Л.Эрдэнэчимэг: 40 гишүүн жинхэнэ эх орончид

Хуучирсан мэдээ: 2015.11.25-нд нийтлэгдсэн

Л.Эрдэнэчимэг: 40 гишүүн жинхэнэ эх орончид

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.


-Та “Тавантолгой нүүрсний ордыг ашиглах УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсрууллаа. Засгийн газрын саналыг авахаар өргөн мэдүүллээ” гэдгээ мэдээлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Засгийн газраас саналаа хэзээ ирүүлэх бол. Танд мэдээлэл байна уу. УИХ-д төслөө хэзээ өргөн мэдүүлэх юм бэ?

-Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслөө бид арваннэгдүгээр сарын 2-нд Засгийн газарт хүргүүлсэн, 20 гаруй хонож байна. Хуульд зааснаар Засгийн газар төслийг дэмжиж байгаа эсэх асуудлаар нэг сарын дотор багтаан хариу өгөх ёстой. Хариу өгөнгүүт хуулийн төслөө УИХ-д өргөн барина.

-Тавантолгой төслийг дэмжиж 40 гишүүн гарын үсэг зурсан нь хэр баталгаатай вэ. Доторх агуулгыг нь юу болохыг мэдэлгүй дэмжээд гарын үсэг зурчихсан гишүүн хэд бий гэнэ. Зарим нэгийг нь хүчээр зуруулчихсан юм биш үү гэх яриа гараад байна?

-Тогтоолын төслөө тайлбарлаж, саналыг нь авалгүй яах юм бэ. Гар, хөлийг нь хүлж санал авдаг юм биш шүү дээ. Ийм яриа бол дэгсдүүлэг, бидний боловсруулсан Тавантолгой төслийг гутаах гэсэн л оролдлого. Төслийг дэмжиж гарын үсэг зурсан 40 гишүүнийг би жинхэнэ эх оронч гэж хэлнэ. Тэд сонгогдсон тойргийнхоо иргэдийн эрх ашгийг хамгаалж гарын үсэг зурсан. Тавантолгой ордыг үнэгүйдэхээс бас хамгаалсан.

Тавантолгой төслөө боловсруулахад процесс нь яаж явсныг яръя. Өнгөрсөн хаврын чуулганаас хойш гурван сарын хугацаанд тогтоолын төсөл боловсруулж гишүүдтэй нэгбүрчлэн уулзаж, гэрээний тухай дүгнэлтээ тайлбарлаж, тогтоолын ач холбогдлыг ярьсны эцэст 40 гишүүн нэгдэж гарын үсэг зурсан. Бид олонх бүрдүүлэх гэж нэлээн ажил болсон. Ингэхгүй бол боловсруулсан Тавантолгой төсөл маань УИХ-аар хэлэлцэгдэхэд цөөхөн гишүүний дэмжлэг хүлээж батлагдахгүй болчихвол Засгийн газрын боловсруулсан Тавантолгойн гэрээ хуучин хэлбэрээрээ цаашаа явах боломжтой болно. Одоо бол 40 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан учраас УИХ дээр батлагдчих боломжтой гэж найдаж байна.

-Гэхдээ Засгийн газар та бүхний боловсруулсан төслийг дэмжихгүй гээд саналаа өгвөл яах вэ. Мөн санал ирүүлэхгүй бол?

-Хэрвээ Засгийн газар хуулийн хугацаанд санал өгөхгүй бол бид Тавантолгой төслөө УИХ-д шууд барина.

-Төслийг дэмжиж гарын үсэг зурсан 40 гишүүнээс хэд нь сайд нар байгаа вэ. Бүлгийн гишүүд тань дэмжиж байгаа юм уу?

Тогтоолын төслийг дэмжиж гарын үсэг зурсан баримт интернэтэд тавигдсан. Тэндээс тодруулаад харчих боломжтой. Сайд нарын тухайд зарим нь Засгийн газрын гишүүнээрээ томилогдохоосоо өмнө дэмжиж гарын үсэг зурсан байдаг. Ихэнх сайд нар гарын үсэг зурсан. Ялангуяа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн сайд нар. Парламентад суудалтай бүхий л намын төлөөллийн гишүүдээс тодорхой хэсэг нь дэмжиж гарын үсэг зурсан байгаа.

-Тавантолгой төсөлд биелэхэд амаргүй заалтууд тусгагдсан. Жишээ нь, шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” компани эзэмших нь зүйтэй. Тавантолгой ордыг ашиглах гадна, дотнын хөрөнгө оруулагчтай хамтран байгуулах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” компани эзэмшинэ гэх мэт. Төмөр замд төр хувь эзэмшсэнээр түүндээ таарсан хөрөнгө гаргах болно. Эх үүсвэрийг нь хаанаас гаргах юм бэ. Тийм боломж Монголд байгаа юм уу, байхгүй шүү дээ?

Төмөр замын 51 хүртэл хувийг Монголын тал өөрсдөө гаргах шаардлагатай гэж би харж байгаа. Төмөр зам маш их ашигтай, яагаад гэвэл 9 жилийн дотор ашгаа буцаагаад нөхчих төсөл юм. Эх үүсвэрийг Чингис, Самурай бонд босгосонтойгоо адилхан бий болгоод энэ төслийг санхүүжүүлэх боломжтой. Эсвэл гадаадын банкаас урт хугацаатай зээл авах боломж бий. Ашигтай төсөлд гадаадын маш олон банк урт хугацааны зээл олгох сонирхолтой байдаг. Тийм ч учраас 267 км төмөр замыг гадаадын 4 банк санхүүжүүлнэ гэдэг гэрээний үндсэн дээр анх эхэлж байсан. Санхүүжүүлэх тал хангалттай бий. Тэгэхээр Монгол Улс төмөр замд ногдох 51 хувийн хөрөнгө оруулалтаа 100 хувь хийхдээ гадаадын банкуудаас зээл авч шийдэх боломжтой. Үүн дээр зөвхөн Монгол Улсын өрийн тааз л яригдана. “Эрдэнэс тавантолгой”-н 51 хувь дээрээ бид өөрсдөө хөрөнгө босгох бүрэн боломжтой. Тэр тусмаа дотоодын хөрөнгө оруулагчдыг ч татан оролцуулах боломжтой.

Ер нь бол гол хөрөнгө оруулалт төмөр замд байгаа болохоос биш Тавантолгойн ордод нэг их хөрөнгө шаардахгүй. Нүүрсийг олборлоно, угаана, тэгээд ачиж экспортолно. Сайншандын цогцолбор баригдах юм бол тийшээ ачина, урд хөрш рүү экспортлох эсвэл хойд хөрш рүү экспортлоно. Угаах үйлдвэр баригдах, цахилгаан станц баригдахад хөрөнгө оруулалт шаардана. Ухаа худагт баригдсан угаах үйлдвэр 250 сая ам.доллараар үнэлэгддэг. Тэгэхээр 500 тэрбум төгрөгийг дотоодын хөрөнгө оруулагчид ч гаргах боломжтой. Санаж байгаа бол “Монгол 999” гэдэг корпораци үүсээд явж байсан даа. Эсвэл гадаадын банкаас авах урт хугацааны зээлээр ч босгож болно.

“Эрдэнэс тавантолгой” компани 51 хувиа зайлшгүй эзэмших ёстой гэдгийг тогтоолд тусгаснаас хойш “Хаанаас 51 хувийн хөрөнгө оруулалтыг олох юм бэ” гэж яриад байгаа нь энэ тогтоолын төслийг батлуулахгүй байх бас нэг арга саамын нэг л гэж харж байна.

-Та зээл авч төмөр зам барихаас аргагүй тухай хэллээ. УИХ-аас Өрийн удирдлагын тухай хуулийг батлахдаа энэ онд өрийн тааз ДНБ-ийн 58.3 хувиас хэтрэх ёсгүй. Ирэх онд ДНБ-ийн 55 хувиас хэтрэх ёсгүй гэж заасан санагдаж байна. Тавантолгой төсөлтэй холбоотойгоор гаднаас зээл авна гэж үзвэл улсын өрийн тааз хэд болж нэмэгдэх юм. Та бүхний гаргасан судалгаа юу байна?

Цаашид улсын өрийн таазыг нэмэгдүүлэх шаардлагатай. Өрийн таазыг зайлшгүй ярьж таарна. Яагаад гэвэл төмөр замаа зээлээр барьсан нөхцөлд маш хурдан хугацаанд эргэн нөхөгдөнө. Төмөр замаа барьж байж Аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж орд ашиглах тухай ярих ёстой. Дэд бүтцээ шийдээгүй байж уул уурхайгаа ашигласнаар өртөг нь өндөр тусдаг, өрсөлдөх чадваргүй болгодог. Төмөр замтай байсан бол хамгийн хямд үнээр уул уурхайн бүтээгдэхүүнээ хойд, өмнөд хөрш рүү гаргах боломж байсан. Тэгэхээр өрийн тааз өсөх нь гэж айхгүйгээр тодорхой хугацаанд дэд бүтэц рүүгээ хөрөнгөө оруулах шаардлагатай гэж харж байгаа.

-Өрийн таазыг өсгөлөө ч манайд зээл олгох газар олдох юм уу?

