Олон улсын шахалт ба С.Зоригийн хэрэг

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

Олон улсын шахалт ба С.Зоригийн хэрэг

-Монголын парламентыг С.Зоригийн хэргээр олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах, улс төрийн намууд хэргийг илрүүлэх хүсэл зориг нэгтэй байгаагаа илэрхийлж хамтарсан мэдэгдэл гаргах, энэ хэргийг илрүүлж чадахгүй байгаагийнхаа төлөө Монголын төр С.Зоригийн ар гэрээс олон нийтийн өмнө уучлал гуйх зөвлөмжийг өгчээ-

Одоогоос 17 жилийн өмнө аравдугаар сарын 2-нд монголчуудыг цочирдуулсан аймшигт хэрэг гарсан нь 1990 оны ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зоригийн амийг хэрцгийгээр бүрэлгэсэн явдал юм. Тухайн үед засгийн эрхийг ардчилсан намуудын эвсэл болох Ардчилсан холбоо барьж байсан. С.Зориг УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын кабинетийн гишүүн байж, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байгаад амь үрэгдсэн. Аль ч улс оронд дэд бүтэц хариуцсан төрийн нэгж хамгийн их анхаарал татдаг, хамгийн их мөнгө эргэлддэг, хамгийн их ашиг сонирхол зөрчилддөг газар байдаг.

Гэрчтэйгээр үйлдэгдсэн энэ хэрэг илрэлгүй 17 жил болж байна. Аймшигт хэрэг гарсан аравдугаар сарын 2 болон С.Зориг агсны төрсөн өдрөөр журмын нөхөд нь хэргийг сануулан даруухан цуглаан хийж, хэвлэлийнхэн ар гэрийнхнээс нь хэрэг хэзээ илрэх талаар асуудаг. Бас 2000 оноос хойш парламентын сонгууль болгоны өмнө нэр дэвшиж буй улстөрч болон улс төрийн намуудын зүгээс С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэсэн амлалт сонсогддог. Энэ жилийн аравдугаар сарын 2 мөн л өмнө байсан дэгээр өнгөрсөн.

Гэтэл хоёр долоо хоногийн өмнө тухайн үеийн хэргийн ганц гэрч Д.Булганыг баривчлан саатуулсан гэсэн мэдээллийг ЦЕГ-аас баталсан. Харамсалтай нь баривчлан саатуулсан гэдгээс өөр тайлбарыг ЦЕГ өгөөгүй юм. Д.Булганы баривчилгаа тойрон хэвлэлүүд янз янзаар мэдээлсээр байна. Тухайн үедээ Д.Булган санаатай буруу мэдээлэл өгсөн гэсэн таамаг хамгийн их явж байна. Тухайн үед эрэгтэй, эмэгтэй хүн гэсэн мэдүүлгийг Д.Булган өгч байсан. Харин энэ удаад хоёр эрэгтэй хүн байсан гэж мэдүүлэн, энэ мэдүүлгийн дагуу хоёр эрэгтэй хүнийг Эрдэнэт хотоос баривчлан нийслэлд авчирсан гэсэн мэдээлэл гарсан. Хамгийн сүүлд Д.Булганыг хар тамхины хэргээр баривчилсан гэсэн мэдээлэл ч цацагдаад амжлаа. Гэсэн ч эдгээр таамгийг мухарлаж, баталгаажуулсан зүйл байхгүй байгаа юм. Тиймээс ч энэ нь ээлжит сонгуулийн өмнөх шоу гэж хардах хүмүүс ч байна.

Гэтэл үнэндээ учир шалтгаан өөр зүйлд байжээ. Энэ тухай англи хэл дээр өнгөрсөн жилээс эхлэн хэвлэгдэж байгаа “The Mongolian Observer” сэтгүүлийн сүүлийн дугаарт /23/ нийтэлснээр энэ оны аравдугаар сарын 21-нд Олон улсын парламентын холбооны /ОУПХ/ Женевт болсон 197 дугаар чуулганы үеэр хуралдсан холбооны Удирдах зөвлөл С.Зоригийн хэргийг эцэслэн шийдэх нь зүйтэй гэсэн шийдэлд санал нэгтэй хүрсэн юм байна. ОУПХ-ны Удирдах зөвлөл С.Зоригийн хэргийн талаар шийдвэр гаргасан нь ганц энэ биш. Хэрэг гарсан цагаас хойш байнга ОУПХ-ны анхаарлын төвд байсаар ирсэн хэрэг юм. Харин энэ жил илүү хүч чармайлт гарган ОУПХ-ны Хүний эрхийн хорооны төлөөлөгчдийг өнгөрсөн есдүгээр сарын 16-19-нд Монгол руу илгээжээ. ОУПХ-ны төлөөлөгчид Улаанбаатарт ирээд парламент болоод Засгийн газрын гишүүд, улс төрчид, хууль хяналтын байгууллагынхан, мөн ар гэрийнхэнтэй уулзсан байна. Монголын талын уулзсан хүмүүс энэ хэрэг илрэхгүй удаж байгаад сэтгэл зовинож байгаагаа илэрхийлж энэ хэргийг илрүүлэлтэд ахиц гаргахаа илэрхийлцгээсэн гэдгийг ОУПХ холбоо онцолсон байна.

Мөн есдүгээр сард ирсэн баг Монголын парламентыг С.Зоригийн хэргээр олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах, улс төрийн намууд хэргийг илрүүлэх хүсэл зориг нэгтэй байгаагаа илэрхийлж хамтарсан мэдэгдэл гаргах, энэ хэргийг илрүүлж чадахгүй байгаагийнхаа төлөө Монголын төр С.Зоригийн ар гэрээс олон нийтийн өмнө уучлал гуйх зэрэг зөвлөмжийг өгсөн юм байна.

Хэргийг илрүүлэхийн тулд авч байгаа арга хэмжээ, үйл явцын талаарх тайланг 2016 оны гуравдугаар сард хуралдах ОУПХ-ны Удирдах зөвлөлийн дараагийн хурлаараа авч хэлэлцэх аж.

Энэ бүхнээс үзэхэд үнэхээр С.Зоригийн хэргийг илрүүлэх ажил эрчимжиж, Монголын тал ахиц гаргаж байна гэж найдаж байна. УИХ-ын зарим нэг гишүүн “С:Зоригийн хэрэг удахгүй илэрнэ” хэмээн жиргэсэн нь ч бий.

Монголын парламент ОУПХ-ны ажилд идэвхтэй оролцдог, жил бүрийн чуулганд төлөөлөгчөө илгээдэг. Энэ оны аравдугаар сард Женев хотноо болсон 133 дугаар ассамблейд УИХ -ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В. Пүрэвдорж, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг гэсэн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцжээ. 133 дугаар ассамблей нь "Шударга, ухаалаг, хүмүүнлэг шилжилт хөдөлгөөний  төлөөх ёс суртахууны болон эдийн засгийн хариуцлага" ерөнхий сэдвийн доор нэгдсэн хэлэлцүүлэг явуулж, "Терроризм: Ардчилал ба хүний эрхэнд учирч буй заналхийллийн эсрэг дэлхий нийтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгцээ шаардлага", “Цахим эрин дэх ардчилал ба хувийн нууцлал, хувь хүний эрх чөлөөнд тулгамдаж буй асуудлууд", "Хүн төрөлхтөний биет болон биет бус соёлын өвийг устгах, сэвтээхээс найдвартай хамгаалах, сэргийлэх үйл хэрэг”  сэдвээр салбар хуралдаан хийсэн юм байна.

Д.НАРАНТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж