Хонгконгчууд нойрноос сэрэв

Хуучирсан мэдээ: 2015.11.24-нд нийтлэгдсэн

Хонгконгчууд нойрноос сэрэв

Ардчиллын төлөөх оюутны жагсаалаас хойш анх удаа Хонгконгод бүх нийтийг хамарсан сонгууль явагдлаа. Хонгконгийн 18 дүүргийн зөвлөлд 431 суудлын төлөө 900 гаруй хүн өрсөлдсөн сонгууль ням гаригт /XI.22/ болов.

 

 

Сонгуульд ардчиллын төлөө тэмцэгч “Шүхэрт хөдөлгөөн” багахан боловч чухал ялалт байгуулжээ. Дүүргийн сонгуулийн сонгогчдын ирц 47 хувьтай гарсан нь хонгконгчуудын идэвх сэргэснийг харуулж байгаа аж.

 

 

Хонгконгчууд өнгөрсөн жилийн гудамжны жагсаалаас өмнө дүүргийн сонгуульд ийм идэвхтэй оролцож байгаагүй гэнэ. “Шүхэрт хөдөлгөөн үнэхээр хүмүүсийг сэрээж чаджээ. Хүмүүс өмнө нь дүүргийн сонгууль, улс төр, саналаа өгөх зэрэгт төдийлөн анхаарч байгаагүй” хэмээн ардчиллын төлөө тэмцэгч оюутнууд ярьж байна. Бүх нийтийг хамарсан энэ мэт сонгууль ирэх 2017 оны ерөнхийлөн захирагчийг сонгох маргаан дагуулсан сонгуулийн өнгө төрхийг тодорхойлохоороо онцлог юм.

 

Хонгконгийн шүхэрт бослого

 

 

Хонгконгийн олон мянган оюутан залуус 2014 оны есдүгээр сард Бээжингээс сонгуулийн бүрэн эрхийг шаардан гудамжид жагссан юм. Хятад 2017 онд Хонгконгод сонгуулийн бүрэн эрх олгохоо амласан ч нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах ёстой гэсэн болзол тавьсан аж. Үүнийг эсэргүүцсэн ардчиллын төлөө үзэл бодолтой оюутан залуус олон хоног гудамжид суулт хийж, жагсаал хийсэн нь олон улсын анхаарлыг татаж, Бээжингийн эрх баригчдад багагүй асуудал болсон юм.

 

 

Цагдаа нарын нулимс асгаруулагч хий, перцтэй цацлаганаас борооны шүхрээр халхалсан жагсагчид Хонгконгийн ардчиллын төлөөх “Шүхэрт жагсаал” нэрийг авсан юм. “Нэг улс, хоёр систем” гэсэн Хятадын бодлого дор Хонгконг нь хязгаарлагдмал ардчилалтай. Жил ирэх бүр Бээжингийн бодлогоор гаргаж ирсэн Хонгконгийн удирдлагууд Хятадтай харилцаагаа бэхжүүлэх замаар нөлөөлийг нэмэгдүүлж байгаа нь асуудлын гол зангилаа аж.

 

 

Хонгконгийн “Шүхэрт жагсаал” бол  1989 оны Тян Ань Миний бослогоос хойшхи Бээжингийн улс төрийн бодлогын эсрэг хамгийн том сорилтуудын нэг хэмээн ажиглагчид дүгнэж байв. Түүнчлэн 1997 онд Хятадын харьяанд дахин шилжсэнээс хойш Хонгконгод Бээжингийн эсрэг ийм өргөн хүрээг хамарсан бослого гарч байсангүй.

 

Б.АНХТУЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж