиран сонгогдсон байна. Хамгийн сүүлд 2014 оны наймдугаар сарын 11-ний өдөр Норвегийн Тромс хотод болсон ФИДЕ-гийн 85 дахь Их хурлаар эрэгтэй шатрын дэлхийн 13 дахь аварга, Их мастер Г.Каспаровыг ялж дахин ерөнхийлөгч болж байсан юм. Өмнө нь 2010 онд ОХУ-ын Ханты-Мансийск хотод болсон сонгуульд дэлхийн 12 дахь аварга, Их мастер А.Карповыг мөн дийлж байжээ.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд ерөнхийлөгч К.Илюмжинов шатрын спортыг дэлхий даяар хөгжүүлэх талаар өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж мэдэгдэхүйц үр дүн хүрч байна. Түүний хүчин чармайлтын үр дүнд ОУОХ-ноос ФИДЕ-г олимпийн төрөлд багтдаггүй спортын төрөл болох шатрын спортыг хариуцсан олон улсын байгууллагынх нь хувьд 1999 онд хүлээн зөвшөөрчээ. Өнгөрсөн хугацаанд шатрын үндэсний холбоодын тоо 149-ээс 186 хүртэл нэмэгдэж дэлхийн шатрын чансаанд ордог шатарчдын тоо 11 дахин өргөжиж түүний дотор эмэгтэй шатарчдын хүрээ тэлж мэргэжлийн шатарчид болон сонирхогчдын албан ёсны тэмцээнүүдийн тоо 6 дахин өсч тэмцээнүүдийн шагналын хэмжээ байнга нэмэгдэж байна. Дэлхийн 155 оронд шатрыг боловсролын том нөөц бололцоо, эрүүл аж төрөх ёсны төлөө тэмцлийн үр ашигтай хэрэгслийнх нь хувьд спортын төрөл гэж хүлээн зөвшөөрөөд байна. Шатрын спортын нэр хүнд дээшлэхийн хирээр шатар сонирхдог, ивээн тэтгэдэг хүмүүсийн хүрээ тэлж байна.
Дэлхийн шатрын олимпиад, дэлхийн аварга цолны төлөө тэмцээн, дэлхийн Цомын төлөө тэмцээнүүдийн нэр хүнд өсч өсвөр үе болон залуучуудын дэлхийн, тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн насны ангилал нэмэгдсэн байна. “Шатар дунд сургууль”д нэртэй хөтөлбөрийг дэвшүүлэн тавьснаар олон оронд шатрын спортыг дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулж байна.
ФИДЕ-гийн ерөнхийлөгчөөр анх сонгогдсоны 20 жил болж байгаатай холбогдуулан хийсэн хэвлэлийн бага хурал дээр К.Илюмжинов мэдээлэл хийхдээ ”Анх ерөнхийлөгч болж байхад ФИДЕ хагаралтай байсныг даван туулж нэгдмэл байгууллага болгож чадсандаа би баяртай байдаг. Тэр үед бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн дэлхий аварга байсангүй, өндөр зэрэглэлийн 3-4 тэмцээн л болдог байлаа. Одоо бол бид нэгдмэл гэр бүлд байна. 2020 он хүртэл зохиох тэмцээний хуанлийг ФИДЕ-гээс батлан гаргасан. Зарим нэртэй шатарчид олон тэмцээнээс сонгож оролцдог болжээ. Өнөөдөр дэлхий даяар 600 сая хүн шатар тоглож байна гэсэн албан ёсны бүртгэл байна. Бид энэ тоог 2020 он гэхэд 1 тэрбумд хүргэх зорилго тавин зүтгэж байна. Үүний тулд шатрын спортыг дунд сургуулийн хөтөлбөрт оруулахын тулд үлгэрчилсэн хөтөлбөр боловсруулж байна. Тухайлбал Мексик улсад дунд сургуулийн хөтөлбөрт шатрыг албан ёсны хичээл болгосон туршлагыг түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна. Дэлхийн тавь гаруй орны хоёр зуу шахам хотод шатрын ордон, цогцолбор сүндэрлэн босож шатрын мэргэжлийн сэтгүүл, сонины тоо гурван зууг аль хэдийнээ давжээ. Олимпийн наадмын хөтөлбөрт шатрын спортыг багтаахын тулд ОУОХ-той нягт хамтран ажиллаж 2018 оны Өвлийн олимпийн наадамд шатрыг үзүүлэх тоглолтын хэлбэрээр хөтөлбөрт нь оруулах асуудлыг ОУОХ-той хэлэлцээ хийж тохиролцоод байна.” гэж онцлон дурджээ. Тус хэвлэлийн бага хурал дээр ФИФА-гийн ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байсныг нь хэрхэн үзэж байгаа тухайн асуухад “Сайтар бэлтгэж байгаа дараагийн ерөнхийлөгчийн төлөө сонгуульд өрсөлдөх бодолтой байна. Манай ФИДЕ-д бүх зүйл шудрага, ил тод байдаг. Би хөлбөмбөгийн олон удирдагч, түшмэдтэй уулзаж санал бодлоо солилцсон, тэд хөлбөмбөгөөс ангид удирдагчийг хүсэж байгааг нь ойлгосон. Намайг нэрээ дэвшүүлбэл дэмжих юм байна гэдгийг ч ойлгосон. Гэхдээ хажуугаас дэгээдэж магадгүй гэдгийг ч мэдэрсэн, би мэдэхгүй тоглоомоор харанхуй тоглож хэн нэгний золиос болохыг хүсэхгүй. ФИФА-гийн ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд өрсөлдөнө гэж шийдээд энэ удаа завсарлага авсан гэх үү дээ, нэрээ дэвшүүлэхийг хүсээгүй. ФИФА-гийн ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн бүртгэлийн сүүлийн өдрийн өглөө УЕФА-гийн Гүйцэтгэх хорооны гишүүдийн нууц бага хурал болж өнөөгийн ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Инфантиног дэмжихээр болсон. Ер нь бол хөлбөмбөгт нууц хуйвалдаан байдаг бололтой. ФИФА нь авилгын балчигт шигдсэн байгууллага болсон юм байна.” гэжээ.
Кирсан Николааевич Илюмжиинов нь ОХУ-ын Халимаг улсын Элиста хотод 1962 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр айлын 3 дахь хөвгүүн болон төржээ. Эцэг нь намын ажилтан, эх нь малын эмч мэргэжилтэй эмэгтэй байжээ. Бизнесмен, англи, япон хэл мэддэг, монгол, хятад, солонгос хэлээр ойлгодог, бүддийн шашин шүтдэг. Оросын төрийн зүтгэлтэн тэрбээр 1993-2005 онуудад Халимаг улсын анхны хийгээд сүүлчийн ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. 2005-2010 онуудад Халимаг улсын Төрийн тэргүүний албыг хашиж байжээ.
Шатрын спортоор дунд сургуульд байх үеэс хичээллэж 14 настайдаа Халимагийн шатрын аварга болж дараа жил нь насан хүрэгчдийн шигшээ багт уригдаж байв. Шатрын спортын мастер цолтой. 1979 онд Элиста хотын № 3 дунд сургуулийг алтан медальтай төгсөж “Звезда” үйлдвэрт слесариар ажиллаж байгаад 1980 онд цэргийн албан татагдаж 2 жил алба хааж байхдаа Умард-Кавказын цэргийн тойргийн шатрын шигшээ багийн тамирчин байжээ. 1982-1989 онуудад Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуульд суралцаж япон судлалын мэргэжил эзэмшжээ. Ангийнхаа дотоод, гадаад хэсэг оюутны матаасаар “олон нийтийн газар согтууруулах ундаа хэрэглэсэн” шалтгаанаар 5 дугаар дамжаанд суралцаж байхдаа сургуулиасаа хасагдсан ч тухайн үеийн ЗХУКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Горбачев, УАХХ-ны дарга В.Чебриков, Гадаад хэргийн сайд Э.Шеварнадзе нарт захидал бичиж коммунист намдаа эргэн элсэж сургуульдаа 8 сарын дараа буцан орж байжээ.
Дээд сургууль төгссөний дараа зөвлөлт-японы хамтарсан “Эко-радуга” үйлдвэрийн захирлын сонгуульд ялж бизнесийн салбарт хөл тавьж 1990 онд анхны 1 сая рублиэ олж байжээ. 1990 онд олон улсын “Сан” корпорацийн ерөнхийлөгч болж Халимаг улсад 15 тэрбум рублийн эргэлтийн хөрөнгөтэй “Степь” арилжааны банк байгуулж 1993 он гэхэд нийтдээ 500 сая ам.долларын эргэлтийн хөрөнгө бүхий нэхмэлийн, зоогийн газрын, зочид буудлын, хэвлэлийн, хүүхдийн бонино хэмжээний киноны гээд 50 орчим арилжааны бүтцийн үүсгэн байгуулагч болсон байжээ.
1990 онд Халимаг улсаас Холбоот Орос Улсын Ардын депутатаар сонгогдож 1993 онд Оросын үйлдвэрлэл эрхлэгчдийн танхимийн ерөнхийлөгч, Халимаг улсын ерөнхийлөгч, ОХУ-ын Холбооны Хурлын гишүүн болж байжээ. 2000 онд Элиста хотын хөлбөмбөгийн “Уралан” клубын ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тус клубын ерөнхийлөгч байхдаа ОХУ-ын өнөөгийн үндэсний шигшээ баг болон “ЦСКА” багийн ахлах дасгалжуулагч Л.Слуцкийг Волгоград хотоос урьж багийнхаа ахлах дасгалжуулагчаар томилж байжээ.
5570 тоот сүүлт одыг Кирсан гэж нэрлэжээ. Эхнэр Данара нь гэрийн ажилтай, хүү Давид нь геологч болохоор Москва хотод дээд сургуульд суралцаж байна. ЗХУ-ын Дээд Зөвлөлийн депутат байхдаа Их мастер А.Карповоос дэлхийн аваргын титмийг нь худалдан авч байжээ. ОХУ-ын Уран сайхны академийн гишүүн, 2012 онд 50 насных нь ойгоор Халимаг улсын Баатар цолоор шагнажээ.
1993 онд Халимаг улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ эрэгтэйчүүд долоо хоног ажиллах ёстой, эмэгтэйчүүд гэртээ сууж хүүхдээд өсгөн хүмүүжүүлж ажил хийхгүй шаардлагагүй гэсэн мөриййн хөтөлбөртөө тусгаж байжээ.
2000 оны гуравдугаар сараас олон улсын "Nostrac" консорциумын Захирлуудын зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байна. НҮБ-ын ЮНИДО, Аж үйлдвэрийн хөгжлийн төвийн ивээл дор 2000 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа NOSTRAC (North-South Transport Corridor) консорциум нь Европ, Персийн булангийн орнууд, Өмнөд Азийн хооронд далайн болон төмөр замын олон улсын тээвэр-жуучлалын үйлчилгээ эрхэлдэг байна. Английн “GIBB Ltd, “Scott Wilson Co”, Environmental Resources Management”, “Bowis Lendlease”, Sinclair Knight Merz”, ХБНГУ-ын “SIEMENS”, “Dornier System consult”, “ETC Transport consult”, францийн “BCEOM”, “SYSTRA”, “SPIE” АНУ-ын “CH2MHILL Intl”, “ICF ECO”, Ирландын “CIE Consult” компаниудтай хамтран ажилладаг, чингэлэгийн 4 мянга орчим талбай, хэдэн мянга галт тэрэгний чирэгч бүхий “NOSTRAC” консорциум нь 2,4 тэрбум ам.долларын төслийг хэрэгжүүлж байна.
Бэлтгэсэн Д.ӨЛГИЙСАЙХАН