Монголын дэд бүтцэд хөрөнгө оруулах сонирхол олон талд бий. Жишээлбэл, Хятад улс Азийн дэд бүтцийн хөгжлийн банк байгуулсан. Түүнд 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд Азийн маш олон орнуудад дэд бүтцийн зээлийг өгч эхлэх гэж байна. Энэ дотор Монгол Улс багтсан. Тавантолгойн төмөр зам ч гэсэн “Шинхуа”-гаар дамжиж эндээс санхүүжилт авахаар байгаа. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ айлчлал хийх үеэрээ Монгол Улсын дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Япон улс мөн Азийн хөгжлийн банкаар дамжуулан 120 тэрбум ам.долларыг Азийн дэд бүтэц рүү оруулах сонирхолтой. Монгол Улсад 1-2 тэрбум ам.долларын зээл өгөхөд асуудалгүй нь харагдаж байгаа. Бид ийм сайхан боломжийг ашиглах хэрэгтэй. Японы, Хятадын урт хугацаат зээлийг төмөр зам руугаа оруулаад 2 жилийн дотор хөндлөн болоод урагшаа гарах төмөр замаа барих бүрэн боломж харагддаг.

-Төмөр зам барих асуудал яригдах бүрийд цариг нь нарийн байх уу, өргөн байх уу гээд хэрүүл дэгддэг. Та үүнд ямар байр суурь барьдаг вэ?

-Энэ бол надаас хамаарахгүйгээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, УИХ-аас баталсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тодорхой заагаад өгчихсөн асуудал. Тавантолгойн ордоос урагш чиглэх төмөр зам нарийн царигаар, хөндлөн чиглэл нь өргөн царигаар гээд аль хэдийнэ тогтсон. Энэнийхээ л дагуу баригдана.

-Олон нийтийн байр суурь. УИХ-аас байгуулагдсан Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Тавантолгой төслийг Засгийн газарт буцааснаас болоод хөрөнгө оруулагчид Тавантолгойг тоохгүй боллоо. Дахиад санал тавихад хэцүү, илүү муутгасан хувилбараар хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулж болзошгүй гэж харж байна. Нүүрсний зах зээл бас хумигдаж байна. Дэлхийн эдийн засгийн прогнозыг харахаар Хятад улс нүүрсийг түүхийгээр импортлох сонирхол буурлаа. Түүнийг дагаад Тавантолгойн нүүрсний үнэлэмж нь буурах юм биш байгаа?

Нүүрсний зах зээл эрс уналттай байгаа. “Эрдэнэс тавантолгой” компани коксжих нүүрсээ одоо 1 тонныг нь 27-28 ам. доллараар зарж байна. Оргил үедээ нэг тонн нь 150 ам.доллар хүрч байсан. Энэ бол биднээс үл хамааралтай, угаасаа дэлхийн зах зээл дээрх үнийн уналт. Хятадын эдийн засгийн уналттай ч холбоотой.

Ер нь Тавантолгойн гэрээ нүүрсний зах зээлийн уналттай үеэр орж ирсэн. Энд бас хардалт төрж байгаа. Нүүрсний зах зээл унаж байгаа үеийг ашиглаж Тавантолгойг өөрийн болгох гэсэн бодлого явж байх талтай. Нүүрсний зах зээл тодорхой хугацааны дараа сэргэнэ. Магадгүй 2-3 жил ч болж мэднэ. Хэрвээ бид нүүрсний үнийн уналтын үеэр М.Энхсайхан сайдын өргөн барьсан Тавантолгой төслийг УИХ-аар батлаад явуулсан бол Тавантолгойгоо 60 жилээр тавиад туух байсан. 60 жилийн дараа энэ ордоос юм үлдэх эсэхийг би хэлж мэдэхгүй байна.

Яагаад гэвэл, уг төсөлд 60 жилийн хугацаанд бид 2-хон хувиа авч үлдээд 98 хувиа гаргах тухай заасан байсан. Дээрээс нь улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө орж ирэх байсныг зогсоолоо гэж ярьдаг. Гэтэл улсын төсөвт 240 сая ам.доллар орж ирэхээр гэрээнд тусгагдсан байсан ч 4.5 хувийн хүүтэй зээл байсан. Өөрөөр хэлбэл, нүүрсээ гаргахдаа урьдчилж авах хүүтэй зээл. Гэрээ байгууллаа ч нүүрсээ зах зээлд байгаа үнээр л зарна. Одоогийн ханшаар буюу 27-28 ам.доллараар л зарагдана.

Тийм учраас эхний төсөл бол төмөр зам болон Тавантолгойн том ордыг нүүрсний уналтаар далимдуулан үнэ цэнийг нь бууруулж өөрийн болгох гэсэн санаархал явж байсан гэж би хардаж байгаа.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж