-“Монгол наадам” цогцолборын талбайг 13 мянган га-гаар тогтоолоо-
Долоо хоног бүрийн Даваа гаригт болдог Засгийн газрын хуралдаанд хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар Ерөнхий сайдын Хэвлэлийн зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.
Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын асуудлыг өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
2015 оны тавдугаар сард Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д айлчлах үеэр АНУ-ын MIC industries корпорацийн төлөөлөгч уулзаж бүтээгдэхүүнээ танилцуулсан. Тус корпораци нь дэлхийн 70 гаруй оронд бүтээгдэхүүн нийлүүлэхээс гадна Засгийн газрын төлөөлөлтэй харьцаж бүтээгдэхүүнээ нийлүүлдэг үйлдвэр юм. Мөн үйлдвэрийн араас хяналт тавьж, дагалдан үйлчилгээг үзүүлдэг байна. Ялангуяа өргөн уудам нутагтай, тархай бутархай суудаг манайх шиг оронд тус үйлдвэрийн тусламжтайгаар барилга байгууламж барьж ирсэн байна. Иймд Ерөнхий сайд энэ асуудлыг судлахыг Батлан хамгаалах яамны харьяа “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгасан байна. Ингэхэд тус хөдөлгөөнт цогцолбор нь нэг өдөрт 1000 м2 талбай бүхий барилга барьдаг, бүтээгдэхүүний үнэ харьцангуй хямд, хамгийн сүүлийн тоног төхөөрөмж ашигладаг учир хөрвөх чадвар сайтай учир батлан хамгаалах салбарт авч ашиглах нь тохиромжтой юм байна гэж үзсэн. Өнөөдөр тус салбарт 2200 гаруй барилга байгууламж ашиглагдаж байгаа ч хуучирч элэгдээд байгаа юм. Тухайлбал, нийт барилга байгууламжийн 50 гаруй нь 30-80 жилийн насжилттай гэдгийг тогтоосон. Тиймээс өнөөдөр мөрдөгдөж байгаа зах зээлийн ханшаар бол 48х24 м2-ийн талбай бүхий соёл спортын танхимыг барихад 1,3 тэрбум төгрөг шаардлагатай, хөдөлгөөнт цогцолбороор барихад 300 сая төгрөгт багтаан барих боломжтой гэсэн судалгаа гарсан байна. Мөн нийт 329 сумын төвийн барилгууд насжилт өндөртэй эсвэл маш их хэмжээний завсар шаардагдахаар байгаа. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон гээд олон шаардлагын улмаас барилгуудыг солих, шинэчлэхээр болоод байгаа юм. Тэгэхээр хөдөлгөөнт цогцолборын хүрээнд сум суурин газруудад барилга барих ажлыг өрнүүлэх бололцоотой гэж Засгийн газрын гишүүд үзэж байсан. Энэхүү төсөлд нийт 9 сая ам.доллар шаардлагатай. Үүний 85 хувийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас баталгаа гаргаад АНУ-ын “ЭКСИМ” банкнаас санхүүжүүлэхээр болжээ. Үлдсэн 15 хувьд нь Засгийн газраас баталгаа гаргаад Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх шийдвэр гаргаж Сангийн сайд Б.Болор, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгосон байна. Барилгын түүхий эд, гол материалыг АНУ, Европын холбооны улс, Япон, Солонгос, Хятад, Энэтхэг улсаас авах боломжтой. Иймд туслах материал нийлүүлэх зах зээл хангалттай байна гэж Засгийн газар шийдвэрлэжээ.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, АМРАЛТЫН ЦОГЦОЛБОР БОЛГОХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЖЭЭ
Мөн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргасан байна. Тодруулбал СХД-ийн 1400 га, Төв аймгийн Аргалант суманд 12 мянган га нийтдээ 13 мянга га газрыг Монгол наадам Төрийн өмчит цогцолборт олгож, хилийн цэс тогтоох шийдвэр гаргажээ.
Анх Хүннү гүрний үед МЭӨ 1-2 дугаар зуунд Монгол наадам үүссэн гэж судлаачид үздэг. Тухай үед нутаг дэвсгэрээ хамгаалах үүднээс морь унах, бөх барилдах, сур харвах гэсэн гурван чадварыг зайлшгүй эзэмших ёстой гэж сургадаг байсан. Энэ нь сүүлдээ баяр, цэнгэл наадам болж хувирсан байна.
Монгол наадам цогцолбор Үндэсний их баяр наадмаар хязгаарлагдахгүй нийслэлийн баруун хойд хэсэгт оршдог, аялал жуулчлалын том бүс болгох хөгжүүлэх ёстой. Зөвхөн зун наадмын үеэр биш бусад улиралд олон төрлийн спортын тэмцээн, нүүдэлчдийн ахуй соёлыг сурталчилсан арга хэмжээнүүдийг тогтмол явуулдаг, аялал жуулчлал, амралтын цогцолбор болгох нь зүйтэй гэж үзэж байгаа.
Хамгийн сүүлд 1921 онд Ардын хувьсгал ялж, анхны томоохон наадмыг Буянт-Ухаад хийсэн байна. Үүнийг цэргийн наадам гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. 1958 онд анх удаа 15 мянган хүний суудалтай Төв цэнгэлдэх хүрээлэн баригдсанаар наадам хийж эхэлжээ. Тэр үед Улаанбаатар хотын хүн ам 100 мянга байсан. Гэтэл 1980 он гэхэд Монгол Улсын хүн амын тоо 1.8 сая болж, нийслэлд амьдарч буй иргэдийн тоо 1.1 сая гаруй болсон. 2014 оны байдлаар нийслэлд 1.3 сая хүн амьдарч байна. Энэ нь Монгол Улсын хүн амын 44 орчим хувь юм. Ийм нөхцөлд 1.3 сая хүн амд 15,000 мянган хүний суудалтай Төв цэнгэлдэхээ харьцуулаад үзэхээр нийслэлд оршин сууж буй иргэдийн зөвхөн нэг хувь нь баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдаан үзэх боломжтой байгаа юм. Тийм учраас 2013 онд УИХ-ын 23 дугаар тушаалаар Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг баталсан. Үүний дагуу НИТХ-аас “Монгол наадам” цогцолбор ТӨҮГ-ыг байгуулж ажиллуулсан. Сүүлийн хоёр жилд нэлээд хэдэн ажлыг энэ байгууллагаас хийсэн. Үүнд Хүй долоон худагт хоёр км автозам тавьсан, дээр нь 5,000 хүний суудалтай үзвэрийн танхим, 4,600 автомашины парк, морь гарах зурхайн хашаа зэргийг барьж байгуулсан. Газар нутгийг нь шийдээд өгчихвөл энэ цогцолбор цаашдаа өргөжих боломжтой. Шаардлага хангахуйц хэмжээний цэнгэлдэх хүрээлэн барих, морь, сурын асар, зочид буудал, жуулчны отог гээд олон зүйлийг барихаар төлөвлөж байгаа учраас газар нутгийг нь шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Нэг зүйлийг нэмж хэлэхэд Үндэсний их баяр наадмаар хязгаарлагдахгүй нийслэлийн баруун хойд хэсэгт оршдог, аялал жуулчлалын том бүс болгох хөгжүүлэх ёстой. Зөвхөн зун наадмын үеэр биш бусад улиралд олон төрлийн спортын тэмцээн, нүүдэлчдийн ахуй соёлыг сурталчилсан арга хэмжээнүүдийг тогтмол явуулдаг, аялал жуулчлал, амралтын цогцолбор болгох нь зүйтэй гэж үзэж байгаа.
Т.ДАВААНЯМ