Энэ жилийн үндэсний их баяр наадам Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жил зэрэг түүхэн ойтой давхцаж буй. Тийм ч учраас өмнөх жилийн наадмуудаас өргөн дэлгэр тэмдэглэхээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо ажилдаа оржээ. Нийслэлчүүд баяр наадамд 1.3 тэрбум төгрөг зарцуулахаар батлуулж, эхнээсээ салбар хорооддоо хуваарилаад байгаа аж. Баяр наадмыг зохион байгуулах хороо есөн салбар хороотой юм байна. Тус хороо энэ оны эхнээс баяр наадмыг зохион байгуулах талаар зургаан удаа хуралдаж, салбар хорооддоо үүрэг чиглэлээ өгчээ.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын төсөв урьд өмнөхөөс нэмэгдсэн нь үндэсний бөх, хурдан морь, сур, шагайн харвааны бай шагналын сан нэмэгдсэнтэй холбоотой аж. Тухайлбал өмнөх жилүүдэд түрүүлсэн бөх хоёр сая төгрөгийн мөнгөн шагнал хүртдэг байсан бол энэ жилээс 15 сая болгон нэмжээ. Цаашид ч тийм байх гэнэ. Харин түрүүлсэн морины эзнийг өмнө нь 600 мянган төгрөгөөр шагнадаг байсан бол одоо таван сая болж нэмэгджээ. Түрүүлсэн бөх, хурдан морины бай шагнал өсөхийн хэрээр бөхчүүдийн давааны мөнгө, хурдан морьдын бай шагналын мөнгө нэмэгдэх юм байна. Харин 300 мянган төгрөгийн урамшуулалтай байсан сур, шагайн харваанд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй харваачид тус бүр дөрвөн сая төгрөгийн мөнгөн шагналтай болжээ.
Баяр наадмыг зохион байгуулах хороо “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн орчин тойрныг “Нарантуул” захтай адил болгохгүйн тулд энэ жил зөвхөн нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх 500-600 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохоор хатуу тохирчээ. Өмнөх жилүүдэд шүхэр, нүдний шил, бэлэг дурсгалын зүйлсийн худалдаанд зөвшөөрөл олгож байсан нь эмх замбараагүй байдал үүсгэж, худалдаачдаар дүүрэхэд хүргэдэг. Тиймээс энэ жил зөвшөөрөлгүй бараа, хувцас зарсан тохиолдолд хатуу арга хэмжээ авахаа Зохион байгуулагчид онцгой анхааруулж байна.
“Төв цэнгэлдэх хүрээлэн” 12680 хүний суудалтай. Эдгээр суудлын 50 хувийг сүүдрэвчтэй хэсэг эзэлдэг. Энэ жилийн наадмын тасалбар сүүдрэвчтэй хэсэг нь 24 мянган төгрөгийн үнэтэй бол сүүдрэвчгүй хэсэг нь 13-15 мянган төгрөг байх ажээ. Жилийн жилд тасалбар авсан хэрнээ наадмын нээлтийг үзэж чадахгүй үлдэх тохиолдол гардаг. Энэ байдлыг таслан зогсоохын тулд энэ жилээс бүх суудлыг дугаарлах юм байна. Баяр наадмын нээлтийн ажиллагааны тасалбарыг ирэх долдугаар сарын эхээр хэвлэж, зарах аж. Дашрамд дуулгахад, энэ жил Төв цэнгэлдэхэд наадам үзэхээр ирсэн 5-аас дээш насны хүүхдүүдийг заавал тасалбартай байхыг шаардаж байгаа аж. Үнийн хувьд том хүнтэй адил буюу 13-24 мянган төгрөг байх юм. Суудлын багагүй хэсгийг хүүхдүүд эзэлж, тасалбар авсан хүмүүс орох боломжгүй болдогтой холбоотойгоор Зохион байгуулагчид ийм шийдвэр гаргажээ.
Энэ жилийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд авто машины А, Д, Ж, Б, Ү, цэнхэр М, улаан М, Г гэсэн найман төрлийн автомашины зогсоол ажиллуулах юм байна. Төрийн өндөр албан тушаалтнууд, жуулчид, Элчин сайдын яамдуудын машин 20 мянган төгрөгийн үнэтэй А, Д, Ж зогсоолд зогсох бол 15 мянган төгрөгийн Б зогсоолд төрийн болон төрийн бус байгууллагын машин орох эрхтэй аж. Харин 10 мянган төгрөгөөр зөвшөөрлийг нь авах Ү, цэнхэр М зогсоолд үйлчилгээ эрхлэгчдийн машин зогсоно. Мөн 3000-8000 төгрөгийн үнэтэй улаан М, Г зогсоолуудад наадам сонирхогч иргэдийн машиныг зогсох боломжтой гэж үзсэн байна. Улаан М зогсоолын зөвшөөрлөөр “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн ойролцоох талбайд орохгүй бөгөөд зөвхөн Хүй долоо худаг явах машинд олгох ажээ. Автомашины зогсоолын зөвшөөрлийг ирэх сарын эхээр хэвлэж, Замын цагдаагийн газраар дамжуулан тараахаар төлөвлөж байна. Гэхдээ тухайн үед ЗЦГ болон дүүрэг гэхчлэн хаанаас авах боломжтойг нь илүү тодорхой болгон, нийтэд зарлах ажээ.
Үндэсний их баяр наадмыг сурвалжлах гадаад, дотоодын сэтгүүлч, сурвалжлагчдын мандатны үнэ өмнөх жилээс өсөөгүй байна. Дотоодын хэвлэлийнхэн баяр наадмыг сурвалжлахын тулд 15 мянган төгрөг төлөх бол гадаадын сурвалжлагчид 100 ам.доллараар эрхийн бичиг авч, Монголын үндэсний их баяр наадмыг сурвалжлах ажээ. Одоогийн байдлаар нэг байгууллагаас хэдэн сэтгүүлч, зурагчин, зураглаач баяр наадмыг сурвалжлах нь тодорхойгүй байна.
Баяр наадмыг тойрсон асуудал үүгээр дуусахгүй. Нийтийн бие засах газар шинээр байрлуулах, Төв цэнгэлдэх хүрээлэн хүрэх шууд чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хуваарь гаргах зэрэг шийдэх ёстой олон ажлууд бий. Эдгээр асуудалд хариуцлагатайгаар бэлтгэхийг хариуцсан салбар хороодод нь даалгасан гэж Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан хэллээ.